Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Иргэний нийгмийн төлөөлөл төр засагтайгаа анх удаа өргөн хүрээтэйгээр хамтран хуралдаж байна

Нийтэлсэн: - 2012/03/09 15:59 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ , Үйл явдал / Event , Үйл явдал

Аливаа шийдвэрт  дан ганц улс төрийн оролцоо давамгайлах тусам гарах үр дагавар нь амьдралаас хөндий, ард иргэдэд ч үр өгөөжөө өгөх нь учир дутагдалтай байдаг. Нөгөө талаас иргэдийн дунд янз бүрийн санал санаачилгын олон хэлбэрээр орон нутаг, улс үндэстний хөгжилд оролцоогоо илэрхийлэх гэсэн хандлага нэмэгджээ. С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас  иргэдийн энэхүү  оролцоог дэмжих, хамтран ажиллах санаачилгыг  дэмжиж 2008 онд “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” тогтоол гаргаж, Иргэний нийгмийн зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллах болсон. Үүний үр дүнд Засгаас гарч буй шийдвэрүүд тодорхой хэмжээгээр тунгалагших, нээлттэй болох үр дүнгүүд гарч байгаа.

Энэ бүгдийн үргэлжлэл болсон Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаархи төрийн үзэл баримтлал үндэсний чуулган Төрийн ордонд  эхэллээ. Засгийн газраас иргэний нийгмийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт  хийдэг уламжлал тогтоод гурав дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Харин энэ удаагийн  Үндэсний чуулган нь сүүлийн 20 жилд төр болон иргэний нийгмийн төлөөлөлүүд анх удаа ийнхүү өргөн хүрээтэйгээр хамтран хуралдаж,  томоохон үзэл баримтлалыг гаргах гэж байгаагаараа онцлог гэж хэлж болох юм.

Үндэсний чуулганд  Улаанбаатар хот  болон 21 аймгийн 500 гаруй  иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс гадна төрийн болон олон улсын байгуулллагынхан оролцож байна. Тэд энэ чуулганаараа “ Иргэний нийгмийн хөгжлийн талаархи төрийн үзэл баримтлал”  төслийг тал бүрээс нь ярилцах юм.  Энэхүү үзэл баримтлал цаашид Засгийн газраар хэлэлцэгдэж, УИХ-аар батлагдаж төрийн бодлогын албан ёсны баримт бичиг болох ажээ.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тус чуулганд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ  энэ баримт бичиг гарснаар Монгол улсад “ Иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх” тухай Үндсэн хуулиндаа эрхэм зорилго болгосон үйл хэрэгт шинэ түрлэг нэмэгдэх болно гэдгийг онцолсон юм. Үүгээрээ ч чуулганы ач холбогдол , нийгмийн үүрэг нь оршино гэдгийг тэмдэглэлээ.

Орлогын тэгш хуваарилалтаас илүү оролцооны тэгш боломж, нөхцөл бүрдүүлэхийг иргэд хүсч байгааг Засгийн газар анзаарч, түншилж ажиллах нь өнөөгийн шаардлага төдийгүй, сайн засаглалын нэг хэмжүүр гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэж байна. “ Манай нийгмийн хөгжил, ардчиллын хөгжил эдүгээ шинэ  шатанд шилжлээ гэдэгт би итгэж байна. Үүнийг шүүмжлэлт ардчиллаас оролцооны ардчилал руу, улс төрийн ардчиллаас эдийн засгийн ардчилал руу, үг ярианы хийсвэр ардчиллаас ажил хэргийн бодит ардчилал руу хийх шилжилт  хэмээн тодорхойлж байна. Энэ зайлшгүй хэрэгцээ захиалга нь манай энэ үндэсний чуулганыг хийхэд хүргэж байна.

Монгол улс 2011-2013 онд Ардчиллын хамтын нийгэмлэгүүдийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа энэ  түүхэн чухал үед улс орондоо хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулах, улмаар тив, дэлхий, бүсийн хэмжээнд ардчилал, хүний эрхийг дээдлэн хүндэлж, үнэт зүйлсийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд манлайлан оролцох үүргээ нэр төртэй гүйцэтгэх шаардлагатай байна. Монгол улсад төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд хүний эрх, ардчиллын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, эв нэгдлийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжих болно. Энэ зорилгоор “ Ардчиллыг дэмжих Монголын итгэмжлэгдсэн сан”-г байгуулах санаачилгыг дэвшүүлж байна” гэлээ. Түүнчлэн “ Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих тогтолцоо чухал шаардлагатай байна, чухам ямар тогтолцоо, стандартыг бий болгон хэрэгжүүлэхийг чуулганд оролцож байгаа та бүхэн санаачлах ёстой” хэмээн дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах