Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Сүхбаатар дүүргийн залуус Сүхбаатарын Батболдыг дэмжихээ илэрхийллээ

Нийтэлсэн: - 2016/06/16 19:18 - Мэдээ, мэдээлэл , Фото мэдээ , Фото мэдээ , Үйл явдал / Event , Үйл явдал

УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргийн залуустай уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Монгол Улсын ирээдүй хойч үе болсон залуусын санал бодлыг сонсох нь маш чухал гэдгийг нэр дэвшигч С.Батболд уулзалтын эхэнд онцлов.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, ажилгүй орлогогүй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үүнд хамгийн түрүүнд өртөж байгаа нь залуус. Учир нь, өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ажилгүй байгаа иргэдийн ихэнхи нь 18-35 насны залуус байгаа юм. Их дээд сургууль төгссөн гурван оюутан тутмын нэг нь ажилгүй байгааг статистик харуулж байгааг нэр дэвшигч С.Батболд хэлсэн.


Залуусын хувьд их дээд сургуулиа төгсөөд “одоо л нэг ээж аавдаа тусалж, ажилтай орлоготой болох нь гэж” баярладаг байсан бол өнөөдөр сургуулиа төгсөхөөсөө айж, “төгсөөд ажилд орж чадах болов уу” гэж ярьдаг болсон гэдгийг нэр дэвшигчид учирласан.

Нэр дэвшигч С.Батболд “оюутан, залуус сургалтын төлбөрөө зээлээр төлж, сургуулиа төгссөний дараа ажил эрхлэх явцдаа эргүүлэн төлөх боломж бүрдүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг залууст тайлбарлалаа. Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд оюутныг цагаар ажиллах боломж нэмэгдүүлж, аж ахуй нэгжийг урамшуулах замаар “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ. Мөн сургуулиа төгсөөд тогтвор суурьшилтай ажлын байраар хангах, үйлдвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлж, нөхөрлөл хоршоо байгуулж өөрөө өөртөө ажлын байр бий болгох нөхцөлийг дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн.

Төрийн өмчит их, дээд сургуулиудыг хувьчлахгүй бөгөөд удирдах зөвлөлийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, сургалтын орчин, чанарыг дээшлүүлэх ёстой гэв. Мөн энэ нэр дэвшигч С.Батболд “Хүн мэргэжлийг биш, мэргэжил хүнийг голдог. Хүний амжилт мэргэжлийн болон хувь хүний ур чадварын зөв хослолд тулгуурлана. Тиймээс залуус эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, хийж буй ажилдаа улам илүү татагдаж гэмээнэ хөдөлмөрийн үр шимийг хүртэнэ” гэдгийг залууст зөвлөсөн юм. Нэр дэвшигч С.Батболд 1992-2000 он хүртэл хэрхэн бизнес хийж, хувийн компаниа хөл дээрээ босгож байсан түүхээсээ залуустай хуваалцсан юм. Тэрээр 1992 онд “Алтай Холдинг” компаниа байгуулсан бөгөөд өдгөө тус компани нь 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Монголын шилдэг татвар төлөгч компанийн нэг болсон. Нэр дэвшигч С.Батболд бизнесийн санаа гаргаж ажлаа эхлүүлэх тэр мөчөөс маш олон саад бэрхшээл гардаг. Харин тэр бүхэнд шантарч суух биш, алдаа, бэрхшээл бүрээс суралцаж, илүү хурцлагдаж, эрч хүчтэй байснаараа хүн амжилтад хүрдэг. Тиймээс залууст аливаа ажлыг эхлүүлэхдээ шантрахгүй, эрч хүчтэй байхыг зөвлөлөө.

Ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэхэд төр анхаарч, бодлогоор дэмжих үүрэгтэй бөгөөд энэ чиглэлд тэрээр байнга анхаарч ажиллана гэдгийг хэлж байв.


Нэр дэвшигч С.Батболдыг Сүхбаатар дүүргийн залуустай уулзах үеэр түүнийг дэмжиж Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, Төрийн соёрхолт жүжигчин Д.Болд, Номинталст хамтлагийн ахлагч Д.Батсүх, жүжигчин Чапи нар ирсэн.


Энэ үеэр Д.Болд “ Залуус та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, ирээдүйгээ бодсон зөв сонголт хийгээрэй. Миний хувьд энэ сонгуульд С.Батболд ахыг дэмжиж байгаа, маш олон жил дэмжсээр ч ирсэн. Урлаг соёл, спортын залуусыг үргэлж дэмжиж, ойлгож ярилцаж чаддаг хүн. Өнөөдөр Монголын урлаг соёлын салбар зогсонги байдалд байна. Урлагийн салбарт ч улстөрийн байдал нөлөөлж байна. Туршлагатай, мэдлэгтэй, урлагийн салбарыг ойлгож дэмждэг учраас С.Батболд ахыг би дэмжиж байна, та бүхэн ч бас дэмжээрэй” гэж уриалав.

Мөн уулзалтад ирсэн Сүхбаатар дүүргийн залуус нэр дэвшигч Сүхбаатарын Батболдыг дэмжихээ илэрхийлж байна. Ингээд иргэдийн сэтгэгдлийг сонирхлоо.


-Сүхбаатар дүүргийн 12 хорооны иргэн О.Мөнхбаатар: Залуус мөнгө төгрөг өгсөнд биш шударга өрсөлдөж, зөв бодлого ярьж байгаа хүмүүст саналаа өгөөрөй гэж уриалж байна. Миний хувьд хоёр намын мөрийн хөтөлбөртэй сайтар танилцсан. МАН-ын мөрийн хөтөлбөрийг харахад оюутан залуус руу чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авч, сургуулиа төгсөөд ажил дээр гараад төлөхөөр зохицуулна гэж заасан нь маш зөв санагдсан. Би өнгөрсөн хавар үйлдвэрийн механик инженерийн чиглэлээр сургуулиа төгссөн ч ажил олдохгүй байна. Манайд аж үйлдвэр хөгжөөгүй, үйлдвэрүүд баригдаагүй болохоор ажлын байр олдохгүй байна. Үйлдвэрүүд олноор байгуулж, хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэж залуус орлогтой боломжтой харагдаж байгаа. Хамгийн гол төр зөв бодлогоор дэмжих хэрэгтэй байна гэлээ.


-Сүхбаатар дүүргийн иргэн О.Оюунтунгалаг: Миний хувьд энэ жил сургуулиа төгсөнө. Хамгийн эрэлттэй мэргэжил гэж цэцэрлэгийн багшаар сурч байгаа. Сургуулиа төгсөөд ажлын байранд санаа зовохгүй байгаа. Харин энэ жил сургалтын төлбөртөө санаа зовж байсан юм. Манай ах бид хоёр их дээд сургуульд сурч, эцэг эхэд маань хоёр хүний төлбөр хүнд тусч байгаа. Өнгөрсөн дөрвөн жил суралцах хугацаанд жил бүр сургалтын төлбөр нэмэгдэж, энэ хэрээр ар гэрийн амьдралд хүнд тусч байсан. Харин МАН-ын мөрийн хөтөлбөрт оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно гэсэн нь маш зөв алхам гэж бодож байна гэлээ.






Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах