Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Аймаг, нийслэлийн засаг дарга нартай уулзаж хэлсэн үг,өгсөн үүрэг даалгавар

Нийтэлсэн: - 2010/04/16 19:11 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Аймаг, нийслэлийн засаг дарга нартай уулзаж хэлсэн үг,өгсөн үүрэг даалгаварТа бүхний өдрийн амгаланг айлтгая.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит гуравдахь удаагийн сургалт, семинарын үеэр манай Орон нутгийн удирдлагын хэлтэс цаг үеийн асуудлын талаар Та нөхөдтэй Засгийн газрын зарим гишүүнийг уулзуулах арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ уулзалт, ярилцлагын гол зорилго нь аймаг, нийслэлийн Засаг дарга Та нөхөд өнгөрч буй өвөл болон энэ хавар өөрсдийн аймаг, орон нутагт байдал ямар байгаа,  анхаарах асуудлаар аймаг бүрийн товч мэдээллийг сонсож, цаашид бидний хамтарч хийх ажлыг уялдуулахад чиглэх юм. Иймд оршил болгон цөөн зүйлийг мэдээлье.

Манай улсын хувьд энэ жил олонхи аймгийн нутагт цас олон удаагийн давтамжтай их хэмжээгээр орсон, ойрын жилүүдэд тохиолдоогүй эрс хүйтэрсэн хүндхэн өвлийг туулж, хавартай золгож байна. Өнгөрөгч зун зуншлага муу байсан тул Засгийн газраас аймгуудад зориуд ажлын хэсэг томилон гангийн зэрэглэлийг тогтоох, өвөлжилтөд эртнээс бэлтгэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажилласныг Та бүхэн мэдэж байгаа. Та бид хамтдаа цаг агаар хүндэрч эхэлсэн үеэс тасралтгүй арга хэмжээ авч, багагүй хүч хөдөлмөр зарцуулан ажиллалаа. Ялангуяа энэ бүх ажлын хүндийг үүрч, хөдөөгийн иргэдийн амжиргааг хамгаалах, мал сүргийг эрсдэл багатай онд оруулах гэж орон нутгийн удирдлагууд ихээхэн хүчин зүтгэл гарган ажилласан гэж Засгийн газар, Улсын Онцгой комисс үзэж байна.

Хүндхэн улирлын ард гарч, урин дулааны үзүүр наашилж байгаа ч бидний өмнө цаг алдалгүй шийдвэрлэх  асуудал, хэрэгжүүлж зохион байгуулах  арга хэмжээнүүд ард иргэдийн хүлээлттэй зэрэгцэн шил даран ээлжээ хүлээж байна. Юуны өмнө цаг агаарын хүндрэлээс хөдөө аж ахуйд үүссэн сөрөг үр дагаврыг богино хугацаанд арилгах, хаврын тариалалтад бэлтгэхээс эхлээд Засгийн газраас дэвшүүлж буй томоохон төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар ойрын үед анхаарах зарим асуудалд Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна.

Нэг: Хөдөө аж ахуйд учирсан хохирол, түүнийг арилгах талаар

2009- 2010 оны өвөл хавар тохиолдсон байгалийн бэрхшээл нь урд жилүүдэд тохиолдсон гамшиг, зудыг бодвол өргөн цар хүрээтэй, нийт нутаг дэвсгэрийн 80,9 хувь буюу 17 аймгийн 175 сум, нийт малчин өрхийн 57,3 хувь буюу 97,5 мянган өрхийг хамарчээ. Засгийн газраас 2009-2010 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, гамшиг, зудын үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 7 удаагийн тогтоол, шийдвэрээр нийт 6,8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц болон холбогдох сайдын төсвийн багцаас гаргаж зарцуулаад байна.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад зориулж 6.3 орчим сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлж  байна. УИХ, Засгийн газрын зүгээс зудын бэрхшээлийг даван туулах зорилгоор өвөлжилт хүндэрсэн 12 аймагт тус бүр 230.0 сая төгрөг,  нийт 2760.0 сая төгрөг олгосноос одоогийн байдлаар 1958.7 сая төгрөгийг зарцуулаад байгаа мэдээ ирүүлжээ.

Зарим аймагт энэ хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байгаа дутагдал ч гарлаа. Тухайлбал: Завхан аймаг 100.3 сая төгрөгийг өвс, тэжээл авалгүй сумдад бэлэн мөнгөөр нь тараасан, баталж өгсөн зардлыг зориулалтаар зарцуулалгүй, сэг зэм устгалын 25 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулсан,  Ховд аймагт Улсын Их Хурлын дарга ажиллахдаа гамшгийн байдалд байгаа 3 суманд 30.0 сая төгрөг бэлнээр олгосныг  зориулалтын бус өрийг дарсан, зарим арга хэмжээний зардлыг 73.0 сая төгрөгөөр хэтрүүлсэн зэрэг зөрчил гарсан байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хандивын уриалга гаргаж амжилттай зохион байгуулсны үр дүнд гадаад, дотоодын байгууллагуудаас бэлэн мөнгөний хандив 867.7 сая төгрөг, 3.6 тэрбум төгрөгийн бараа материал нийт 4.5 тэрбум төгрөгийн хандив цугларч, үүнээс 5.2 тэрбум төгрөгийн хандив тусламжийг 3 удаагийн цуваагаар 21 аймагт хүргүүллээ. Энэ арга хэмжээнд цаг агаар хундэрсэн 12 аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нийслэлийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд чин сэтгэлийн тусламж үзүүлсэнийг цохон тэмдэглэе.

Дээрх тусламж, дэмжлэг нь цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахад чиглэж байгаа ч мал аж ахуйн салбарт гарч буй хохирол өдрөөс өдөрт нэмэгдэж малын хорогдол 4 дүгээр сарын 12-ны байдлаар 6.4 саяд хүрч, зөвхөн малын хорогдлыг мөнгөн дүнгээр тооцвол 360.0 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Гамшиг зудын улмаас 2010 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 8711 өрх огт малгүй болж, 32,7 мянган өрх малынхаа 50-иас илүү хувийг хорогдуулж, цаашид ч улам өсөх хандлагатай байна. Энэ нь хөдөөд ядуурал, ажилгүйдлийг ихээр бий болгох үндсэн шалтгаан болохын зэрэгцээ орон нутгийн төсвийн зардалд ч хүндрэл учруулж байгаа нь ойлгомжтой.

69,6 мянган малчин өрх арилжааны банкуудад 63,9 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 2,1 тэрбум төгрөг нь малгүй буюу цөөн малтай болсон өрхөд ноогдож байна. Гарч байгаа сөрөг үр дагаврын бурууг зөвхөн байгальд өгч болохгүй. Байгаль, цаг агаарын хүндрэлээс гадна орон нутагт өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, зохион байгуулалт хангалтгүй, мэдээ, мэдээллийг үнэн бодитоор өгдөггүй, зун, намрын улиралд найр, наадам ихэссэн, малчид өөрийн хөрөнгөө аливаа эрсдлээс хамгаалах сэтгэлгээ дутмаг, бэлэнчлэх сэтгэлгээнээс салаагүй, эдийн засгийн тооцоо сул, орон нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн удирдлагын үр ашигтай тогтолцоо байхгүй болсон зэрэг шалтгаан байгааг хэлэх нь зүйтэй. 

Хаврын адаг сар дундаа орж байгаа ч нийт нутгийн 50 гаруй хувь цастай хэвээр байгаа нь шар усны үер болох  эрсдлийг дагуулж байна. Орон нутгийн удирдлагууд Та бүхэнд энэ өвөл хаврын хүндрэлийн үр дагавар,  шар усны үерээс  сэргийлэх, үхсэн малын сэг зэмийг устгах, малгүй болсон иргэдийн амьжиргааг хамгаалах зэрэг арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй шийдвэрлэх  дараах ажил байна.

1.    Малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, үхсэн малын сэг, зэм устгах ажлыг технологийн дагуу шуурхай гүйцэтгэх, шаардагдах зардлыг нөөц бололцоогоо ашиглан гаргах,
2.    Малгүй болсон буюу малаа олноор нь хорогдуулсан малчдыг ажлын байраар хангах хувилбаруудыг санаачлан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих болон бусад эх үүсвэрээр ажлын байр бий болгох, 
3.    Малчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, залуу малчдад сургалт, сурталчилгаа явуулах, 
4.    Орон нутгийн засаг захиргааны бүх шатны байгууллага, малчид дахиад өвөл болно, цаг агаар хүндэрнэ гэдгийг байнга санаж, болзошгүй эрсдлээс иргэдийн амьжиргаа, мал сүргийг хамгаалах арга хэмжээг өөрсдийн орон нутгийн онцлогт тохируулан хэний ч шаардлагагүйгээр хийж хэвших,
5.    Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний чанар, орчин үеийн шаардлагыг хангахгүй байгаагаас мах экспортлоход саад учирч, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байна. Иймд үүнд холбогдох яам, орон нутгийн байгууллага хамтран зарчмын эргэлт хийх цаг нь болсон гэж үзэж  байна.
6.    Атрын гурав дахь  аяны хүрээнд олсон ололтоо бид алдаж болохгүй.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг цаг алдалгүй хийхийн зэрэгцээ, хураан авах ургацаа хаана хадгалах, борлуулах зэргийг одооноос төлөвлөж ажиллах хэрэгтэй. Хураан авсан ургацыг борлуулах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих талаар зарим эрх зүйн зохицуулалт хийх ч  шаардлагатай байна.

Хоёр: Цаг үеийн зарим тулгамдсан асуудлын талаар

Улсын Их Хурал, Засгийн газраас улс орны эдийн засгийн цаашдын өсөлт, хөгжилтэй холбоотой бодлогын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Эдгээр төслүүдэд Та бүхний анхаарал хандуулж, шуурхай зохион байгуулах шаардлагатай  асуудлууд байна. Үүнд:

1.    “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх арга хэмжээтэй  холбогдуулан  УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 03, 82 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд сум, байгууллагын удирдлага ажилтнуудыг хариуцлагатай ажиллуулах,
2.    Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн бүртгэлийг үнэн зөв гаргах, төлбөрийн эрхийг сонгуулах санал авалтыг иргэдэд сайтар ойлгуулан, шуурхай зохион байгуулах,
3.    Аймгуудыг холбосон авто зам тавих ажилд орон нутгийн түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах асуудлаар өмнө гардаг маргаан, чирэгдлийг гаргахгүй байхад анхаарах,
4.    Бүх шатанд сахилга дэг журмыг сайжруулах, энэ талаар гарсан Засгийн газрын 2009 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулж байна. Зарим аймгийн удирдлага зөвшөөрөлгүйгээр  гадаадад томилолтоор явах, сум, байгууллагын ажилтнуудыг төсвийн хөрөнгөөр тал тохой татаж олноор нь гадаад явуулах байдал гарч, нэмэгдэх хандлагатай  байна.
5.    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны чанарт онцгой анхаарал хандуулж, сургуулийн удирдлагууд, бэлтгэн нийлүүлэгчидтэй сумдын Засаг дарга нарыг гурвалсан гэрээтэй ажиллуулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байна.

Гурав:  Хүн ам, орон сууцны тооллогын ажлын талаар

Одоо хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын даргын хувьд цөөн зүйлд Та бүхний анхаарлыг хандуулъя. Энэ оны 1 дүгээр сард зохион байгуулах байсан хүн ам, орон сууцны тооллогыг өнгөрсөн оны сүүлээр үүссэн байгаль цаг уурын хүндрэл, томуугийн цартахлын вирусийн халдварын тархалтын улмаас хойшлуулан УИХ-ын 88 дугаар тогтоолоор 2010 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн “00” цагаар өөрчлөн тогтоосныг Та бүхэн мэдэж байгаа.

Тооллогын тов хойшлогдсонтой холбоотойгоор орон нутагт тооллогын бэлтгэлийг хангах ажилд ихээхэн алгуурласан байдлаар хандаж байна. Энэ ажил нь төр засгийн бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг гаргаж, цаашдын зорилтын чиг хандлагыг боловсруулах олон талын ач холбогдолтойн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын өмнө хүлээсэн томоохон үүрэг байдаг гэдгийг сайтар ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Иймд иргэдийн хөдөлгөөний бүртгэл, мэдээллийг бүрэн хөтлөх, бичиг баримтын зөрчлийг цэгцлэх, иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг алдаа дутагдалгүй, шуурхай зохион байгуулахад анхаарах хэрэгтэй. Тооллогын төсөв санхүүтэй холбоотой асуудлаар орон нутгийн тооллогын комиссын даргын хувьд Та бүхний  хариуцлагатай холбоотой  асуудал гарсан байна.

Сангийн яамтай тохиролцож, орон нутгийн төсөвт тусган хуваарилсан  санхүүжилтийг зарим аймаг ИТХ-аараа өөрчилж баталсан байна. Тухайлбал: Архангай аймаг 56.0 сая төгрөг, Баянхонгор аймаг 38.6 сая төгрөг, Булган аймаг 16.3 сая төгрөг, Дорнод аймаг 57.1 сая төгрөг, Өвөрхангай аймаг 37.0 сая төгрөг, Хөвсгөл аймаг 22.2 сая төгрөг, Орхон аймаг 63.2 сая төгрөг, Завхан аймаг 46.9 сая төгрөг, Улаанбаатар 50.0 сая төгрөгийг төсөвтөө тусгаагүй буюу тооллогын товчоонд шилжүүлж үлдэгдлийг баталгаажуулаагүй байна.

Иймд тооллогын арга хэмжээний зардлын асуудлыг орон нутгийнхаа ИТХ-ын байгууллагатай хамтран шийдвэрлэх шаардлагатай байна. Эцэст нь хэлэхэд орон нутагт ажиллах тоологчдыг сайтар судлаж оновчтой сонгохоос энэ ажлын чанар шалтгаална гэдгийг сануулж  байна. Орон нутгийн удирдлагуудад миний өгсөн эдгээр үүрэг даалгаврын хэрэгжилтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр улс төрийн бий болж байгаа нөхцөл байдал, өрнөж буй үйл явцыг Монголын төрт ёсны эрх зүйн үүднээс бодитой дүгнэн, ард иргэдэд зөв ойлголтыг өгч, улс орны том эрх ашиг, ард түмний амьдралын тогтвортой баталгааг хангахад Та бид бүх шатанд ажлаа чиглүүлж ажиллахыг зөвлөж байна.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах