Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн үг

Нийтэлсэн: - 2010/08/11 03:18 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн үг/Бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ/

2010.08.11

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт иргэдээ!
Та бүхнээр уламжлан Баянхонгорчууддаа Засгийн газрын өмнөөс болон хувиасаа, мөн аян замын уртад хамт яваа ажлын хэсгийнхнийхээ чин сэтгэлийн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсье.Орон нутагт ажиллах олон хоногийн томилолт өндөрлөх дөхөж, аяны жолоо нийслэлийн зүг эргэж, ар дахь ажилдаа яарч байгаа энэ мөчид Хонгор нутгийн Та бүхэнтэйгээ уулзаж байна. Уулзалт яриа маань намрын тэргүүн сарын эхэн өдөр тохиож буй учир ажил хэргийн яриагаа эндээс эхэлье гэж бодож байна.

Намрын сар найм биш гэсэн үг бий. Найр хурим, наадам цэнгээн бүхий намрын налгар өдрүүдэд арын ажлаа, өвлийн бэлтгэлээ мартаж болохгүй гэсэн өвгөдийн сануулга, ардын ухаан биз ээ. Захиргаадалтын үед ч, зах зээлийн үед ч энэ үгийн учир холбогдол, үнэ цэнэ хэвээр байгааг сануулъя. Өнгөрсөн үед аж төрөхүйн сургаал шинжтэй байсан бол өнөө үед өвлөөс өрсөж бүхнийг амжуул, эс тэгвэл хохирол хүлээнэ гэсэн эдийн засгийн шууд агуулгатай болжээ. Үүнийг саяхны гашуун сургамж нотолно.

Өнгөрсөн өвөл, хаврын байгаль цаг уурын хүндрэлээс 9.1 сая малаа алдаж, 550.0 тэрбум гаруй төгрөгийн шууд хохирол амссан. Үүний цаана малчдын амьдрал нэлэнхүйдээ хүндэрснээс, нийтдээ 8700 гаруй, танай аймагт 360 шахам айл өрх огт малгүй болсон. Энэ бүхний гол буруутанг цаг агаарын хэт хүйтрэл, зуд зурхан, байгалийн гамшиг гэж ярьж байна. Үнэхээр байгалийн давтагдашгүй хүчин зүйл гэж бий. Гэтэл бас хийх ёстой ажлаа хийдэггүй хариуцсан ажил, хувийн амьдралдаа хайнга ханддаг хариуцлаггүйн гамшигт нэрвэгдсэн гэдгээ хаа хаанаа бодох учиртай.

Энэ гамшигт дахин нэрвэгдэхгүйн тулд мал аж ахуйн салбар, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай тогтоолуудыг Засгийн газар сарын өмнө гаргасан. Энэ тогтоолоор олон үүрэг даалгавар орон нутаг, ажил хариуцсан мэргэжилтэн, иргэд, аж ахуйн нэгжид өгсөн. Зөвхөн ганцыг дурдахад цаг агаарын хүндрэл, гамшгийн үед хэрэглэх өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд танай аймаг 400 тн өвс, 300 тн тэжээл, сум бүр 50 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх үүрэгтэй. Үүний тулд хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн засвар үйлчилгээ долдугаар сарын 20 гэхэд дуусаад өдийд ажилдаа орсон байх учиртай.

Түүнчлэн малын тарилга, угаалга, туулга, отор нүүдэл, хээлтүүлэг, мах бэлтгэх, нөөцлөх ажлын явц, малчдын хувийн бэлтгэл, шаардлагатай үед тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, сум, аймгийн төвийн эрчим хүчний бэлтгэл, нүүрс нөөцлөх, түлш шатахуун татан авах, байр орон сууцны дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ гэх мэт олон ажлын гүйцэтгэлийг тайлагнах хугацаа түрүүчээсээ болж байна. Засгийн газарт цаасаар тайлагнах нэг хэрэг. Байгалийн шалгалтад бодитойгоор тайлагнах нь чухал. Харамч хүн илүүг төлдөг гэсэн үг бий. Тэгвэл хариуцлагагүй үйлдэл хэд дахин илүү төлөөсийг шаарддаг гэдгийг хатуу ойлгох цаг болсон.

Зах зээлийн нийгэм өөрөө хариуцлагын тогтолцооны нийгэм. Таны хариуцлагагүй үйлдлийн төлөөсийг өөр хэн ч хүлээх ёсгүй гэсэн хатуу хуультай. Иймээс иргэн бүр, айл өрх бүр, аж ахуйн нэгж бүр, аймаг, сум бүр өөрөө өөрийгөө хариуцах ёстой гэсэн ганцхан гаргалгаа л байна. Тэгэхлээр Та бид дор бүрнээ, үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд үүрэг хариуцлагаа эрс дээшлүүлэх нь цаг үеийн шаардлага төдийгүй, нийгмийн захиалга болоод байна.

Ардчиллын нөгөө тал нь хариуцлага гэдэг. Монголчууд Та бид ардчилалыг сонгосон. Тиймээс хариуцлагын тогтолцоог сонгосон гэсэн хэрэг. Харамсалтай нь өнгөрсөн 20 жилд хангалттай хариуцлагатай байж чадсангүй, хариуцлагын тогтолцоог жинхэнээр төлөвшүүлж чадсангүй. Иймээс бид 20 жилд хүссэн үр дүндээ хүрээгүй, хөгжлийн хоцрогдлоо даван туулж чадаагүй, зарим талаар урьд өмнөхөөсөө ухарсан үзүүлэлттэй байна. Ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшний доройтол үүнийг бэлхнээ харуулж буй. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Үүний тулд хариуцлагатай ардчилалд хүн бүр суралцах хэрэгтэй. Хариуцлагатай ардчилал гэдэг бол хариуцлагатай улс төр, хариуцлагатай сонголт, хариуцлагатай уул уурхай, хариуцлагатай банк, санхүүгийн тогтолцоо, хариуцлагатай боловсрол, сургалт, иргэн бүр эрүүл мэнддээ хандах хариуцлага, бусдын өмнө болон өөрийнхөө төлөө хүлээх хариуцлага гээд тун өргөн хүрээтэй. Олон талтай. Хөгжлийн төлөө хүн гэдэг хариуцлагатай иргэнийг хэлнэ.

Уулзалт ярианы эхэнд хариуцлагын тухай хөндөж ярьсан нь шалтгаантай. Учир нь манай улсын хөгжил тун хариуцлагатай, эгзэгтэй үедээ байна. Бахь байдгаараа байгаад байх уу. Бүх нийтээрээ хичээж чармайгаад хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх үү. Хамтарсан Засгийн газар хоёр дахь хувилбарыг сонгоод байна. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийн өсөлтийн 20 жилийг эхлүүлэхээр зорьж байна. Иймд Та бүхэндээ Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтоо тоймлон товч илтгэе. Миний бие хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан, Засгийн газрын үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллалаа.

Энэ хугацаанд хамтарсан Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэх талаар анхны алхамаа хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхэллээ гэж хэлэх байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчны үндсийг тавилаа. Ингэснээр Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломж нээгдэж, Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн шийдвэрийг хамтдаа гаргаж чадлаа.

Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд олон олон ажил ар араасаа ундарч байна. Энэ бүхнийг Засгийн газар ээлж дараатай, тодорхой үндэслэл судалгаатайгаар, нэгдсэн бодлого, нэгдмэл удирдлагаар хангахын төлөө шаргуу ажиллаж байна.

Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ бодлого хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 2011-2014 онд мянга гаруй км төмөр замыг Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Чойбалсангийн чиглэлд барих болно. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын шинэ байрны төсөл. Энэ төслийн хоёр дахь үе нь баруун чиглэлийн төмөр зам байх бөгөөд тэр нь Баянхонгор нутгийг дайран өнгөрөх юм. Тэр үед зам дагаж хөгжил ирнэ.

Төмөр замын төсөлтэй уялдаад “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах төслийг боловсруулж дуусч байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд, төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ цогцолборт нүүрс боловсруулан кокс гаргах үйлдвэр, үрлэн төмөр, нүүрс хийжүүлэх, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр болон бусад үйлдвэрийн газрыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Цогцолборын эхний ээлжийг 2011-2014 онд барьж байгуулах юм.

Ингэснээр 2015 оноос Монгол Улс уул уурхайн түүхий эдийг экспортлогч бус, түүхий эдийн тодорхой хэсгийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог улс орон болох боломжтой. Хамгийн гол нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг бүрэн байгуулснаар 2010-2021 онд нийтдээ 70-80 орчим мянган ажлын байр шинээр бий болно гэж үзэж байгаа юм. Бараг танай аймгийн бүх хүн амтай тэнцэхүйц тооны хүн ажлын байртай болно гэсэн үг. Ийнхүү уул уурхайд түшиглэсэн үндэсний их бүтээн байгуулалтын үе эргэлт буцалтгүй эхэлсэн.

Дээрх бүх том төслийн зорилго нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийн бат бааз суурь бий болгох, Монгол хүний аж амьдралын баталгаа, хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Засгийн газар ийнхүү алсыг харж, ард түмнийхээ амьдралын чанар, ахуй нөхцлийг сайжруулах зорилтыг аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийг зорьж байна. Үүний тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 2010 оныг “Бизнесийн орчны, шинэтгэлийн жил” болгох зэргээр асуудлыг аль болох цогцоор шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй. Ер нь бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг дахин хэлье.

Та бүхнийг Их бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие  оролцон, гавъяат үйлсийг бүтээж, алдар нэрээ амжилт бүтээлээр мөнхжүүлэхийг уриалж байна. Уул уурхай, аж үйлдвэржүүлэлтийн том зорилтын зэрэгцээ Хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангах, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс “Атрын III аян”-ыг цаашид эрчимжүүлж, 2010 онд Улсын хэрэгцээт буудай, төмсийг 100%, хүнсний ногооны 60%-ийг дотоодын ургацаас хангах зорилт  тавин ажиллаж байна. Энд Хонгор нутгийнхны хувь оролцоо нэн чухал гэдгийг онцлон хэлье.

Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий  "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг саяхан Улсын Их Хурлаас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар манай орны мал аж ахуйд учирсан гарз хохирол, гамшгийн хор уршгийг арилгах, амин зуулга болох мал сүргээ алдсан малчдын санаа сэтгэл, ахуй амьдралыг харж үзэж, бололцоотой бүх арга хэмжээг авах нь Засгийн газрын нэн ойрын зорилтын нэг байсаар байх болно.

Зудын хохирлыг гэтлэн давахад өнгөрсөн хавар иргэд, байгууллагын хандив, гадаадын тусламж, төсөл хөтөлбөр болон улсаас нийтдээ 45,7 тэрбум төгрөг зарцуулснаас Засгийн газар дангаараа 6.8 тэрбум төгрөг гаргасан. Тэгвэл малгүй айл өрхийг малжуулахад зориулж сая 7 дугаар сард 3.0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулсны 107.1 сая төгрөг нь Баянхонгорт хуваарилагдсан. Энэ бол малаар дамжуулж хүнд зориулж буй хөрөнгө оруулалт юм.

“Монгол хүний хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно” гэдгийг би энэ ажлыг хүлээж авах үедээ онцлон хэлсэн. Энэ байр суурь одоо ч, цаашид ч хэвээр байх болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчинг өнгөрсөн хугацаанд бүрдүүллээ. “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлсэн. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгоод байна.

“Хүний хөгжлийн сан”-гийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  саяхан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар “Хүний хөгжлийн сан”-гаас иргэдэд бэлэн мөнгө олгож буй хугацаанд өөрчлөлт оруулж 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэхээр зорьсон болно. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлнээ.

Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авсан. Нийт саналын 50 шахам хувь нь орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон малчны зээл, бусад зээлийн төлбөрт зориулахаа илэрхийлсэн байна. Үүнийг ч Засгийн газар бодолцох болно. Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс дөрвөн мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ оны IV улирлаас өгч эхлэх болно.

Хүний хөгжил нь зөвхөн халамж, тэтгэмж, цалин орлогоор хангагдахгүй, түүгээр хэмжигдэхгүй ээ. Улс орны хөгжил хүний хөгжлөөр, харин хүний хөгжлийн түвшин нь Монгол хүний эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар, өрсөлдөх чадвараар л тодорхойлогдоно. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт ахиц шинэчлэл гаргах иж бүрэн бодлогыг бид хэрэгжүүлэхийг зорьж байна. Их бүтээн байгуулалтыг эрүүл бие бялдартай, өндөр боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, хөгжлийн төлөө хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч хичээнгүй, хатуужилтай хүн л хийх болно. “Монгол хүний хөгжил” гэдгийг манай Засгийн газар ийм өргөн утгаар харж, Их бүтээн байгуулалт хийх, иргэн хүний хөгжлийг хангах хос том зорилтыг нэг зоосны хоёр тал хэмээн үзэж, нэгдмэлээр шийдэхийг зорьж байна.

Эдийн засаг, нийгмийн энэ том зорилтуудыг иж бүрэн цогцоор нь, үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн нэг нөхцөл нь төр, түүний байгууллага, албан тушаалтан, албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Чухам хариуцлагатай төр л тавьсан зорилтоо хэрэгжүүлж, иргэдийн төлөө үйлчилж чадна. Юуны өмнө төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед тун чухлаар тавигдаж байна. Иймд төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахиулж, ёс зүйн зөрчил гаргах, хууль тогтоомж зөрчиж ажлын хариуцлага алдах, ажлаа цалгардуулж хийдэл дутагдал гаргавал зохих зэм, хариуцлагыг тухай бүрд нь хүлээлгэдэг байх хэрэгтэй. 

Төрийн байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрөөс аж ахуйг удирдах арга ухаанд ч өөрчлөлт хийхээр зорьж байна. Төрийн удирдлага нь зорилтоо хэрэгжүүлэх зөв хөшүүрэг болохоос түүнд саад болох учиргүй. Үүний тулд төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ  авч хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай  ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ.

Баянхонгорчууд аа!
Тус аймгаас төр, нийгэм, шашин, соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, хөдөлмөрийн сайчууд, авъяастнууд олноор төрж, манай орны материаллаг ба оюун санааны сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөө үед ч боломж, бололцоондоо тулгуурлан орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж байгаа нь сайшаалтай. Боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гарч, хүүхдийн сургууль завсардалт , эхийн болон нялхсын эндэгдэл тус тус буурсан байна.

Тус аймаг 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 52 төсөлд 784.3 сая төгрөгний зээл олгож, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой ажил хийжээ. Гэсэн хэдий ч хүн амын 40 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ажилгүйдлийн түвшин өсөх хандлагатай байна. Иймд ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна.

Нутаг орноо хөгжүүлэхэд дараахь хэдэн чиглэлээр орон нутгийн удирдлага, иргэд хамтын хүчээ төвлөрүүлэн ажиллах нь зүйтэй байна.

1.Хонгор нутгийн хөгжил, хүн ардын амьжиргааны үндсэн тулгуур бол уламжлалт мал аж ахуй билээ. Гэтэл мал аж ахуй эрхлэх аргыг үндсээр нь өөрчлөх цаг болсныг өнгөрсөн өвлийн байгаль, цаг уурын хүнд сорилт бидэнд харууллаа. Иймд Та бүхэн малчдын бүлгэм, хоршоо зэрэг хамтын аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулан эрчимжүүлэх, үндэсний фермерүүдийг бий болгон дэмжих, сүргийн бүтцийг зохистой байлгах, малчдын шинэ үеийг бэлтгэн сургах, орон нутгийн тэжээлийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлэх, баг, сум бүрт усалгаатай талбайг олшруулан хашиж хамгаалах, малын даатгалын системийг нэвтрүүлэх зэргээр мал сүргийг байгалийн эрхшээлээс сэргийлэн хамгаалах цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байна. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жинхэнэ үр ашигтай үйлдвэрлэл болгох ёстой.

2.Танай аймагт мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн малын гаралтай мах, сүү, ноос, арьс шир боловсруулах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх боломжийг ашиглан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Орон нутгийн хөгжлийн 2 дахь тулгуур үндэс бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх явдал мөн. Засгийн газар энэ талаар онцгойлон анхаарч сүүлийн 2 жилд 60 тэрбум төгрөг баталж өгсөн. Өнөө жил энэ чиглэлээр аймаг бүрд 530 сая төгрөг хуваарилаад байгаа. Энэ боломж, нөөцийг орон нутгийн хэрэгцээтэйгээ уялдуулан үр дүнтэй ашиглах нь чухал. Мал аж ахуйн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг зөв хослуулж чадвал бие биеэ тэтгэн хөгжих бүрэн боломжтой.

3.Баянхонгор аймаг нь байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, нүүрс, болор, жоншны орд газартай. Эдгээр орд газрыг аймгийн хөгжлийн бас нэг тулгуур болгон байгальд сөрөг нөлөөлөл багатайгаар эргэлтэд оруулан ашиглахад лиценз эзэмшигч компани болон орон нутгийн удирдлага санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Орд газар, бичил уурхайг ашиглахдаа орчны тэнцлийг алдагдуулахгүй, байгалиа хөнөөж, бохирдуулахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Алтыг нь аваад авдрыг нь хаяв гэгчийн үлгэрээр байгаль орчинд хэт хөнөөлтэй хандлага газар авч байгаа нь сэтгэл түгшээж байна. Орон нутгийн засаг захиргаа, ажил хариуцсан мэргэжилтэн, иргэд энэ талаар нэгдэн нийлэн, нэн яаралтай арга хэмжээ авбал зохино. Эс тэгвэл тос даасан Хонгор нутаг маань тоос боссон хоосон зэлүүд газар болох аюул ойрхон байна. Байгаль дэлхийгээс баялгийг нь хүртэсний хариуд нөхөн сэргээлт хийх нь хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчим төдийгүй, иргэн хүний журамт үүрэг байх ёстой. Хүн байгальд хэдий чинээ хатуу хандана, байгаль хариугаа төдий чинээ чанга авдаг гэсэн эртний мэргэдийн үгийг эргэцүүлж сайн бодоорой.

4.Аялал жуулчлал танай аймгийн хөгжлийн бас нэгэн тулгуур болох бүрэн боломж бий. Баянхонгор аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, эртний түүхэн дурсгалууд зэрэг давтагдашгүй нөөц боломж байгаа нь гадаад, дотоодын аялагч, жуулчдын анхаарлыг татдаг билээ. Гагцхүү жуулчдыг хүлээн авах соёлч боловсон үйлчилгээ, тохилог цэвэр орчин бий болгоход анхаарч ажиллах нь зүйтэй. Орон нутгийн болон нутгийн харъяат бизнес эрхлэгчдийн хүчин чармайлтыг нэгтгэн аймаг орон нутагтаа үйлдвэр, үйлчилгээ, соёлын бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа зөв эхлэлийг цаашид ч дэмжин үргэлжлүүлэн дэмжих учиртай. Хонгор нутгийн ард иргэд ухаалаг, ажилч хичээнгүй, юуг ч хийж, ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай ард түмэн. Гагцхүү тэдний санаа бодлыг сонсож, санал санаачлагад тулгуурлаж, тусалж дэмжиж ажиллах нь чухал юм. Орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрийг Та бүхэн санаачлан хэрэгжүүлбэл Засгийн газар бүх талаар дэмжинэ. Танай аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Баянхонгор хотод Халдвартын эмнэлэг шинээр барихад Засгийн газар онцгой анхаарч 2011 оны төсөвт тусган хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллах болно.

Эрхэм хүндэт Баянхонгорчуудаа.
Хонгор нутгаас эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан эх оронч, хөдөлмөрч, оюунлаг сэхээтэн,  улсын болон хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат зүтгэлтэн, төр нийгэм, шашин соёлын зүтгэлтнүүд, урлаг спортын алдар цолтод олноор төрөн гарсан бахархам сайхан уламжлалтай. Өвөг дээдэс, ахмад үеийнхнийхээ энэ сайхан уламжлалаа өвлөн бататгаж, Монгол эх орон, Хонгор сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

Хангай, говь, тал хээр хосолсон, ханагар уудам, өгөөж баян нутагтаа эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрин цагийн шинэ бүтээн байгуулалт өрнүүлж, эрдэм соёл, урлаг спортоо улам баяжуулан хөгжүүлж, эв найртай элбэг хангалуун, чинээлэг сайхан аж төрөхийн өлзий ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах