Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Нийтэлсэн: - 2011/02/01 19:29 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

УЛААНГОМЫН ДУЛААНЫ СТАНЦЫГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД 120 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Увс аймгийн Улаангом хотын Дулааны станцад гэмтэл гарч айл өрх, албан байгууллагуудын халаалт, дулаан доголдон, аваарийн байдалд орсон тул 2 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар асуудлыг нарийвчлан хэлэлцэж шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэлээ. Гарсан аваарь болон учирсан хохирлыг арилгах, станц, дулааны шугам, сүлжээг сэргээж, хэвийн үйл ажиллагаанд оруулахад нэн тэргүүнд шаардлагатай 120 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болсон байна.  

Станцыг хэвийн ажиллуулах, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангах, учирсан хохирлыг тогтоох талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нарт даалгалаа. Энэ ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг 3 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар даалгасан байна.

Цаашид орон нутгийн удирдлага, станцын эзэд хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байгааг Засгийн газрын олон гишүүн хэлж, осол аваарь гарсан шалтгааныг шалгаж тогтоох, хэнд ямар хариуцлага тоооцох тухай асуудал ч давхар хөндөгдөх учиртай гэж байлаа. Энэ жил нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч зарим аймагт -50 хэм хүрч байгаа тул өвөлжилт, хаваржилтад илүү анхаарч, хоорондын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах, үнэн зөв мэдээллийг шуурхай өгч байхыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл,, мэдээллийн албанаас мэдээллээ.   

 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ЦОГЦООР НЬ ХӨГЖҮҮЛНЭ

“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго юм. Хөтөлбөрийг 2020 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатыг 2011-2015 он, хоёрдахь шатыг 2016-2020 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн байна.

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндсэн 4 зорилтын хүрээнд нийтийн биеийн тамирт зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн удирдлага, төлөвлөлт, салбар хоорондын уялдаа холбоо, оролцоог сайжруулах, биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэх замаар нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хэрэглээ болгох, тамирчдын амжилтыг дэлхийн түвшинд хүргэх зорилт, арга хэмжээг хөтөлбөрт тусгажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг нь улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг эрхэлсэн салбар, орон нутгийн жил бүрийн төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хандивлагч байгууллагын хөтөлбөр, төсөлд тусган санхүүжүүлэх юм.

ЗАСГИЙН ГАЗАР 2010 ОНД 65 УДАА ХУРАЛДЖЭЭ

Өнгөрсөн онд 669 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 254 асуудалтай танилцаж Засгийн газрын 350 тогтоол, Ерөнхий сайдын 109 захирамж гаргасан байна. 89 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 15 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 8 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 26 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 54 асуудлыг гишүүдээс гаргасан саналын дагуу дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

·         “Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг Монгол Улсын 2011 оны төсвийн жилд 1,985.2 тэрбум, 2012 оны төсвийн жилд 1,720.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөөд байна. Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах нь дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн обьектууд, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлуулах, Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгож төрөлжилтийг хөгжүүлэх замаар улс орны хөгжлийг түргэсгэхэд санхүүгийн гол хөшүүрэг болох юм. Зээлийн баталгааны дээд хэмжээг Улсын Их Хурлаас тогтоосноор “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д заасан тусгай шаардлагуудыг хангуулах, зөвхөн нэн тэргүүний гэж үзсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах боломжийг бүрдүүлэх аж холбогдолтой гэж үзэж байна.

·         “Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн Холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн хээрийн IIшатны эмнэлгийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олголоо.

·         Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцсон дүнг сайшаав. Чуулганы мөрөөр болон 66 дугаар чуулганд бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа. Чуулганы Ерөнхий шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож олон улсын тулгамдсан асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлсэн юм.

·         Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувь байхаар тогтлоо.

·         Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан нэр бүхий соёлын ажилтан, уран бүтээлчдэд нийт 139 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 

·         Ховордсон ан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах