Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Алгаа тосдог бус ажил хийдэг үе ирлээ

Нийтэлсэн: - 2010/06/10 21:12 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

С.Батболд: Алгаа тосдог бус ажил хийдэг үе ирлээ Тавантолгой ордыг ашиглах асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд С. Батболдын хэлсэн үг

Улсын Их Хурлын дарга, 
Улсын Их Хурлын гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн эх орныхоо байгалийн баялаг, өгөөж хишгийн үр шимийг хүртэх бололцоог Монголчууд бидэнд олгох уул уурхайн томоохон төслийн талаарх Засгийн газрын байр суурийг Улсын Их Хуралд танилцуулж байна. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үзэл баримтлал юм. Өмнийн говьд орших Тавантолгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны  ордын зүг эзэн нь болсон монгол хүн бүр итгэл найдварын харц тавьсаар багагүй хугацаа өнгөрч байна. Стратегийн ач холбогдол бүхий эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай Улсын Их Хурал 2008-2009 оны заагаар нухацтай хэлэлцэж, холбогдох удирдамж, ерөнхий зарчмыг баталсан билээ.

Оюу толгойгоор түүчээлсэн их бүтээн байгуулалт одоо Тавантолгойгоор үргэлжлэх гэж байна. Хамтарсан Засгийн газрын үед анх удаа нүүрс угааж баяжуулах үйлдвэрүүдийн суурь тавигдлаа. Хагас коксжсон түлш үйлдвэрлэх ажил эхэллээ. Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлыг эрчимжүүллээ. Монголын сэргэн мандалт, үндэсний эдийн засгийн тэлэлт, Монгол хүний хөгжлийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн өөдлөн дэвжилт ирэх үеийг бид угтаж байна. Тиймээс Монголын төр засаг, хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ нийлээд бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх хүсэл итгэл дүүрэн байна. 

Энэ хүсэл итгэл маань Монголоо баян чинээлэг бас хөгжсөн улс болгох зорилгод чиглэж байгаа юм. Дэлхийд байгалийн нөөцөөр баян улс олон байдаг. Уул уурхайн салбараар хөрөнгөжсөн нь ч цөөнгүй бий. Тэгэхдээ баян байна гэдэг нь хөгжсөн улс байна гэсэн үг биш. Хөгжсөн улс гэдэг баян байхын зэрэгцээ үйлдвэрлэгч байдаг бөгөөд, иргэд нь бэлэнчлэх сэтгэлгээг бус бүтээгч сэтгэл, бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг. 

Аливаа улс орны хөгжил нь газар зүйн байршил, далайн гарц, том гүрнүүдийн стратегийн бодлогод эзлэх байр суурь, байгалийн баялаг гээд олон хүчин зүйлээс хамаарч ирсэн. Баялаг бүтээх чадвартай, хөдөлмөрч ухаалаг ард түмнүүд хөгжиж ирснийг далайд гарцгүй Ботсвана, Чех, Люксембург зэрэг орон харуулж байна. Байгалийн баялаггүй шахам атлаа хөгжлийн өндөрлөгт хүрсэн Япон, Солонгос, Сингапур болон Европын олон орон ч бас бий.

Юмгүй үед гачигдах дутагдахын зовлон байдаг бол юмтай үедээ эзэн байж чадахгүй бол бас зовлонд учирдаг. Эрснээ олоогүй хүн хоосон буцдаг бол эзэн болж чадаагүй хүн хоосорч үлддэг гашуун сургамжийг ч түүх үлдээжээ. Хувь заяаны хишиг, цаг үеийн зол завшаан тухайн улс үндэстэнд баян чинээлэг байж чадах эсэхийн шалгуур, сорилт болдог. Ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний түүхийн жам ёсны хөгжлийн голдрилд хөл тавиад хоёр арваныг туулж буй Монгол улсын өмнө өнөөгийн нөхцөл байдал нь ийм шинэ сорилт, шинэ боломжийг нээж байгаа юм.

Эх орны газар нутгаас бэлэн олдож буй ордууд нь монголчуудыг баялагтай төдийгүй, бүтээгч ард түмэн, хөгжилтэй улс орон болох давхар давхар боломж, завшааныг олгож байна. Энэхүү боломжийг би улсаа шинэ үзэл баримтлалаар бүсчлэн хөгжүүлэх, үүнд зохицсон төрийн үйлчилгээний стандарт, бүтэц зохион байгуулалтыг бий болгосон хөгжлийн бодлого гэж харж байна. Ийм ч учраас Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал нь юуны өмнө ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН болох үзэл баримтлалд тулгуурласан. Мөн уул уурхайн салбарын дагалдах аж үйлдвэр, дэд бүтцийн  салбарыг эрчимтэй хөгжүүлж, 2.7 сая иргэндээ эдийн засгийн үр шимийг нь хувьцаа хэлбэрээр тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээндээ зориулах боломжийг бодлогодоо тусгалаа.
  
Бэлэнчлэх сэтгэлгээнээс салж бүтээх аянд бүх нийтээрээ шамдах нөхцлийг Тавантолгой зэрэг томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого бүрдүүлэх учиртай. Орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаас бий болох санхүүгийн эх үүсвэр нь бүтээн байгуулалтанд далайцтай хөрөнгө оруулж, ард иргэдээ ажил хөдөлмөрийн фронтоор хангах өргөн боломжийг Та бидэнд нээж байна. Уул уурхайн салбар нь ашиг орлого ихтэй боловч ажлын байр шууд олноор бий болгохоос илүү техник, технологийн дэвшлийг шаарддаг. Харин уул уурхайг дагалдах төмөр зам, авто зам, эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нь ажлын байрыг хамгийн ихээр бий болгоно.

УИХ-аар одоо хэлэлцэгдэж буй “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”, “Утаагүй Улаанбаатар” төсөл нь уул уурхайн салбарын хөгжил, тэр дотроо Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай уялдаатай. Энэ бүтээн байгуулалтыг уул уурхайн салбартай холбож, түүнээс орох орлогоор санхүүжүүлэх саналыг Засгийн газраас дэвшүүлсэн бөгөөд “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт хувь хишиг олгох нь энэ цогц бодлогын нэг хэсэг юм.
           
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашиг орлого нь Монгол Улсад үлдэж байх зарчмыг баримтлах нь бидний эрхэм зорилго. Тавантолгойн ордоос гарах нүүрсийг угааж баяжуулах, боловсруулах нь энэ ордыг ашиглах төслийн салшгүй хэсэг юм. Үүнийг зөвхөн ярих биш Засгийн газрын хувьд заавал хэрэгжүүлэх ёстой ажил гэдгийг бид ухамсарлаж байна. Энэ ажил нь Тавантолгой төслийн нэгэн бодит үр дүн болж хэрэгжинэ. Энэ чиглэлээр Засгийн газраас татвар, санхүүгийн бодлого боловсруулж,  Өмнийн говийн дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг баталж, Хөгжлийн банк байгуулахаар болж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Татварын холбогдох хуульд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зарим нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо. 

Аж үйлдвэрийг дотооддоо хөгжүүлэх бодлогыг тэргүүн ээлжинд тавьж хэрэгжүүлэхдээ Тавантолгой ордоос гарах боловсруулсан нүүрс болон бүтээгдэхүүнийг аль болох олон чиглэл, гарцаар хөрш орнуудын болон гуравдагч зах зээлд гаргахаар эрмэлзэж байна. Австрали, Индонези зэрэг улсын нэгэн адил дэлхийд нүүрс экспортлогч тэргүүлэгч улс болж байж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн зорилго биелэх нэг арга зам нээгдэнэ. Энэ явцад дэлхийд тэргүүлэгч үндэсний уул уурхайн аж ахуйн нэгжүүдийг бий болгох зорилт бодитоор хэрэгжих боломжтойг Бразил, Индонези, Австралийн туршлага нотолж байна.  
       
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Тавантолгойн үзэл баримтлалын агуулга нь дан ганц хатуу дэд бүтэц, үйлдвэр байгуулахад чиглэгдээгүй. Зөөлөн дэд бүтэц, өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах бодлого зорилгыг агуулсан. Үүний цаана хүний хөгжлийг хангах том зорилго байна. “Монгол Улс маань бүтээгч байхын тулд Монгол хүн бүр ажилтай, Монгол хүн бүр боловсролтой, Монгол хүн бүр эрүүл байх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд төр нь иргэдтэйгээ ойрхон байх ёстой” гэж би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тэр агшинд УИХ-д хандан хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн. Ийм учраас өргөн барьсан бодлогын хүрээнд Тавантолгойн урьдчилгаа төлбөрийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж, тус хуульд заасан хэлбэрээр боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулна.

Тухайлбал уул уурхайн салбараас олох орлогоос олон мянган залуусаа өндөр хөгжилтэй орнуудад сургах, дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд зарцуулж хүнээ хөгжүүлнэ. Ингэснээр Монгол улсыг монгол толгой хөгжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох алсын том зорилт хэрэгжих үндэс тавигдана.      

БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН гэдэг нь юуны өмнө бодит өмчийн жинхэнэ эзэн байж зах зээлийн нийгэмд өөрийн гэсэн ашиг орлоготой, алдах юмтай эсэхээр тодорхойлогдоно. Мал, орон сууц, газрыг өмнөх Засгийн газруудын үед иргэддээ шууд хувьчилсан. Энэ нь зах зээлийн нийгмийг хөгжүүлэх, иргэдийг өмчтэй болгох чухал алхам байсан.    

Иймд Тавантолгойн орд газрын лиценз эзэмших төрийн өмчит компанийн хувьцааны хэсгийг ард иргэддээ “Хүний хөгжил сан”-гийн хуулийн дагуу эзэмшүүлэх, мөн Ашигт малтмалын хуулийн дагуу хувьцааны тодорхой хэсгийг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах заалтыг үзэл баримтлалын төсөлд санал болгосон. Энэ нь төрийн өмчийг ард иргэддээ шууд эзэмшүүлэхээс гадна Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд хувьцааны тодорхой хэсгийг эзэмшснээр компанийн менежментийг сайжруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд өнөөдрийг хүртэл түгээмэл байгаа засаглалын доголдол, авлига, хээл хахуулийн хардлага сэрдлэгээс эхнээс нь ангид байлгахад чухал ач холбогдолтой байх болно.

Бид уул уурхайн баялгийн үр шимийг иргэдээ ялгаварлалгүй, тэгш хуваарилах, тэгэхдээ хүний хөгжлийг нь тэтгэх зарчмыг баримтална. Монгол хүн бүр эх орныхоо баялгаас шударгаар хүртэх бүрэн эрхтэй. Мөн үндэснийхээ компаниудад уул уурхайн олборлолтонд оролцох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг тэргүүн ээлжинд барьж байгуулах, төрийн өмчийн компанийн хувьцааг эзэмших боломжийг ч тэгшхэн олгоно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН болохыг бидний хөгжлийн өнөөгийн цаг үе шаардаж байгаагийн зэрэгцээ гадаад нөхцөл ч үүнийг бүрдүүлж байна. Дэлхийн хүн ам огцом нэмэгдэж, хүнсний дутагдалд нэрвэгдэх хүний тоо ч өслөө. Дэлхийн байгаль орчны өөрчлөлтийн явцад ган зуд, газар хөдлөлт, гал усны аюулийн давтамж ч нэмэгдлээ. Байгалийн нөөц шавхагдаж, өрсөлдөөн улам ширүүсч байна. Улс үндэстэн бүр ойрын ирээдүйд учирч болох эдгээр аюулаас өөрийгөө хамгаалан авч гарах чадамж, санхүүгийн боломж, харилцаа хамтын ажиллагаа, дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн байр суурьтай байх ёстой.

Дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөгдсөн байр сууриа бэхжүүлэх боломж томоохон уул уурхайн төслүүдээр дамжин бий болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Монгол Улс далайд гарцгүй. Иймд уул уурхайн орд газруудын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах нь далайд гарах гарцаа баталгаажуулах ач холбогдолтойгоос гадна үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилд түлхэц өгөх нөхцлүүдийг ч угтуулан тавьж ажиллах болно.
 
Ийм арга хэмжээг Тавантолгой болон бусад орд газрын талаар яриа хэлэлцээ явуулахдаа зайлшгүй бодолцож бодитоор хэрэгжүүлэх ёстой. Энэ боломжийг бүрдүүлсэн хувилбарыг Тавантолгойн бодлогын хүрээнд өргөн барьж байна.

Үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн ирмүүн хүсэл, элбэг баян түүхий эд байснаар бүх юм санаснаар бүтэхгүй. Энд зөв менежмент бүхий сайн засаглалын стандарт нэн чухал. “Засаглалын ялгаа” байгаа учраас зарим нь зөв, зарим нь алдаатай, үрэлгэн шийд гаргадаг. Зөв шийдвэр гаргах үндсэн нөхцөл нь сайн засаглалын стандарт байдаг. Сайн засаглал нь байгалийн баялгаас орж ирэх орлогыг төрийн мэдэлд ойрхон цөөн этгээд завших явдлаас хамгаалж, ард түмнээ бүтээн байгуулалтад оролцуулах, өрх бүрийг сайхан амьдрах бололцоогоор хангаж чаддаг засаглал юм.

Манай Засгийн газар олон улсад түгээмэл хэрэглэгддэг сайн засаглалын стандартыг нийгмийн бүхий л салбарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. УИХ-аар одоо хэлэлцэгдэж буй “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” нь энэ чиглэлээр авч буй алхмуудын нэг болно. Мөн олборлох салбарын ил тод байдлын олон улсын санаачилгад нэгдэж, өөрийн улсдаа амжилттай хэрэгжүүлж байна. Засгийн газрын ажлын хэсгүүд байгуулагдан стандартыг сайжруулах, бизнес орчныг шинэчлэх ажлуудыг хийж байна. Европын холбоотой байгуулахаар хэлэлцэгдэж буй Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөлд Европын стандарт, нормыг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах заалт оруулж байна. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол томоохон уул уурхай, төмөр зам, орон сууц, аж үйлдвэрүүдийн цогцолборыг бүтээн байгуулах ажил олон жилээр ухрах урхагтайг улс төрд ойр хүн бүхэн сайн ойлгож байгаа.

Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний үр шимийг ард иргэддээ хүртээх нь манай Засгийн газрын нэг гол зорилго юм. Чухам энэ зорилгын үүднээс гол хоёр нам хамтарч Засгийн газрыг байгуулсан. Иймд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, эрхэм гишүүд Та бүхнийг Таван толгой ордыг ашиглах үзэл баримтлалыг сайтар хэлэлцэж зөв жишиг тогтооход анхааралтай хандана гэж найдаж байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэж ардын минь зүйр үг бий. Асуудлыг олон талаас нь хэлэлцэж, их хөгжилд хүргэх, иргэн бүрт ашигтай, эх орондоо хэрэгтэй хэлбэрээр нь шийднэ гэж итгэж байна.

Нийт ард иргэд ээ,

Монгол тооллоор зуны дунд сар гуравхан хоногийн дараа гарах гэж байна. Хүнд өвөл, хахир хатуу хаврыг бид хамтдаа давлаа. Дэлгэр сайхан цагтай золголоо. Монголчууд бид бүтээгч ард түмэн болох, сайн цагийг ойртуулах хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт, ирмүүн хөдөлмөрийн гараан дээр ч бас ирлээ. Энэ бол алгаа тосдог бус ажил хийдэг, бэлэнчилдэг биш бүтээдэг үе. Гар хардаг биш гараа хөдөлгөх үе. Толгой сэгсэрч суух биш толгойгоо ажиллуулах үе. Ингэснээр Монгол улсын, Монгол хүний хөгжил дэвшлийн шинэ үеийн эх суурь тавигдах болно. Та бид хамтдаа чадна. Ерөнхий сайд УИХ-ын чуулганд үг хэлсний дараа УИХ-ын гишүүдийн асуултанд хариулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн ордон. 2010.06.10

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах