Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 8-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Нийтэлсэн: - 2010/09/08 21:34 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

Малын гоц халдварт шүлхий өвчинд шаардагдах зардлыг шийдлээ

Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Дорнод аймгийн голомт бүхий Матад, Халхгол, Булган сумдын мэдрэмтгий бүх мал, Дорнод аймгийн бусад бүх сум, Сүхбаатар аймгийн бүх сумын үхэр, Хэнтий аймгийн хил залгаа хоёр сумын үхэр, Дорноговь, Өмнөговь  аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын бод ,бог мал буюу нийт 1.6 сая малыг вакцинжуулаад байгаа юм байна.

Улсын нөөцөд уг өвчнөөс сэргийлэх вакцин дуусаад байгаа  аж.  Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад ,Булган сумдын зааг нутагт өвчтэй зээр, зээрийн сэг зэм их байгаа тухай мэдээллийг аймгуудын мал эмнэлгийн албадаас ирүүлжээ. Энэ асуудлыг өнөөдрийн   Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,  малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа.

Сүхбаатар, Дорнод аймагт  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар аймагт ариутгал, халдваргүйтэл хийх зориулалт бүхий “ ДУК” автомашин нэг, Сүхбаатар аймагт формалин 1176 литрийг улсын нөөцөөс олгож, 2010 оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардал болон улсын нөөцөөс олгох автомашин, формалиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 140.0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж, Онцгой байдлын ерөнхий газарт олгохыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрөв. 

Зөвлөх компаниар олон улсын нэр хүнд бүхий туршлагатайг нь сонгох чиг өглөө

Сүүлийн жилүүдэд манай улсын төрийн байгууллагууд ээдрээ, түвэгтэй, их хэмжээний хөрөнгө, хүч шаардсан маргаанд татагдан гадаад орны шүүх, арбитрт хариуцагчаар дуудагдах явдал удаа дараа гараад байгаа бөгөөд цаашид ч  дахин гарч болзошгүй байгаа ажээ. Мөн үүнээс  гадна төрөөс дэд бүтэц болон уул уурхай, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа өнөө үед томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах чухал ач холбогдолтой байгаа аж.

Иймээс нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөртэй холбогдон үүссэн маргаантай асуудлаар Монгол улсын эрх ашгийг төлөөлөн гадаад орны шүүх, арбитрт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох, цаашид шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн төслийн хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг олон улсын нэр хүнд бүхий туршлагатай зөвлөх компаниар гүйцэтгүүлэх  шаардлага байгааг харгалзан, Засгийн газрын хуралдаанаас зөвлөх компани сонгон шалгаруулах тухай тогтоол гаргалаа.

Зөвлөх компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж, тухай бүрт нь Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж байхыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.

Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Засгийн газрын 2010 оны 77 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “ 2010 онд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах арга хэмжээний нэгдсэн жагсаалт”-ын дөрөв дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Ингэснээр  “Афганистан дахь энхийг сахиулах олон улсын ажиллагаанд... нисдэг тэрэгний техникийн , засвар үйлчилгээний сургалтын бүлэг, Бельгийн вант улсын зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн баг оролцуулах “  гэсэн заалт нэмэгдэж байгаа юм.  

Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулна

Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага, хөдөлмөрийн харилцаан дахь өөрчлөлт, тэдгээрийг эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай уялдуулах, ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэж сургах асуудлын хүрээнд салбарын яамд, мэргэжлийн сургалтын байгууллагууд, иргэний нийгэм, судлаачдын санал дүгнэлтийг сонсох зорилгоор ийм чуулганыг зохион байгуулах боллоо. “ Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт- зохистой ажлын байр” сэдэвт хөдөлмөрийн  үндэсний чуулганд шаардагдах хөрөнгийг  Засгийн газрын нөөцөөс  гаргахаар    хуралдаанаас  тогтлоо. Тус чуулганыг ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Товчхон

• Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем /RIMES/-ийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй гэж үзлээ. НҮБ-ын Хөгжлийн газраас тус системээр дамжуулан Монгол, Бутан, Энэтхэг, Мальдив, Балба, Пакистан зэрэг улсад уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн менежментийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ оны долдугаар сарын эхээр Энэтхэг улсад зохион байгуулагдсан хурлаас манай улсад 180000 ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ сараас хэрэгжиж эхлэх юм.  

• Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

• “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зүйтэй гэж үзлээ. Тус хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэх эрхийг Монгол Улсаас Швейцарийн Холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Оргилд олголоо.

• УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ. Тус сан нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилготой. Тодорхой ажил мэргэжилд зориулж шинээр сан байгуулах нь цаашид мэргэжил тус бүрээр сан байгуулах буруу жишиг тогтоох үр дагавартай гэж Засгийн газрын зарим гишүүд үзлээ. Мөн “Багшийн хөгжлийн сан”-гийн тухайд боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багцад тусгах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзээд сайд нарыг саналыг тусгаад төсөл санаачлагч УИХ-ын гишүүдэд уламжлахаар тогтлоо

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах