Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан халамжийн тэтгэвэр авах тогтолцоог бий болгохыг Засгийн газар зорьж байна

Нийтэлсэн: - 2011/12/19 16:26 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа “Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалт” Төрийн ордонд болж байна. Энэхүү уулзалтад Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар оролцож үг хэллээ. Төр засгийн удирдлагууд, орон нутгийн төлөөлөл, холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүн амын сан болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид, Монголын ахмадын холбоо, Чөлөөт ахмадын холбоо, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож буй энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ахмад буурлууд аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Засгийн  газраас санаачлан зохион байгуулж буй “Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалт”-д оролцохоор хуран цугласан та бүхэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөсболонхувиасаачин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Ахмад настны аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах, ахмадуудаа эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байнга байдаг билээ. Ахмад буурлууд Та бүхэн маань улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, хойч үеийнхний сайн сайхан амьдралын төлөө амь бие хайргүй зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн гавьяатай, төр, засгийнхаа хайр ивээлийг эдлэх бүрэн эрхтэй билээ.

Тийм ч учраас ахмад настнуудын асуудал үе үеийн Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүр ч онцгой байр суурь эзэлж байгаа юм. Тухайлбал, нийгмийн халамж, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүн амын насжилтийн стратегийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг өнөөгийн болон ирээдүйн ахмадуудын нийгмийн баталгааг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах арга хэмжээг авч эхэлсэндээ баяртай байна.

Түүнчлэн ахмадууд та нарынхаа ажил, амьдралын арвин туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх, нийгмийн баялгийг арвижуулах эх булаг болгон ашиглах, өтөл насанд нь үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, тусламжийг сайжруулахад зориулж, эмнэлэг, асрамж, сувиллын газар, ахмадын ордон байгуулах зэрэг тодорхой ажил хийгдэж байна. Үндэсний статистикийн хорооны 2010 оны мэдээгээр нийт хүн амын 7.3 хувийг ахмад настнууд эзэлж байна. Энэ нь хүн ам зүйн харьцангуй тааламжтай үзүүлэлт боловч 20 жилийн дараагаас энэ байдал өөрчлөгдөж 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх бодлогын чиглэлүүдийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд батлан гаргасан билээ. Энэхүү баримт бичиг нь урт хугацаанд ахмад настнуудын талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлж байгаа бөгөөд ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх талаар бид өнөөдрийн чуулга уулзалтаар илүү тодорхой болгох боломжтой гэж үзэж байна.

Та бидэнд азтай цаг үе тохиож байна. Өнөөдрийг хүртэл та бүхний маань амь биеэ хайрлалгүй хамгаалж хадгалж ирсэн эх орныхоо баялгийг ашиглах түүхэн боломж бидэнд олдож байна. Энэ бол манай орны хөгжлийн үндэс, та бидний амьжиргааны чухал эх үүсвэр гэдэгтэй хүн бүр санал нэгдэх байх аа. Байгалийн баялгаас олсон орлогынхоо дээжээс иргэддээ хүртээх ажлыг эхлүүлсэндээ бид баяртай байгаа. Анхны энэ оролдлого алдаатай ч байж болно. Гэхдээ дараа дараагийн ашигтай хэлбэрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн туршлага болно гэж найдаж байгаа билээ.

Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэлээс төсөвт орох  орлого нэмэгдсэнээр төрийн албан хаагчдын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүнсний талон олгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах зэрэг зорилтот төслүүдийг туршин хэрэгжүүлэх боломж олдсон бөгөөд энэ ньэ дийн засгийн хямралын болон түүний дараах үед хүн амын, ялангуяа ахмад настны орлогын баталгааг хангах, тэдний хэрэглээг дэмжих чиглэлд зохих үр дүнгээ өгч байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг  30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 50-100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 372 мянган төгрөгийн хишиг, хувийг иргэн бүрт бэлнээр олгоод байна.

Манай улсын эдийн засаг өсч байна.Эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд улам нэмэгдэх төсөөлөл гарч байна. Энэхүү өсөлтийг хэрхэн үр өгөөжтэй, зөв хуваарилах нь дараа дараагийн Засгийн газруудын анхаарлын төвд байх учиртай. Эдийн засгийн өндөр өсөлтийн үр шимийг ахмад үеийнхэн ч, ид насныхан ч, ирээдүй, хойч үе маань ч хүртэх боломжийг бид хангахын  тулд Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодож төлөвлөсөн зүйлүүд олон байна.

Нийгмийн халамжийн тогтолцоог үр ашигтай болгож, ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, өрхөд чиглүүлж, хамрах хүрээг нь оновчтой тогтоох, тэтгэмж, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Засгийн газар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байна. Ирэх оноос халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинд ойртуулж нэмэгдүүлэх, халамжийн тэтгэвэрт тавьдаг олон нөхцөл, шалгуурыг өөрчилж  Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан халамжийн тэтгэвэр авах тогтолцоог бий болгохыг зорьж байна.

Ахмад настанд нийгмийн хамгааллын нэмэлт баталгаа бий болгож, ядуурлаас хамгаалах, тэтгэврийн орлогын тэгш бус байдлыг багасгах зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлэх нийгмийн суурь тэтгэврийг шинээр бий болгохоор төлөвлөж, холбогдох хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Дундаж тэтгэврийн хэмжээ харьцангуй доогуур, тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа нөхцөлд нийгмийн суурь тэтгэвэр нь ахмадуудад байгалийн баялгийн орлогоос хүртээх оновчтой хэлбэрүүдийн нэг гэж үзэж байна. Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох зорилтын дагуу нийгмийн даатгал, түүний дотор тэтгэврийн шинэчлэлийн тулгамдсан асуудлуудыг ахмад настнуудад ээлтэй байдлаар шийдвэрлэх болно. 

Ирэх онд “Хүнийхөгжилсан”-аасиргэн бүрт сар бүрийн 21 мянган төгрөгийг эхний хагас жил дуустал үргэлжлүүлэн олгохын зэрэгцээ хишиг, хувийн үлдэж буй 1.0 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа олгох арга хэмжээг авахаар шийдвэрлээд байна. Цаашид хүн амын насжих үйл явцтай уялдуулан байгалийн баялгийн орлогын тодорхой хэсгийг ирээдүйн тэтгэврийн зардалд зориулан хуримтлуулах нь зохистой гэж үзэж байна. Энэ талаар болон та бүхэнд өөр санал байвал өнөөдрийн энэ чуулган дээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.

Ахмад настны онцлог, өвөрмөц хэрэгцээнд нь нийцсэн нийгмийн халамж, асрамж, хөгжлийн болон эрүүл мэндийн, амралт, сувиллын  үйлчилгээг хөгжүүлэх, төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах асуудал бидний өмнө тулгамдаж буй зорилтуудын нэг юм. Улсын хэмжээнд ахмад настанд зориулсан хөгжлийн  танхим 111, сувилал болон нөхөн сэргээх 76 төв, төрөлжсөн асрамжийн 7 газар үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Архангай, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон аймагт ахмадын ордныг шинээр барьж ашиглалтад орууллаа. Энэ бол хангалттай биш ч гэсэн, ажлын тодорхой эхлэл бөгөөд цаашид энэ хүрээнд ахмадууд та бүхнийхээ санал хүсэлт, эрэлт хэрэгцээг үндэслэн санаачилж нэвтрүүлэх, ажил хэрэг болгох олон ажил байна. 

Төрөөс хүүхэд, эхчүүд, ахмад настны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж, эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сангаас жилдээ 1,1 сая хүртэл төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр 2008 оноос хойш улсын хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийг дэмжих 27 төвийг шинээр, хөдөө оронн утагт 31 сумын эмнэлэгийг ашиглалтанд оруулж, 23 сумын эмнэлгийг бариулж  байна. Энэ бол ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр болно гэж үзэж байна. Цаашдаа алслагдсан газарт амьдарч байгаа ахмад настнуудад эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, ахмадын сэргээн засах, зөв хооллолт, эрүүл насжилтийг дэмжих зэрэг шинэ хэлбэрийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байна.

Хүн амын, тэр дундаа ахмад настнуудын аж байдлын асуудалд орон сууцны нөхцөл, хангамжийг сайжруулах зорилт зайлшгүй чухал билээ. Манай Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд энэ тал дээр зарим ахиц гарлаа. Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос зохион байгуулж, 1620 ахмад дайчин, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд орон сууцтай боллоо. Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган айлын орон сууц” зорилтот хөтөлбөрийг эхлүүлж, иргэдийн худалдан авах чадварт тохируулж орон сууцны зээлийн хүүг 0.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Хөтөлбөрийн хүрээнд 2016 он хүртэлх хугацаанд орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, ахмад настанд зориулсан нөхөн сэргээх, сувилах эмнэлэг бүхий тусгай зориулалтын ахмадын орон сууц барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Эрхэм зочид төлөөлөгчид өө,

Хүндэт ахмадууд аа.

Манай Засгийн газар дээр дурдсан зорилго, зорилтуудаа  үргэлжлүүлэн хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгохын тулд ирэх оны төсөвт шаардлагатай санхүүгийн боломжит эх үүсвэрүүдийг тусгасан. Цаашид нийгмийн хамгааллын бодлогыг боловсронгуй болгохдоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд зэрэг анхаарлын төвд байх ёстой хэсгийг гэр бүлдээ, хань ижил, үр хүүхэд, ах дүү хамаатан садантайгаа хамт аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийг хичээх болно.

Тиймээс гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаар бид тусгайлан зөвлөлдөх учиртай. Ахмад настнуудын маань амьдрал ахуй, нийгмийн оролцоо, хөгжил дэвшилд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулахад та бүхний оролцоо, санал зөвлөгөө үнэтэй хувь нэмэр болно. Тиймээс өнөөдрийн зөвлөлдөх уулзалт бидний хийж байгаа ажлыг үнэлж дүгнэх, хийх ажлын чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Энэ ялдамд Монгол Улсын өнцөг булан бүрээс ахмад настнуудаа  төлөөлөн ирж энэхүү уулзалтад оролцож буй нийт ахмадууддаа шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Зөвлөлдөх уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.

 

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах