Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлнэ

Нийтэлсэн: - 2012/01/27 20:15 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдын Засгийн газрын зарим гишүүнийг шинээр томилохтой холбогдуулан УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлсэн үг

Их Хурлын дарга аа,
Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжийг олгосон Та бүхэндээ талархал илэрхийлье. Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарч, Монгол ардын нам Засгийн газраа дангаараа бүрдүүллээ. Манай нам 2008 оны сонгуульд ялсан ч, өнгөрсөн хорин жилийн улс орны амьдралын үр дүнд бодит дүгнэлт өгч, үсрэнгүй хөгжлийн гараан дээр улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, томоохон намуудын нэгэн зорилгын төлөөх хамтын хүчин чармайлт нь улс орны хөгжлийн нөхцөл, шаардлага гэдгийг мэдэрч, Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. 

Энэ бол зөрчлийг биш зөвшилцлийг, хямралыг биш хүлээн зөвшөөрөх чадварыг, хов маргааныг биш хэлэлцээг, бэрхшээл тайлбарыг биш боломж шийдлийг, намын болон сонгуулийн эрх ашгийг биш улс орны эрх ашгийг, амлалтыг биш ажил хэргийг илүүд үзсэн улс төрийн шийдэл байсан. Энэ бол 90 жилийн түүхтэй, туршлагатай, тулхтай, ард түмэн, үндэснийхээ эрх ашгийг урьдал болгож чаддаг, Монгол Ардын намаас л гарах эрсдэлтэй боловч эрэмгий алсыг харсан улс төрийн шийдвэр байсан. Энэ бол 20 жилийн талцал, сөргөлцлийн улс төрийг нийгмийн ойлголцол, хамтын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хөтөлсөн улс төрийн шинэ сэтгэлгээ хандлага, зөвшилцлийн шинэ соёлыг монголын улс төрд оруулсан санаачилга байсан.

Ийм шийдвэрт хүрэх, түүнийг өөрийн нам, нийгэмд ойлгуулахад амар байгаагүй. Тийм ч учраас “стандарт бус” шийдэл гэсэн өвөрмөц хэллэгээр илэрхийлсэн. Чухамдаа бол Монгол ардын нам нийгмийн эв нэгдэлд суурилсан, улс төрийн нэгдлийн шинэ стандартыг санал болгосон хэрэг билээ. Гурван жил гаруйхны өмнө энэ санаачилгыг талархан хүлээн авч байсан Ардчилсан нам замын дундаас, гэрээнээсээ дангаараа татгалзаж, хамтарч байгуулсан Засгийн газраасаа гарлаа. Үүнийг монголчууд бид “ханилж яваад нөхрөө” гэж зүйрлэдэг.

Засгийн газрыг хамтарч байгуулсан нь зөв байсан гэдэг нь олон үйл явдал, үр дүнгээр батлагдана. Иргэд сонгогчид ч биднийг хамтарсан Засгийн газар байгууллаа гэж шүүмжилсэн нь бараг үгүй. Харин хамтраад хийх юмаа  даацтай хийхгүй байна, удаан хойрго байна, улс орны эрх ашигт бүрэн нийцүүлэхгүй байна гэж л шүүмжилж, шаардаж ирсэн. Энэ бол зүй ёсны шүүмжлэл, шаардлага мөн. Хамтарсан Засгийн газарт хийж хэрэгжүүлсэн, амжилт ололтод хүрсэн олон сайн зүйл бий. Хамтарсан Засгийн газар эдийн засгийн хямрал, байгалийн бэрхшээл, бусад олон сорилтуудыг амжилттай давсан. Их бүтээн байгуулалтын хөтөлбөр, төслүүдийг боловсруулж УИХ-аар батлуулсан.

Эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан. Ард иргэддээ хишиг хувь хүртээх боломжтой болсон. Улс төрийн тогтвортой байдлыг ханган ажилласан нь олон улсын анхаарлыг татаж, итгэлийг олж чадсан. Бүр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хэмжээнд хүргэсэн. Энэ бүхэн хамтарч ажилласны үр дүн, ололт амжилт мөн. Гэвч өнөөдөр ололтоо тоочих цаг биш. Монгол ардын нам “гавъяа нь манайх гай нь хүнийх” гэж ханддаггүй. Аливаа амжилт ахицыг бид “ард түмний минь заяа түшлээ” гэж үздэг. Хамтарсан Засгийн газрын дээвэр дор Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр хамтдаа хариуцлага хүлээн ачаа үүрч ирсэн. Харин одоо Монгол ардын нам дангаараа ачаа үүрэх боллоо.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Манай Засгийн газарт нэгэн бүрэн эрхийн хугацааны нэн багахан хувь оногдож байна. Ажил хийвэл дуустал гэж хэлдэг. Бид эхэлснээ дуусгаж, амласнаа биелүүлж, зорьсондоо хүрэхийн төлөө бүх чадлаа дайчлан ажиллах болно. Бид хийнэ. Бидэнд зориг хүч, туршлага ухаан, хөтөлбөр зорилгын аль аль нь бий. Улс эх орныхоо том эрх ашиг, алсыг харсан бодлогын төлөө эрх мэдлээ хувцаалцаж чаддаггийг харуулсантайгаа адил хариуцлагыг хүлээхээс, ачааны хүндийг үүрэхээс ухрахгүйгээ бас дахин нотолно. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтоо хүний, манай гэж ялгахгүйгээр хэрэгжүүлэхийн төлөө дангаараа мөрлөн зүтгэнэ. Ингэхдээ дараах зорилтуудад хүч анхаарлаа төвлөрүүлнэ.

Нэн тэргүүнд иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхийг зорино. Энэ зорилгоор Засгийн газар 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд амьжиргааны түвшин доогуур өрхийн орлогыг нэмэгдүүлэх, халамж тусламжийг хэрэгтэй хүнд нь олгох оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ. Бид бага орлоготой өрхөө дундаж хэмжээнд хүргэж, дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Амьжиргаагаа дээшлүүлэх, амьдралаа өөд нь татахын төлөө санаачилгатайгаар зүтгэж буй өрх, иргэн бүрийн хичээл зүтгэлийг урамшуулах бодлогыг хэрэгжүүлнэ. Иргэд хэдий чинээ хичээнэ, төдий чинээ дэмжлэг авдаг тогтолцоог цогцлоох ёстой. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг цэцэн үг биш үнэн үг болох цаг ирж байна.

Нийгмийн бодлогын хүрээнд манай Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн. Энэхүү зорилтоо хэрэгжүүлж, цалин, тэтгэвэрийг 2008 оны түвшингээс дунджаар 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр өсгөх болно. “Хүний хөгжил сан”-гийн зорилтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор болсон. Бусад хүмүүст 1 сая төгрөгийг олгох эх үүсвэрийг бүрдүүлж, сонголт бүхий хэлбэрээр олгохын төлөө бодлого үйл ажиллагаагаа төвлөрүүлнэ.

Монгол ардын нам зүүн төвийн бодлогынхоо цөм болох нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхийн тулд хувь хүнд хандсан нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, даатгалын цогц бодлогоос гадна өрхийн амьжиргааг дэмжих эх үүсвэр болсон жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих талаар дорвитой алхам хийнэ. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнийг бид сонгууль хүлээлгүй хэрэгжүүлэх саналтай байгаа. Үүний зэрэгцээ манай дээрх хөтөлбөрт олон зоримог санал, санаачилга тусгагдсан байгааг анхаарч ажиллана.

Тухайлбал чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлэх бодлогыг тавина. Татварын ийм тогтолцоо нь шудрага ёсыг үгээр бус үйлдлээр тогтооно гэж итгэж байна. Иргэдийг, жижиг үйлдвэрлэгчдийг барьцаа хөрөнгөгүйн зовлонгоос гаргах, хүүгийн дарамтаас нимгэлэх зээлийн шинэ бодлого баримтлана. Ингэж иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитой олгох эрх зүйн орчин, хөтөлбөр тэслүүдийг хэрэгжүүлнэ. Сая манай УИХ-ын гишүүд хэлж, ярьж байна. Архи тамхины үйлдвэрлэлийг төрийн зохицуулалттай болгох бодлогыг боловсруулна.    

Зах зээлийн зарчмаас татгалзахгүйгээр зарим суурь бараа бүтээгдэхүүний үнийн асуудалд төрийн зохицуулалтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг хангах, их бүтээн байгуулалтын хүрээнд “Шинэ төмөр зам”, “Шинэ бүтээн байгуулалт”, дулааны V цахилгаан станц, төвийн бүсийн эрчим хүчний эх үүсвэр, аймгуудын хоорондын хатуу хучилттай авто зам, бүх аймаг сумыг холбох шилэн кабелийн сүлжээ зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлнэ. Эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд нүүрснээс шингэн түлш, хийн бүтээгдэхүүн гаргах төсөл санаачилгыг дэмжинэ. Ингэснээр Улаанбаатарыг хийжүүлж, утааны асуудлыг шийдвэрлэх бодлогыг шинээр эрчимжүүлнэ.

Эдгээр зорилгыг биелүүлэхийн тулд чөлөөтэй сэтгэж, нээлттэй ажиллан оновчтой бүхий л арга боломжийг дайчилж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг урамшуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Байгалийн баялагт тулгуурласан боловсруулах үйлдвэрийн асуудалд ихээхэн анхаарахын хамт Таван толгойн төслийн бодит бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр эдийн засгийн хурдацтай өсөлтийн эрчийг хадгалах нөхцөл бүрдэх юм. Хурдацтай хөгжлийн үр шимийг хүн арддаа хүртээх нь манай Засгийн газрын эрхэм зорилго байх болно. Уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн салбарт хүрсэн ололтоо бататгаж, малчид, тариаланчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Мөн малын гаралтай түүхийн эдийг дотооддоо боловсруулах чадвахийг бэхжүүлэхэд бодлого, чармайлтаа хандуулна.

Энэ бүхний тулд хөрөнгийн зах зээлийн шинэчлэлээ хурдасгаж, мөнгө санхүүгийн нөөц боломжоо зохистой дайчлан ажиллана. Боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, Кембрижийн стандартыг нэвтрүүлэх ажлаа шуурхайлна. Манай ардчилсан нийгмийн бат суурь болсон иргэний нийгмийн асуудалд анхаарч, бүхий л салбарт зөвшилцлийн соёлыг төлөвшүүлнэ. Үүний зэрэгцээ төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэний нийгмийн байгууллагууд хөгжин төлөвших, өсөн дэвжих орчин нөхцөл бүрдэж, нийгмийн сайн сайхны төлөөх зорилтоо биелүүлэх боломжоор хангах ёстой.

Эдийн засаг, нийгмийн эдгээр зорилтуудыг баттай хэрэгжүүлэхийн тулд  сайн засаглал хэрэгтэй. Иймд төрийн албыг мэргэжлийн, тогтвортой, цомхон үр өгөөжтэй, хариуцлагатай болгох замаар иргэнд үйлчилдэг, хүний төлөө ажилладаг тогтолцоог бүрдүүлэх нөхцлийг хангаж ажиллана. Төрийн албан хаагчдаас ард иргэдэд алагчлалгүй, зандрал ихэрхэлгүй хандах төрийн хүний төлөв төвшин чанар, ёс зүй гэдгийг мөрдлөг болгож ажиллахыг шаардана. Хариуцлагагүй, хэнэггүй, тоомжиргүй, чадваргүй хэнбугай ч төрийн албанд орон зайгүй болох ёстой. Авлига, хээл хахууль хүндрэл чирэгдэлтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцож, нийгмийн шудрага ёсны хүсэмжлэлийг түшиглэн ажиллана.  

Сайн засаглалын нэг үндсэн шинж бол нээлттэй засаглал мөн. Нээлттэй засаглалын нэг гол шалгуур нь санхүүгийн бүх үйл ажиллагаа ил тод байхыг хэлнэ. Тиймээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа, Засгийн газрын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг интернэтэд ил тод тавьж, ард түмний өмнө нээлттэй болгоно. Мөн хүнд суртал, зөвшөөрөл лицензийн тогтолцоог эрс хөнгөвчилж, бүртгэлийн тогтолцоог бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлийг хангаж, ард иргэдийн санал бодол, дуу хоолойг шууд сонсдог шугам, сувгийг бий болгоно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол хүн бүрт, өрх болгонд нийгмийн зорилтод бүлгүүдэд, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнест хандсан Засгийн газрын бодлого, шийдвэр хаана очоод гацаж байна, хэн завхруулж байна, хэн завшиж байна гэдэг талаар иргэдтэйгээ хамтарч ажиллах болно. Улс орны эрх ашиг бүхий томоохон асуудлуудын талаарх сөрөг хүчин, хэвлэл мэдээлийнхэн болон нийгмийн шүүмжлэлийг хүндэтгэн сонсч, авах гээхийн ухаанаар хандана.

Эцэст нь нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд өнгөрсөн хугацаанд дэлхийн эдийн засгийн хямралыг харьцангүй хохирол багатайгаар даван туулсан бол дахин хямрал нүүрлэн ирж болзошгүйг олон орны төрийн тэргүүн, дэлхийд нэртэй эдийн засагчид онцлоод байна. Хүнд хэцүү иймэрхүү бүхий л сорилтуудыг ухаалгаар угтан тосч, шийдвэрлэхийн төлөө бид ажиллах болно. Манай Засгийн газрын бодлого шийдвэрийг шүүн хэлэлцэж, зөвийг нь тэтгэж, бурууг нь буцааж, зөвлөж дэмжиж ажи  ллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас хүсч байна. Бэрхшээл сорилтыг хамтдаа давж, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа урагшлахыг ард иргэддээ уриалж байна.


Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах