Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Шинэ стандарт нэвтрүүлэхийн тулд сайд нар Европын улсуудад захидал илгээнэ

Нийтэлсэн: - 2010/01/20 20:48 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Шинэ стандарт нэвтрүүлэхийн тулд сайд нар Европын улсуудад захидал илгээнэ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээн авсны дараа УИХ-д үг хэлэхдээ бусад улс орны стандарт, дэвшилтэт аргуудыг судалж, нэвтрүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Стандартын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд манлайлах үүрэгтэй оролцож Болгар, Унгар зэрэг Европын орны шинэ стандартыг нутагшуулж амжилтанд хүрсэн түүхийг судалж хэрэгжүүлэх, туршлага судлах чиглэлээр Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг Мэргэжлийн хяналтынханд Ерөнхий сайд үүрэг болгов.

Дээрх орнуудын стандартын шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгжид мөрдүүлэхэд хяналт, шалгалтыг чиглүүлэх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны үндсэн зорилтын нэг байх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллахдаа ийм үүрэг өгсөн байна.   

Ерөнхий сайд эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийн ажилтай танилцлаа.

Нэгдсэн төв лаборатори 7,5 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Шинэ лаборатори ашиглалтад орсноор бараа, бүтээгдэхүүнийг олон улсын стандарт, аргачлалын дагуу шинжилж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болох хими, физик, биологийн хүчин зүйлийг илрүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болох юм.

Биотехнологийн салбар эрчимтэй хөгжиж, хүнсний чанар, аюулгүй байдал хурцаар тавигдаж байгаа өнөө үед хяналт шалгалтыг өндөр нарийвчлалтай, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх лабораторийн чадамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Нэгдсэн төв лабораторийн барилгыг ашиглалтад оруулах, Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторуудыг бэхжүүлэхэд Засгийн газар   шаардлагатай арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд хэлэв.

Дараа нь Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очин ажилтнуудтай уулзав.

 “Хүн, малын хөл хориот өвчин“, “Амьсгалын цочмог халтай хам шинж өвчин”, “Шувууны томуу”, “Гар, хөл, амны өвчин”, “Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвар” зэрэг шинэ болон сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах, таслан зогсооход Мэргэжлийн хяналтынхан багагүй үүрэг гүйцэтгэснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндэсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах, төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж, бодитой үр дүн, ахиц дэвшил гаргаж байна. 

Засгийн газар, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран “Бизнесийн хяналтын шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа. Судалгаанаас харахад манай улс хамгийн их хяналт, шалгалт хийдэг Бүгд Найрамдах Тажикстан Улсаас 15 хувиар, Бүгд Найрамдах Белорус Улсаас 8 хувиар илүү хяналт, шалгалт хэрэгжүүлж байна. Энэ нь хяналт шалгалтын тоо, давтамжийг бууруулах, уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжих, хэрэгжихгүй олон дүгнэлтийг цөөрүүлэх цаг болсныг харуулж байна.

Хяналт шалгалтыг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт хутгалдах, зөрчил дутагдал эрж хайх, бизнес эрхлэгчдийн хийж бүтээх цаг  хугацааг алдагдуулах, хүнд суртал, чирэгдэл гаргах, торгож шийтгэх, айлгаж сүрдүүлэх арга барилаар явуулахгүй байх  хэрэгтэй. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг орхигдуулах, авлигад өртөн өргөсөн тангаргаа хөсөрдүүлэх зэрэг зохисгүй үйлдэл, хууль бус үйл ажиллагаа гарсаар байгаатай Засгийн газар хэзээ ч эвлэрэхгүй” гэлээ. 

Аливаа  үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалд нийцүүлэхэд онцгой анхаарах нь хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоо. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, хэм хэмжээ нь хяналтын амар хялбар аргачлал юм. Мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллагын удирдлага, улсын байцаагчдын ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, давтан сургах, нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах талаар бодитой ажил хийх шаардлагатай байгаа.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд нэн түрүүнд төр, хувийн хэвшлийн хийх ажлыг тодорхой зааглах нь чухал. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар түүний харъяа байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээг оновчтой тогтоож, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, төсөв санхүүгийн сахилга хариуцлагыг бэхжүүлэхэд тавих хяналтаас бусад чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. Бизнес эрхлэгчдийн дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, компанийн сайн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад анхаарах хэрэгтэй. 

Аливаа зөвшөөрлийг автоматжуулж, аажим бүртгэлийн тогтолцоонд шилжих, хууль, тогтоомжийн хэрэгжилт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, тендерээр гүйцэтгэж байгаа ажлын явц, хийсэн шалгалтын мэдээллийг яам, төрийн байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг хангуулах талаар хамтран ажиллаж үр дүнг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тайлагнаж байх нь зөв. Хилийн хяналтыг шинэчлэх, хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох чиглэлээр санал боловсруулж Засгийн газраар шийдвэрлүүлэн ажлын явц, үр дүнг тайлагнаж байя. 

Засгийн газраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагааг хөнгөвчилсөнтэй холбогдуулан уг ажлыг ил тод, хүндрэл чирэгдэлгүй хэрэгжүүлж, барилгын чанар, аюулгүй байдлын хяналтыг шинэ шатанд гаргах, орчны тохижилт, ногоон байгууламжийг зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгүүлэн, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангуулахад онцгой анхаар. Олон улсын жишиг шаардлага болсон “Check list” буюу “Хяналтын хуудас”-ыг нэвтрүүлж, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бий болгон, бизнес эрхлэгчдэд учруулдаг хяналт шалгалтын дарамтыг бууруулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө түлхүү өгөх хэлбэрт шилжих хэрэгтэй байна гэлээ

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах