Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: МАН улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна

Нийтэлсэн: - 2010/11/10 15:50 - Ярилцлага

-Монголын ууган хэвлэл "Үнэн" сонины 90 жилийн ойн баярын өмнө МАН-ын дарга Тантай ярилцаж байгаадаа таатай байна. Юуны өмнө Танд МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Монгол Улсын хоёр зууны түүхтэй ууган хэвлэл "Үнэн" сонины мянга мянган уншигчид, тус сонинд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнууд, идэвхтэн сурвалжлагч та бүхэнд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. МАН-ыг үүсгэн байгуулагч их жанжин Дамдины Сүхбаатарын санаачлагаар анхны дугаараа зон олондоо хүргэсэн "Үнэн" сонин ардын хувьсгал, ардчилсан өөрчлөлтөд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Энэхүү торгон агшинд 90 жилийн түүхт өдөр МАН-ын төв хэвлэл "Үнэн" сониныхоо хойморт уригдан ярилцлага өгч байгаадаа миний бие ч мөн адил баяртай байна. Би сониныхоо идэвхтэй уншигчдын нэг. Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд уриалан дуудаж, нийгмийн оюун санаа, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн сонин гэж үнэлж явдаг.

-Та бидний ярилцлага олон чухал үйл явдал давхацсан үед болж буйгаараа бэлгэшээлтэй юм. Манай сонины 90 жилийн ойн өмнө МАН-ын XXVI их хурал хуралдсан нь нийгмийн анхаарлыг зүй ёсоор татсан. Шинэчлэлийн уур амьсгал тээсэн их хурлаар улс орныхоо 20 жилийн ололтыг дүгнэж, 20 жилийн зорилтоо тодорхойлж, МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн нь улс орны төдийгүй намын амьдралд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. МАН-ын даргын хувьд XXVI их хурлын үр дүнг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Бидний ажил амьдралыг урагшлуулах ямар шийдлүүдийг гаргах бол гэж ээлжит XXVI хурлын үйл явцыг олон нийт ажиглан харж байсан. МАН-ын XXVI их хурал тавьсан зорилтоо амжилттай биелүүллээ. Юуны өмнө ардчилал, зах зээлд шилжсэн 20 жилийн амьдралаа үнэлж цэгнэн, ирэх 20 жилд юу бүтээж, юуны төлөө эрмэлзэж ажиллахаа тодорхойллоо. МАН нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгон баяжуулж, Хичээн эрмэлзэх зүйл буюу мөрийн хөтөлбөр, намын дүрэмдээ тодорхой хэмжээний өөрчлөлт орууллаа. Одоо бидэнд их хурлаас гаргасан түүхэн шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, хэдэн өдрийн турш манай намын их хурлын үйл ажиллагааг ажиглаж, үнэлэлт дүгнэлт байсан иргэдийнхээ итгэл, хүлээлтэд бодит хариулт өгөх учиртай. Намын даргын ажлыг зургаан cap гаруйн өмнө XXV их хурлаас байгуулагдсан бага хурлын төлөөлөгчдийн итгэл найдвараас хүлээж авсан. XXVI их хурлын төлөөлөгчдөөс мөн итгэл найдвар тээсэн баталгаа дахин гардлаа. Энэхүү итгэл найдвар, хүсэл сэтгэлийг хичээл зүтгэлээр хариулахын төлөө зүтгэнэ. XXVI их хурлын өмнө нийт намын гишүүдээрээ хэлэлцүүлсэн "Шинэчлэл, манлайлал, хөгжил" тунхагт тусгасан үндсэн санаа зорилго маань одоо ажил хэрэг болох эхлэл тавигдлаа. Их хурлаараа баталсан шинэчлэлийн шийдвэрүүдээ амьдралд хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх түүхэн хариуцлага ирлээ гэж ойлгож хүлээж авч байгаа. Энэ үйл хэргийг манлайлж хэрэгжүүлж ажиллах итгэл сэтгэл, үүрэг хариуцлагыг надад олгосон журмын нөхөддөө талархаж байна.

-МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн энэ цаг мөчөөс үйл ажиллагаа, арга барилаас эхлээд бүх зүйл шинэчлэгдэх байх аа. Нэр, үзэл баримтлалаас эхэлсэн намын шинэчлэл цаашид яаж түүчээлэх вэ?

-Намын удирдлага хариуцлагыг өөрөөсөө эхэлж тооцдог байгаасай гэсэн хүсэлт саналыг XXVI их хурлын төлөөлөгчид надад тавьж байсан. Хариуцлагыг өөрөөсөө эхэлж манлайлж чанд мөрдөж ажиллана. Бодож төлөвлөж байгаа ажил их байна. Эхлүүлсэн ч зүйл нэлээдгүй бий, эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажил ч цөөнгүй. Юун түрүүнд намаа жинхэнэ утгаараа ард түмний нам, жирийн гишүүддээ ойрхон байлгаж, эргэх холбоотой болгохын төлөө ажиллана. Намын нийт гишүүддээ нээлттэй, ил тод байна. Боловсон хүчний бодлого, нэр дэвшүүлэлтэд шударга, зөв хандаж, зөвхөн ажил мэргэжилдээ эзэн болж чадна гэсэн шалгуураар нүдийг нь олсон томилгоо хийхийн төлөө ажиллана. Намын шийдвэр гаргагч механизм тодорхой, судалгаа тооцоо, боломжид үндэслэдэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно. Намын стандартыг бүх шатанд хэрэгжүүлэхийн төлөө санал санаачлагатай ажиллана гэж бодож байна. Үүний зэрэгцээ намынхаа эгнээг залуусаар өргөжүүлэх, намынхаа нэр хүнд имижийг олон улсын хүрээнд өргөх, гадаад харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө олон зүйлийг хийж төлөвлөж байгаа.

-Та XXVI их хуралд "Шинэчлэл, манлайлал, хөгжил" улстөрийн илтгэл тавихдаа МАХН шинэчлэгдэж байж улс орон хөгжинө гэж онцолсон. Үүний тулд намын зүгээс ямар шинэчлэлүүд хийгдэх ёстой вэ?

-Манай намын үе үеийн их хурал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь их хурал бүрээс намын амьдралын төдийгүй Монгол Улсын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй шийдвэрүүд гардаг. Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. МАН бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол цөмд нь монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс юм. Намаа цаг үеийн асуудлыг мэдэрч чаддаг, хэрэгжилтийг нь хангаж чаддаг улстөрийн хүчин байлгахын төлөө бид зорьж байгаа. Ийм болохоор намын маань шинэчлэл, өөрчлөлтийн асуудал зөвхөн манай намын гишүүдийн хэрэг төдий биш, нийт монголчуудын ирээдүйтэй холбоотой үйлс юм. Бидний шинэчлэл зөвхөн намынхаа төлөө төдий биш. Намын шинэчлэл нь манай төрийн шинэчлэлийн нэг хэсэг. Төрөө шинэчлэн сайжруулснаар улс орноо, амьдралаа шинэчилж, хөгжил дэвшилд хүрэх учиртай. Бага хурлаас сонгогдон байгуулагдах байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан нь намын бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Манай нам төрийн бодлогын шинжлэх ухааны үндсийг дээшлүүлэх замаар улс орныхоо хэтийн хөгжлийг бодитойгоор төлөвлөн ажиллаж чадна. МАХН бол бидний амьдралын хамгийн үнэ цэнэтэй эрхэм зүйл болсон тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, уламжлалаа баталгаажуулж, түүхэн цаг үеүдэд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийг манлайлж ирсэн улстөрийн хүчин болохын хувьд их хурлуудынхаа шийдвэр бүрт шинэ нөхцөл байдалд тохируулан шинэчлэлийн бодлогоо тодотгон хэрэгжүүлж ирсэн. Намаа шинэчлэх замаар төр, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Бидний зорьж буй өөрчлөлт шинэчлэлт, бидний хийх их бүтээн байгуулалт, бидний бий болгох шударга ёс, хариуцлагын тогтолцоо, бидний манлайлал, зорилго тэмүүлэл манай улсад хөгжлийг авчирна гэдэгт итгэлтэй байна.

Н.ХАЖИДСҮРЭН

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах