Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

2013-2017 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Нийтэлсэн: - 2012/07/04 16:28 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

Монгол хүнийг хөгжүүлэх, ажиллаж, амьдрах аюулгүй, таатай орчин бүрдүүлэх нь Хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Мөн хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд аж үйлдвэрийн суурийг тавих, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгож байна.

Үүнтэй холбогдуулан жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, төсвийн тодотголд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийн болон урсгал зардлын санхүүгийн эх үүсвэрийг тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгалаа. Түүнчлэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тооцоолох шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах замаар хөгжлийн төлөвлөлтөд нийцүүлэх, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулж байх юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх төслүүдэд төсвөөс гаргах нийт хөрөнгийн хязгаарыг олон улсын жишгийг баримтлан оновчтой тогтоож байхаар боллоо. Хуралдаанаас сайд Ц.Дашдоржид хэд хэдэн үүрэг өгсөн байна. Тухайлбал төрийн захиргааны төв байгууллагуудын ажлын уялдааг сайжруулж, ажлыг нь шуурхай болгох, төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 Мөн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон сууцыг төсвийн хөрөнгөөр барьж байгааг эцэслэж, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөнгөлөлттэй зээл, нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар зохион байгуулалттай бариулж, моргейжийн зээлд хамруулан шийдвэрлэж байхыг үүрэг болгожээ.

Түүнчлэн төрийн өмчит хуулийн этгээдийн шаардлагатай үндсэн хөрөнгө бэлтгэх, тэдгээр байгууллагын ажилтнуудын ажлын байр, албан тушаалын орон сууц, бусад техник хэрэгслийн хангамжийн судалгаа хийх, аймаг, нийслэл дэх төрийн байгууллагуудад конторын нэгдсэн байр барих зарчим баримтлан стандарт, журмыг шинэчилж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын төсөвт тусгахаар төлөвлөн, хөтөлбөр, төсөв боловсруулах удирдамжид заасан хугацаанд хүргүүлж байхыг холбогдох агентлагийн удирдлагуудад даалгалаа.

ЭРДЭНЭТ-МӨРӨН-ОВООТЫН ЧИГЛЭЛД 628 КМ ТӨМӨР ЗАМ ТАВИНА

Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилтай танилцлаа.

Үүнтэй холбогдуулан суурь бүтэц барих ажлыг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр концессын зүйлийн жагсаалтад оруулах шийдвэр гаргалаа. Бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Шинэ төмөр зам барихад ойролцоогоор 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай. Төмөр зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Мөрөн, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Хатгал, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар дайрч өнгөрөх юм.

Шинэ төмөр замаар жилдээ Овоот-Мөрөнгийн чиглэлд 13.5 сая тонн, Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 22.2 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд хоногт 11-18 хос галт тэрэг нэвтрэх юм байна. Мөн хуралдаанаар “Дулааны цахилгаан станц-5” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын үнэлгээтэй танилцав.

Үүнтэй холбогдуулан хамгийн сайн нөхцөл санал болгож, өндөр оноо авч шалгарсан нэр бүхий компаниудын түншлэлтэй тариф бууруулах, төслийн өртгийг багасгах, тоног төхөөрөмжид тавих шаардлагыг өндөрсгөх, концессын болон холбогдох бусад гэрээний нөхцлийн талаарх хэлэлцээг яаралтай эхлүүлэхийг Төрийн өмчийн хороонд үүрэг болголоо.

Хуралдаанаас нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Аж ахуйн нэгжүүд үйлдвэр байгуулахад шаардлагатай нөхцөл хангасан газар, усны хайгуул хийх зөвшөөрөл олгох, үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх  зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

ГУРВАН ЯАМ АЖЛААРАА БУСДЫГАА МАНЛАЙЛЖЭЭ

2011 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам өндөр үнэлгээ авсан байна. Мөн өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээр өндөр үнэлгээ авсан Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус бүрт нь сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор болов.

Үүнээс гадна үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал асуулга авч үнэлж, дүгнэж байх, хяналт-шинжилгээ үнэлгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа.

ТОВЧ МЭДЭЭ

  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга, 18 ба түүнээс дээш насны гишүүнд сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар тогтлоо.
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвөөс гадуур зардал гаргахгүй байх, төсвийн орлого, зарлагаа нэмэгдүүлснээр төлөвлөгдсөн орлого тасарсан нь улсын төсвийн орлогын төлөвлөгөөг таслах үндэслэл болохгүй учир орлогыг бүрэн төвлөрүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 
  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Манай улс 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын баталгаажуулалтад орж, санаачлагыг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан “нэр дэвшигч” орноос “шаардлага хангасан” 4 дэх орон болсон байна. Мөн өнгөрсөн онд энэ санаачлагын Олон улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал хүртжээ.
  • Газрын тосны хайгуулын Матад-ХХ талбайд Газрын тосны газар, “Петро Матад” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг 5 жилээр сунгалаа. Анх гэрээ байгуулахдаа 5 сая ам.долларыг хайгуулд зарцуулахаар тохирсон байсан бол өнөөдрийн байдлаар 40 орчим сая ам.доллар зарцуулаад байна.
  • Энэ оны зургаадугаар сар хүртэл хугацаанд гарсан аюулт үзэгдэл, ой, хээрийн болон обьектийн түймэр, мал, амьтны халдварт өвчний улмаас Хэнтий, Төв аймаг, Хил хамгаалах ерөнхий газарт учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлах, энэ оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан аврагч, албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт шаардагдах 1 тэрбум гаруй төгрөгийг нөөц сангаас гаргахаар тогтлоо.
  • Улирлын чанартай төсвийн орлого, зарлагын зөрүүг нөхөх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт эргэн төлөгдөх нөхцөлтэй 2 тэрбум 500 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор тогтов. 
  • Булган аймгийн Татварын хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 айл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд байрлалтай 401 дүгээр байрны 9, 41, 52 тоот, 403 дугаар байрны 33, 43, 63, 78 тоот, 404 дүгээр байрны 52 тоот, Байшин үйлдвэрлэх комбинатын ажилчдын орон сууцны 5, 16Б, 36 тоот,  СХД-т байрлалтай Бөөний худалдааны болон Батлан хамгаалахын нийтийн байрны 9-1, 28-30 тоот, Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8 айл, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айл, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Есөнбулаг” компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айлын орон сууцыг тус тус орон суугчдад нь хувьчлахыг зөвшөөрлөө.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
  • УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын зарим тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай төсөл, гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн уламжлахаар болов.
  • Лондонгийн олимпоос медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга санаачлан боловсруулсан байна. Энэ онд спортын төвлөрсөн арга хэмжээний зардлыг 10.2 тэрбум, үүний дотор шагналын зардлыг 2 тэрбум төгрөг байхаар УИХ-аар батлуулсан. Батлагдсан төсөвт тусгагдаагүй аливаа арга хэмжээ, төслийг батлан хэрэгжүүлэх нь Төсвийн тухай хуульд нийцэхгүй тул төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
  • Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны 5 дугаар хуралдаанаас нийгэмлэгийн дансанд байгаа төмөр замын Чойр, Сайншанд, Замын-Үүд, Зүүнхараа өртөөний эмнэлгийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан дээрх эмнэлгүүдийг хүлээн авах боллоо. 
  • Боловсролын салбарт БНСВУ-тай 2015 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Хэлэлцээрийн дагуу 2012-2015 онд жил бүр 15 монгол оюутан суралцах юм. Мөн дээд боловсролын болон судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж, багш, судлаач солилцох зэрэгт ахиц гарах юм байна.
  • “Багануур”, “Шивээ-Овоо” компанийг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлж, нэр бүхий 21 аж ахуйн нэгжийг төлбөрөөс хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
  • “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн дүрэм, Конвенци”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Монгол циркийг үндэслэн байгуулагч, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Цэндийн /Өвгөөдэй/ Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр тогтов.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах