Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд Дорноговь аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг

Нийтэлсэн: - 2010/08/25 18:43 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Ерөнхий сайд С.Батболд Дорноговь аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг/Аж үйлдвэржүүлэх бодлого- улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана/

Домог түүхийн өлгий, эрдэс баялагийн уурхай болсон энэ сайхан нутгийн эзэд Дорноговьчууд Та бүхнийхээ амар амгаланг айлтган, хувиасаа болон хамт яваа нөхдийнхөө халуун дотно мэндийг дэвшүүлье.

Төр засгийн тэргүүн нар орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулздаг нь тогтсон жишиг боловч энэ удаагийн уулзалт Та бидний хувьд анхных гэдгээрээ онцлог. Бас өргөн бүрэлдэхүүн яваа нь аливаа асуудлыг ажил хариуцсан Засгийн газрын гишүүн болон холбогдох албан тушаалтанд шууд тавих боломжийг Та бүхэнд олгож байгаагаараа онцлог.

 Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би  энэ онд хөдөөгийн бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах,  Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар олон түмэндээ танилцуулан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон  баруун бүсийн  9 аймгаар 20-иод хоног  албан томилолтоор явж, 5000 км замыг туулан 6300 гаруй иргэнтэй уулзаж, ахуй амьдрал, ажил хэрэгтэй танилцаад ирсэн.

Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, ажил үйлсээ зориулан бүтээлчээр хөдөлмөрлөж, ахуй амьдралаа дээшлүүлэх, аймаг сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа. Аймгуудад өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэн,  зарим үр дүнд хүрч байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Үүний зэрэгцээ төр засгийн хэмжээнд анхааралдаа авч нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх олон асуудал байгааг уулзсан орон нутгийн иргэд, хөдөлмөрчид, удирдлагуудаас санал болгож байлаа.

Энэ талаар саяхан Засгийн газрын  хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авахаар болсон. Говь нутгийг зорьсон энэ удаагийн томилолтын үндсэн зорилгыг  байгаль хамгаалал, бүтээн байгуулалт гэсэн товчхон үгээр илэрхийлж болно.

Байгаль бол бидний гэр орон, бүлээн дулаан өлгий, бүр амьдрал тэтгэгч эх булаг билээ. Энэ үг хэн бүхэнд мэдээж зүйл мэт сонсогдож байгаа. Гэвч эх болсон байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж буйгаа эргэцүүлж нэг нухацтай бодож, эргэн тойрноо бодиттой харвал асуудал амаргүй байдалд хүрээд байгааг ойлгож ядах юмгүй. Тодорхой нэг улс үндэстний төдийгүй хүн төрөлхтний  ирээдүй байгальтайгаа цаашид хэрхэн харьцахаас шууд хамааралтай болоод байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй огцом өөрчлөлт , байгалийн элдэв гамшигт үзэгдлүүд нь ихэвчлэн  хүний болчимгүй, буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс ургамалтай манай орны байгаль экологийн хувьд энэ сөрөг өөрчлөлтийн үр дагавар ил шууд  мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносон, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь мал аж ахуйн эдийн засаг дээр суурилсан манай хөдөөгийн ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна.

Иймд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж буй говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ томилолтын  бас нэг  том зорилго юм.

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ, байгалийнхаа баялагыг зөв зохистой ашиглан эдийн засгаа өсгөн, хүн ардынхаа хөгжил дэвшил сайн сайхан амьдрах  нөхцлийг  бүрдүүлэх нь  Засгийн газар бүрийн  эрхэм зорилт  төдийгүй түүний сорилт, шалгуур болдог.  Энэ жишгийн дагуу манай хамтарсан Засгийн газар  асуудлын хүнд бэрхээс  халгаж халшрахгүйгээр, өнөө маргаашаар аргацаахгүйгээр  ирээдүйд үр дүнгээ өгөх их бүтээн байгуулалтын томоохон  төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлэхээр зориглон ажиллаж байна.

Энэ төсөл, хөтөлбөрүүдээ Та бүхэндээ тайлбарлан таниулж, иргэд олон түмнийхээ сэтгэл, зүтгэлийг их бүтээн байгуулалтын зүг хандуулах нь энэ томилолтын хоёр дахь гол зорилт юм. Их бүтээн байгуулалтын ажлын гол  цөм нь улс орноо аж үйлдвэржүүлэхэд оршино. Учир нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндэс тулгуур нь  аж үйлдвэржүүлэлт, өндөр технологи, мэдлэг мэдээлэл болоод байнаа.  Тиймээс ч  аж үйлдвэржүүлэх бодлого улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана хэмээн манай Засгийн газар үзэж байгаа юм.
 
Дорноговь аймаг болон говийн  энэ бүс нутаг шинэ аж үйлдвэржүүлэлтийн нэгэн гол төв болох гэрэлт сайхан ирээдүй нэн холгүй байгаа тул энэ талаар Засгийн газраас хийж байгаа болон төлөвлөж байгаа ажлынхаа тухай Та бүхэндээ товчхон танилцуулъя. 

Эрхэм хүндэт иргэд ээ!

Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод  10 сарын нүүр үзэх гэж байна.  Энэ хугацаанд манай Засгийн газраас олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудын зангилааг тайлж, бүтээн байгуулалтын зарим ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхний алхам болох  Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 4 сард байгуулснаар  одоо үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ид  өрнөж байна.

Мөн Таван толгойн орд газрыг ашиглах бодлого, үзэл баримтлалыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр  Монгол улсын иргэн бүр байгалийн баялгаасаа хувь  эзэмших, ашиг хүртэх орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, Монгол хүн давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний компаниуд өсөн бэхжих бодлого  баталгаажиж байгаа юм.

Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлүүд ч ач холбогдлоо өгч байна. Тухайлбал, оны эхний саруудын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, Оюу толгой төсөлд 2200 гаруй монгол хүн ажиллаж байна. Үйлдвэрийг барьж байгуулах явцад  цаашид ч ажлын байр нэмэгдэх бөгөөд ашиглалтад орсон үед ажиллах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НХХЯ гэрээ байгуулан  ажиллаж байна.

Үүнээс гадна манай хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагалдсан дэд бүтцийн   ажлууд  өрнүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж байна. Ийнхүү ашигт малтмал, уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилбэл 2012 оноос Таван толгойн, 2013 оноос Оюутолгойн орд газрын  үндсэн олборлолт  эхэлж, түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана. Ашигт малтмалыг боловсруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгох, ингэснээр ард иргэдээ ажлын байраар хангахад л төрийн бодлого чиглэж байгаа билээ.

Импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор хэрэгжүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарах юм. Энэ бүх ажлыг нэгтгэж зангидсан алсын хараатай төрийн бодлого, сайн зохион байгуулалт хэрэгтэй.

Засгийн газраас баталсан " Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл" , Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр" зэрэг баримт бичиг нь энэ бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Энэ хөтөлбөр чиглэлийн дагуу Монгол Улсын эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Оюутолгой, Тавантолгойн орд газрыг түшиглэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншанд хотод байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа та бүхэнд дуулгахад таатай байна.

Энэ бол сэтгэл хөдлөлийн шийдвэр биш. Олон талын шалгуур тооцоонд үндэслэн  хамгийн тохиромжтой байршил гэж  тодорхойлсон, Олон улсын зөвлөх байгууллагын дүгнэлтэд тулгуурласан бодит үндэслэлтэй шийдвэр.  Сайншанд хотод аж үйлдвэрийн цогцолбор  байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, хар металлургийн, кокс химийн, нүүрс химийн, барилгын материалын үйлдвэр зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэр баригдана.

Ингэснээр Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой болно. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөнө, хэдэн мянган шинэ ажлын байр бий болно, орчин үеийн аж үйлдвэрийн хот үүсч хөгжинө.

Урьдчилсан тооцоогоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт эрс нэмэгдэж ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 57 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2 дахин нэмэгдэж, хүмүүсийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна гэж үзэж байна.

Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад эхний ээлжинд 5000 инженер, техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчин шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо байна. Эдгээр ажилчдыг дагаж ирэх, тэдгээрийн гэр бүл, тэдэнд үйлчлэх нийгмийн суурь үйлчилгээ хүртэл өсөн нэмэгдэх зайлшгүй шаардлага гарна.

Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Даланзадгад, Чойр, Сайншанд зэрэг орон нутгийн томоохон хотод ажиллаж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх хэрэгцээ байна. Орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах, аж ахуй эрхлэгчид, уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар орлого олох бололцоо бүрдэнэ.

Өнөөгийн байдлаар "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад хамрагдаж болох үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийг хамруулан нийтдээ 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар урьдчилсан тооцоо гараад байна. Төслийн хүрээнд дэвшилтэт техник, өндөр технологи бүхий "үйлдвэр"-үүд, тэдгээрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот төлөвлөлттэй, олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар байгуулах болно.

Саяхан батлагдсан "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой уялдуулан Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 1000 гаруй км төмөр зам  барина. Энэ нь  эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болж, шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ.

Аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам төслийн зэрэгцээ 2011-2016 онд хэрэгжүүлэх "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг сэргээх, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот суурин, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон  сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг  бүрдүүлэхээр томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн.

Аж үйлдвэржүүлэлт,  шинэ бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн  компаниудыг нээлттэй болгох, олон шаттай зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, өөрөөр хэлбэл эдийн засгийг ардчилахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ манай орны эдийн засгийн нэг голлох бүтэц болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар ихээхэн анхаарч байгаа.

Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тариа бусад ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүрэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий бус бүхэлдээ  манай эдийн засгийн тэр дундаа хүнсний аюулгүй байдлын чухал ач  холбогдолтой  том зорилт гэдгийг хэлье.

Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлэн гурилын хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээ авснаар тодорхой үр дүн гарч байна. Энэ онд 330 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 250 мянга орчим тонн гурил үйлдвэрлэх боломжтой, ингэснээр гурилын хомсдол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тайлан мэдээллийг холбогдох яам, байгууллага гаргаад байгаа.

Мал аж ахуй бол манай үндсэн салбар учир Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд  болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан.

Зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,7 сая толгойгоор хорогдож, нийт 550,0 орчим  тэрбум төгрөгийн шууд  хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон. Зудын хор хохирлыг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газраас саяхан тогтоол гарган  "Малчин өрхийг малжуулах журам" батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд малжуулах юм. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөг гаргаж, аймаг бүрт хуваарилан олгож байгаа. Энэ бүхэн нь эцсийн дүндээ хүн рүүгээ  хандсан бодлого билээ.    

Манай Засгийн газрын хамгийн гол үндсэн зорилго бол хүний  асуудал  буюу Монгол хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа.  Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70000 төгрөг олгоод байгаа.
 
Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр, тогтмол олгож байхаар саяхан  Засгийн газраас шийдсэн байгаа. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000-оос доошгүй төгрөг байлгахаар тогтсон.
 
Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалж байна. Ямар ч байсан иргэддээ 1,5 сая төгрөгийн хувь хишгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр заавал хүртээх болно. Мөн энэ оны 10 сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү иргэдээ мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээж байна.
 
Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна. Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэсэн.

Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журамд шилжинэ.

Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

Мөн бүх шатанд хариуцлагын тогтолцоо бий болгож, хууль дүрмийг чанд мөрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууны эсрэг үзэгдэлтэй тууштай тэмцэж, ард түмний амгалан тайван байдлыг хангахад ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа, ажиллах ч болно.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ойрын ирээдүйн бодлого зорилтын талаар  Та бүхэнд товч танилцууллаа. Төр засгаас гаргаж байгаа шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүх салбар, орон нутгийн түвшинд  бодит ажил болон өрнөж, түүний үр дүн ард иргэдэд шууд хүрч байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн томилолтын нэг зорилго бол гаргасан шийдвэрийг аймаг, сум, багийн түвшинд иргэдэд хүргэх талаар хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн санал бодол ямар байгаатай танилцах, мөн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцоход чиглэж байгаа юм.

Эрхэм хүндэт иргэд ээ.

Дорноговь нутаг байгалийн баялгийн арвин нөөцтэй, соёл, түүхийн гэрч болсон эртний түүхт газар нутаг, зан үйл, дуу хуур элбэгтэй, улс орондоо төдийгүй тив дэлхийд нэр алдраа дуурсгасан гавъяат үйлстнүүдээрээ алдартай билээ.

Дорноговьчуудын ирээдүй ч бас гэгээлгээр төсөөлөгдөж байна. Яагаад гэвэл улс орны эдийн засгийн хөгжлийн стратегийн олон чухал түүхий эд, ашигт малтмалын орд энэ нутагт илэрч, зарим нь олборлох шатандаа орж байна. Үүнийг дагалдаад аж үйлдвэржүүлэлтийн ажил өрнөхийн хирээр зах зээлийн боломж нэмэгдэх учраас энэ боломжийг алдахгүй байх нь амжилтын үндэс болно.

Дорнын их говь нутагт хайлуур жонш, цеолит, гөлтгөнө, нүүрс, газрын тос, алт, зэс, нефть зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 400 гаруй илэрц тогтоогдсон байдаг. Зөвхөн хайлуур жоншны нийт нөөцийн 30 гаруй хувь нь энэ нутагт бий. Зүүнбаянгийн  орд газарт нефтийн, Дулаан уулын орчимд ураны, Цагаан суваргын зэс-молибден, Хонгор, Чандмань уулын төмрийн хүдэр, холимог металл, Лугийн голын газрын ховор элемент болон хайлуур жонш, шохойн чулуу, гөлтгөнө зэрэг олон ашигт малтмалын нөөцийг тогтоож, хэд хэдэн газарт алт, уран, нүүрсний эрэл, хайгуулын ажил үргэлжлэн явагдаж байна. 

Энэ уул уурхайг түшиглэсэн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, түүнийг дагалдсан бусад салбарын ажил хэрэгжиж эхэлснээр олон мянган ажлын байр бий болж, зөвхөн Дорноговьчууд төдийгүй, монголчууд ажлын байраар хангагдаж, ард иргэдийн маань амьдрал ахуй дээшилж, улс орны хөгжил шинэ шатанд гарах гэгээлэг ирээдүй харагдаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт дэд бүтэц болоод нийгмийн чиглэлийн арга хэмжээнд хөрөнгө оруулалт сүүлийн 20-иод жилд байгаагүй хэмжээгээр өсч байгаа. Дорноговь аймагт зөвхөн 2010 онд гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,1 тэрбум төгрөг, авто зам, Замын-Үүдийн дэд бүтцийг шийдвэрлэхэд 100  гаруй сая ам,долларын хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлж байна.

Тус аймгийн Замын-Үүд боомт бол улс орны үүд хаалга болсон чухал ач холбогдолтой газар билээ. Замын-Үүдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах талаар олон жил шүүмжлэн ярилцсаар ирсэн. Хоцрогдлын шалтгаан нь нэгдсэн бодлогогүй явж байгаад байна гэж Засгийн газраас  дүгнээд, Замын-Үүд сумын ерөнхий төлөвлөгөөг 300,0 сая төгрөгөөр шинэчлэн хийлгэж байгаа.

Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын томоохон бодлогыг удахгүй гаргаж, орчин үеийн боомт хотын түвшинд хүргэх талаар хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ хамтран ажиллана гэж бодож байна.

Орон нутагт ч өөрийн боломжоор хийж хэрэгжүүлэх ажил олон байна. Мал аж ахуйд суурилсан эдийн засагтай  аймгийн хувьд өөрийн газар нутаг, цаг уурын онцлогтоо тохирсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд малын эзэн-малчдын өөрсдийн оролцоо нэн чухал. Мөн  багийн Иргэдийн нийтийн хурал, сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Залуу малчдыг мал маллах арга ухаанд сургах, мал сүргээ эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, байгаль цаг агаарын эрсдлээс хамгаалах зэрэг дээшээ харахгүйгээр орон нутагтаа шийдэх асуудал олон байна. Мал аж ахуйн түүхий эд, байгалийн нөөц баялаг, газар тариалангийн бүтээгдэхүүнийг  боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх замаар орон нутгийн болоод шинээр бий болж байгаа уул уурхайн төвлөрлийн зах зээлд ажиллах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ихээхэн боломж харагдаж байна.

Ийм боломж байсаар байтал 2009 оны эцэст  ажилгүйчүүдийн тоо 2008 оныхоос 65,2 хувь өссөн  дүн гарсан байгаа.Цаашид Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгож байгаа зээлийг ажлын байр бий болгох төслүүдэд өгч, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах хэрэгтэй нь харагдаж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас сүүлийн 2 жилд тус бүр 30,0 тэрбум төгрөг зарцуулсан. 2010 онд аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилсан. Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах нь чухал. Ийм нааштай эхлэл ч байна. Сая бид танай аймгийн иргэн Өнөрбаярын фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. 50,0 сая төгрөгийн зээл авч жилийн дотор үнээний ферм, хүлэмжийн аж ахуй гээд юм юмтай болж чадсан байна. Та бүхний дотор ийм хөдөлмөрч, санаачилгатай иргэн олон байгаа. Тэднийхээ сайн үлгэр жишээгээр ажиллахад хүн бүрт их боломж бий.

Дорноговьчууд ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүхийн бичиг, соёлын биет болоод биет бус өв дурсгалыг хадгалж үлдсэн оюунлаг ард түмэн билээ. Ноён хутагт Данзанравжаа нь хосгүй авъяас, эрдэм мэдлэгтэй үндэсний сэхээтний томоохон төлөөлөл бөгөөд шашин соёлын нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, ая зохиогч, соён гэгээрүүлэгч гээд нэгэн биенд багтаж ядсан авъяастай ховорхон хүн байжээ.

Энэ түүх уламжлал нь ч энэ нутгаас оюуны болоод урлагийн олон алдартан төрөн гарах үндэс суурь болсон бизээ. Аливаа улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч хүн, хүний хөгжлийн асуудал байдаг. Тиймээс иргэддээ боловсрол, мэдлэг, мэргэжил олгох асуудал юу юунаас чухал.

Дорноговь аймгийн нийт хүн амын 22,4 хувь нь ерөнхий боловсролын сургууль, коллежийн сурагч, оюутан байна. Сургуулийн насны хүүхдийн сургуульд хамрагдалт, хичээлийн байрны хүрэлцээ хангамж аймгийн дунджаар улсын дундаж үзүүлэлтийн түвшинд явж байна. Харин Замын-Үүд сумын хувьд 960 хүүхдийн сургуульд  2500-аад хүүхэд суралцаж, 3 ээлжээр хичээллэж байгаа нь багш, сурагчдын суралцах орчныг бүрдүүлэхийн тулд өргөтгөл хийх шаардлага тулгарч байгаа юм байна.

Аймгийн эрүүл мэндийн салбарын ажлын үзүүлэлтүүд улсын дунджийн түвшинд байгаа бөгөөд эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдэл урьд оноос буурсан байна. Дорноговь аймгийн нэг давуу тал бол Анагаах ухааны коллежоор эмч эмнэлгийн ажилтан бэлтгэдэг учраас энэ салбарын боловсон хүчний хангамж бусад аймагтай харьцуулахад өндөр байна. Энэ мэт нааштай эхлэл, давуу талаа бататгахын зэрэгцээ сул тал, ажлын хоцрогдол, дутагдлаа дор бүрнээ засаж залруулан ажиллах нь чухал. Одоо нам эвслээрээ талцаж толхилцож суух цаг биш болсон. Эвлэн нэгдэж, эвлүүлэн бүтээж барьж байгуулахын төлөө хамтран зүтгэх цаг.
Эдийн засаг, нийгэм, соёлын зорилтуудаа хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ хэзээ мөдгүй болох өвлийн бэлтгэлээ бүх шатандаа хангахын төлөө цаг нартай уралдан ажиллаж, өрсөж амжуулахыг бас анхааруулъя аа.

Эрхэм хүндэт Дорноговьчуудаа.

Өвөг дээдсээсээ өвлөсөн эх оронч эрэлхэг зориг, хөдөлмөрч хичээнгүй, баатарлаг дайчин уламжлал Та бүхэнд бий. Угаас заяамал онгод авъяас, орчин үеийн боловсрол сургалтаар олж авсан онолын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, бизнесийн ухаан бий.

Мөн байгаль эхээс  хайрласан элбэг баян эрдэс баялаг байна. Та бүхний өмнө маш их боломж, элбэг хангалуун амьдрах сайхан ирээдүй байна. Төр засаг энэ боломжийг ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран ашиглаж улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд чармайн ажиллаж байна. 

Дорнын говийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.


Анхаарал тавьсанд баярлалаа.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах