Ерөнхий сайд АНУ, Канадад албан ёсны айлчлал хийнэ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 20-ноос ирэх сарын 3-ныг хүртэл АНУ, Канад улсад албан ёсны айлчлал хийнэ.
Уг айлчлалтай холбогдуулж Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон албаны төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Ерөнхий сайд есдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллах юм байна. Энэ хугацаанд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож үг хэлэх бөгөөд энэ хүрээнд болох “ Нэн эмзэг орнуудын онцгой хэрэгцээг хангах нь” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцож байр сууриа илэрхийлэх ажээ. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд оролцож үг хэлэх бол, НҮБ-ын түншлэлийн төлөөх алба болон Луиз Блуны сангаас хамтран зохион байгуулах “ Санаачилгатай глобал удирдлага” дээд хэмжээний уулзалтад үндсэн илтгэгчээр оролцож, “ Түүхий эдийн ирээдүйн хандлага” сэдвээр илтгэл тавих юм байна.
Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий Ассамлейн 65 дугаар чуулганы дарга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч нартай болон тус чуулганд оролцож байгаа хэд хэдэн орны төр засгийн тэргүүн нартай уулзалт хийхээр төлөвлөснөөс гадна Нью- Йорк хотын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах ажээ. Түүнчлэн НҮБ-ын эдийн засаг, санхүү хариуцсан хоёрдугаар хорооны даргаар О.Энхцэцэг хэмээх монгол хүн сонгогдож, тэрбээр хорооны хурлаа хийж байх үеэр Ерөнхий сайдын айлчлал давхцаж байгаа нь бас нэг онцлог хэмээн албаны хүмүүс тодорхойлж байна.
Харин есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Ерөнхий сайд С.Батболд Канад улсад айлчилна. Засгийн газрын тэргүүний хувьд тус улсад хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог хэмээн ГХЯ-ны газрын дарга Ш.Одонжил тэмдэглэлээ. Уг айлчлалын зорилго нь хоёр талын дээд хэмжээний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн таатай орчныг бэхжүүлэх, хоёр талын харилцааг өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааны зарчмаар цар хүрээг нь өргөтгөн хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлөвийг тодорхойлох, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй , байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцоход орших ажээ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Канадын Ерөнхий сайд Стивен Харпер болон зарим салбарын сайд нартай уулзах юм байна. Мөн Канадын парламентад зочилж, парламентын Сенатын танхим, Нийтийн танхимын тэргүүн нартай уулзалт хийх ажээ. Түүнчлэн Ерөнхий сайд Канадын Онтарио, Бритиш Колумб мужийн Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзаж, Торонто, Ванкувер хотуудад зохиогдох Монгол Канадын бизнес форумд оролцох юм байна.
Айлчлалын хүрээнд зам тээвэр, барилга, хот байгуулалт, төрийн алба, стандартчлалын алба зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Ингээд буцах замдаа Японд саатаж, их аварга Д.Дагвадоржийн зодог тайлах ёслолд оролцох юм байна.