Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Зарлах, шалгах, дүгнэх аргаа ил тод болгоё

Нийтэлсэн: - 2010/03/26 18:15 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Зарлах, шалгах, дүгнэх аргаа ил тод болгоё Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагыг хүлээн авч 2009 оны 11 дүгээр сарын 16-нд боловсролын салбарынхантай уулзахдаа сургалтын төрийн сангийн тогтолцоог шинэчлэн, сурлагын түвшнээс хамаарч санхүүжүүлдэг тогтолцоог бий болгох, 2010 оноос өндөр хөгжилтэй оронд оюутан сургах шалгаруулалтыг нийтэд зарлаж, ил тод ойлгомжтой явуулах журам боловсруулах талаар өгсөн үүргийнхээ биелэлтийг сонсож үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайдын асуултад БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газар болон Төрийн сангийн газрын дарга нар хариулав. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд тус яамны удирдлага болон холбогдох албан тушаалнуудад үүрэг чиглэл өгөв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Миний өгсөн үүргийг ажил хэрэг болгох алхамууд хийгдэж буй нь сайн хэрэг. Гэхдээ цаашид ажлаа эрчимжүүлж тодорхой болгох нь чухал байна. Засгийн газар хоорондын гэрээний дагуу болон төрийн сангийн зээлээр суралцах оюутныг сонгон шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахдаа нэн хариуцлагатай хандах хэрэгтэй. Эхний ээлжинд сонгон шалгаруулалтыг зарлах аргаа оновчтой тодорхой болго.

Тогтсон стандарттай бол. Сонгон шалгаруулалтыг зарлах арга өөр байж болохгүй. Тэгвэл ойлгомжгүй болно. Сонгон шалгаруулалтыг зарлах хамгийн оновчтой, ойлгомжтой боломж, аргыг хайж ашиглах хэрэгтэй. Хамгийн наад захын арга гэхэд хэвлэлийн бага хурал зарлаад хийхэд олон түмэнд хүртээмжтэй хүрнэ. Онлайн ашиглах нь бас нэг арга боловч нийтэд хүрэх нь хязгаарлагдмал юм. Сургуулиар нь дамжуулаад зарлах аргыг хэрэглэхэд бас л ил тод байдлыг хангахгүй.

Дараа нь шалгах, дүгнэх аргаа оновчтой сонгож, ил тод шударга явуулах боломжийг хангах хэрэгтэй. Хийх гэж буй болон хийж буй ажлаа ил тод болгон зарлаж бай. Сурлага сайтай бол хэний ч хүүхэд сонгон шалгаруулалтад ороод, тэнцээд хүссэн сургуульдаа сурдаг байх ёстой. Суралцах шаардлагыг хангах шалгуур үзүүлэлтийг  хөрөнгийн баталгаа гэхээсээ илүү сурлага гэсэн үндсэн үзүүлэлт рүү хандуулахад голлон анхаарах ёстой,” гэж хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах