Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ё.Отгонбаяр: ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ХҮН ШУДАРГА ӨРСӨЛДӨНӨ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА

Нийтэлсэн: - 2016/06/27 19:58 - Мэдээ, мэдээлэл

МАН-ын сонгуулийн төв штабын гишүүн, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын 61 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч М.Батчимэг халз мэтгэлцэх урилгаа МАН-ын нэр дэвшигч С.Батболдод хүргүүлээд хариу өгөхгүй байна гэж хэвлэлээр мэдэгдээд байгаа. Та бүхэн хариу өгөхгүй байгаа юм уу?

-МАН-ын нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын хувьд мэтгэлцэхээс татгалзаагүй. Харин хуулийн зөрчилгүй, хуулийн хүрээнд хийе гэж байгаа. Сонгуулийн тухай хуульд “халз мэтгэлцээнийг дөрвөөс доошгүй нэр дэвшигчийг оролцуулж хийнэ” гэж заасан. Сонгуулийг ажиглах СЕХ-ны зөвшөөрөлтэй олон нийтийн байгууллагаас ч “зөвхөн ганц нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудах нь хууль зөрчинө” гэдгийг олон нийтэд мэдэгдэж байгаа. Тийм учраас нэр дэвшигч С.Батболдын сонгуулийн штабаас хууль зөрчихгүйн тулд та 61 дүгээр тойрогт өрсөлдөж байгаа найман нэр дэвшигчид, бүгдэд нь мэтгэлцэх урилгаа хүргүүлээч ээ, ядаж дөрвүүлээ болж байгаад мэтгэлцье, мэтгэлцэх байр талбайгаа урьдчилан бэлдэхийн тулд сонгуулийн менежерүүдийг оролцуулсан ажлын хэсгийг яаралтай байгуулж бэлтгэлийг хангая” гэдэг саналаа албан бичгээр хүргүүлсэн.

-Нэр дэвшигч М.Батчимэг яагаад заавал ганц МАН-ын нэр дэвшигч С.Батболдтой мэтгэлцэх гээд байгаа юм бол?

-Рейтинг муутай нэр дэвшигч өмнөө яваа, өөрөөс нь илүү рейтингтэй хүнээс зүүгдэж нэр хүндээ өсгөх сонгуулийн технологи байдаг л даа. Тэр л юм болов уу даа. АН-ын нэр дэвшигч албан бичигтээ бол “парламентад суудалтай, голлох хоёр намын нэр дэвшигч учраас мэтгэлцье” гэсэн байна лээ. Сонгуулийн хуульд “голлох хоёр намын нэр дэвшигч” гэсэн ойлголт, тэдэнд давуу эрх олгосон заалт байхгүй. Хэрвээ парламентад суудалтай гэвэл өнөөдрийн УИХ-д суудалтай МАХН, ИЗНН-ын нэр дэвшигч ч 61 дүгээр тойрогт өрсөлдөж байгаа. УИХ-ын 61 дүгээр тойрогт найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэд бүгдээрээ ижил тэгш эрхтэй учир мэтгэлцэх, бодлогоо сурталчлах боломжийг тэдэнд ч олгох ёстой гэж МАН-ын нэр дэвшигчийн штаб үзсэн.

-Үүнээс гадна АН-ын нэр дэвшигч М.Батчимэг саяхан нэгэн мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлдээ “С.Батболд намайг Тайванийн тагнуул гэж гүтгэсэн нэвтрүүлэг хийж байна гэх мэдээлэл авлаа” гэсэн. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Шууд хэлэхэд, “тагнуулын мэдээ” чинь худлаа байна гэж М.Батчимэг гишүүнд хэлмээр байна. Яагаад гэвэл, МАН-ын Төв штабаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт тавьж, телевиз, интернэт, сонин хэвлэлээр цацаж байгаа мэдээ, мэдээлэлд нь мониторинг хийж байгаа. Тухайлбал, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын 61 дүгээр тойрогт нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас тараасан сонин, сэтгүүл, телевизийн мэдээнд нь нэр дэвшигч М.Батчимэгийн талаар нэг ч үг байхгүй. Нэр дэвшигч С.Батболд өөрийн хийсэн ажил, намынхаа мөрийн хөтөлбөрийн дагуу хийх ажлуудаа танилцуулж яваа. Тэгэхээр энэ бол айсан хүний, эсвэл өрөвдүүлж рейтингээ өсгөх гэсэн бас л нөгөө сонгуулийн технологи нь байх.

-Та тэр мэдэгдлийг үзсэн үү?

-Үзсэн, үзээд тэр даруйд нь хариу мэдэгдэл хийж соёлтой, шударга өрсөлдөхийг уриалсан. Гэвч миний уриалснаар болсонгүй, өрөвдүүлэх тактик нь одоо ч үргэлжлээд л, “юун гуя” гэдэг шиг юмаа яриад л яваа бололтой. АН-ын нэр дэвшигчийг ийм мэдэгдэл хийсэнд нь би үнэхээр гайхсан. Сонгууль эхлээгүй байхад л тайлангийн сэтгүүлдээ өөрөө “тагнуулын хэрэг” гээд бичээд явсан. Гэтэл сонгууль дуусах гэж байхад дахиад өөрөө л “Намайг тагнуул” гэх гээд байна гээд явах юм, юунд нь сандраад байгаа юм, мэдэхгүй. Магадгүй, М.Батчимэгийн сонгуулийн штабынхан өөрсдөө ийм зохиолоор нэвтрүүлэг хийж, хэвлэмэл материал бэлтгэж МАН-ын нэр дэвшигч С.Батболдыг хийсэн, тараасан мэтээр жүжиг тоглох гээд байна уу гэж хардахад хүргэж байна. Тийм учраас МАН-ын сонгуулийн Төв штабаас 61 дүгээр тойрогт ажиглалт хийж байгаа. Ер нь бол манай намын нэр дэвшигч С.Батболдыг өдөр шөнөгүй хэвлэлээр дайрч, доромжилж байхад дуугүй л яваа. Хуулийн байгууллагаар шалгуулж байгаа зөвлөхийнхөө “тагнуулын хэрэг”-ийг сонгуультай холбоод байх шаардлагагүй шүү дээ. Манай намын хувьд Монгол Улсын Ерөнхий сайд байсан нэр дэвшигчээ тэр зиндаандаа шударга өрсөлдөнө гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах