Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 1-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Нийтэлсэн: - 2010/09/01 19:01 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 1-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Ньюкасли” өвчинтэй тэмцэхэд 125 сая төгрөг зарцуулна

Өнөөдөр болсон  Засгийн газрын хуралдаанаар  Нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул тосгоны 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан   шувууны гоц халдварт “Ньюкасли” өвчний цагийн байдлыг авч хэлэлцлээ. Халдварын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулан мөрдүүлэх, ариутгал, халдваргүйтгэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж өвчний тархалтыг таслан зогсоох арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгов. 

Уг өвчний тархалтыг цаг алдалгүй таслан зогсоох   арга хэмжээний зардалд зориулан нийт 125 сая төгрөгийг гаргах тухай тогтоолыг баталлаа. Тогтоолд дурдсанаар нийт 125 сая төгрөгийн 70 хувь буюу 87.5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод, үлдэгдэл 30 хувь буюу 37.5 сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт тус тус зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдод даалгалаа. 

Гоц халдварт Ньюкаслин өвчний халдвар авсан шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал халдварт өвчин юм байна. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн онцгой комисс, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, халдварын голомтод хэрэгжүүлэх арга хэмжээг гүйцэтгэх ажлын хүрээнд тус аж ахуйд гаднаас хүн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоод байгаа ажээ.

Өвчин илэрсэн “Нион шель”  аж ахуйгаас 2010 оны наймдугаар сарын 29-ний өдөр бусдад нийлүүлсэн 1600 өндөгийг Баянгол дүүргийн мал эмнэлэгийн байцаагч хураан авч, компаний өндөг борлуулдаг байр, хадгалж байсан гэр, өндөг тээвэрлэдэг машин зэрэг 250 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийжээ. 

Улсын нөөцөд малын тэжээл бүрдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөд малын тэжээл бүрдүүлэх тухай тогтоол гаргалаа. Тогтоолоор  ОХУ-аас буцалтгүй тусламжаар ирүүлсэн арвай буудайны үлдэгдэл 21091.9 тонн арвай буудайг үйлдвэрийн аргаар боловсруулж тэжээл бэлтгэх, үүнтэй холбогдуулан гарах үйлдвэрлэлийн болон бусад зардлыг нэг тонн буудайг 90000 төгрөгөөр тооцон буудай хэлбэрээр олгож, малын тэжээл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан малын хорголжилсон, багсармал тэжээл бэлтгүүлж, 2010 оны 11 дүгээр сард багтаан Улсын нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Шадар сайд М.Энхболдод даалгалаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай мэдээллийг сонсов

“2009-2010 оны зудын хохирлыг арилгах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 137 дугаар тогтоолын биелэлт болон 2010- 2011 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарын мэдээллийг сонслоо.

Зарим аймагт гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийг мэргэжлийн яам, холбогдох байгууллагын бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж, цаашид авах арга хэмжээний талаар энэ оны есдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол улсын сайд, ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа. Мөн малжуулах арга хэмжээний төсвийн санхүүжилтийг аймгуудын төрийн санд яаралтай олгох, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагын хандив, зээл, тусламжийн эх үүсвэрээр нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх,малжуулах ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарт даалгав.

Орон нутгийн захиалгын дагуу мал, мах бэлтгэх ажлыг зохион байгуулах,тэдгээрийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдтэй холбож дэмжлэг үзүүлэх, хот суурин газрын хаврын махны нөөц болон экспортыг нэмэгдүүлэх, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас үржлийн хээлтүүлэгч малыг говийн болон төвийн аймгуудад худалдаалах арга хэмжээг хэрэгжүүлж, түүнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгав. Хэнтий аймгийн Бэрх тосгоны дулааны станцын алдагдалтай холбогдон гарах нэмэлт зардлыг тооцон шийдвэрлэх арга хэмжээний талаар тодорхой санал боловсруулж, 2010 оны аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ЭБЭХ-ий сайд Д.Зоригтод даалгалаа. 

ХХААХҮ-ийн сайдын мэдээллээс товч дурдвал, зуншлагын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд гантай, бусад нутаг буюу нутгийн 40 орчим хувьд гандуу байгаа юм байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 19 сая хээлтэгч мал төллөх ёстойгоос долдугаар сарын 1-ний байдлаар төллөх хээлтэгчийн 53.7 хувь буюу 10.2 сая нь төллөж, гарсан төлийн 71.1 хувь нь буюу 7.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оныхоос 46.6 хувиар цөөн аж. 2010-2011 онд улсын хэмжээнд 35.0 сая орчим мал өвөлжих төлөвтэй байгаа ажээ. ОХУ-ын тусламжаар ирсэн 56.8 мянган тн тэжээлийн үр тарианаас 25.6 мянган тн-ыг улсын нөөцөд авч, үлдсэнийг нь 21 аймаг, нийслэлд саналыг нь харгалзан хуваарилан олгожээ.

Улсын хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх техникийн бэлэн байдал 90.2 хувьтай байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ. Өвөрхангай аймаг өнгөрсөн жил мал аж ахуйн хувьд хамгийн их хохирол амссан аймаг юм байна. Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр эцсийн дүнгээр 1620.0 мянган мал толгой мал хорогдсон байна. Тус аймагт огт малгүй болсон буюу цөөн тооны малтай гэх 8.3 мянган өрх байгаа ажээ.

Тэдний ихэнх нь өөр ажил хөдөлмөр эрхлэх чадвар багатай, зөвхөн мал маллаж чадах учраас тэднийг малжуулж, орлогын эх үүсвэртэй болгохыг хүсэлтдээ уламжилж байсан. Харин Хэнтий аймгийн хувьд мал тарга хүч сайтай орж, өвлийг ядралгүй даван туулсан ч цас ихээр орж, хүйтэрснээс бог малын хорогдол асар их байсан байна. 

Ургацын урьдчилсан балансын дүнг танилцуулав

2010 оны ургацын урьдчилсан балансын дүнг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангуулсны үндсэн дээр ургац хураалтыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгав.

2010 онд улсын хэмжээгээр 260.4 мянган га-д үр тариа, 13.8 мянган га-д төмс, 6.9 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 11.7 мянган га-д тэжээлийн ургамал, 517.4 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 317.4 мянган га-д тариалалт хийсэн байна.  Ургацын урьдчилсан балансаар 338.8 мянган  тонн үр тариа, үүнээс 329.8 тонн буудай, 156.1 мянган тонн төмс,90.1 мянган тонн хүнсний ногоо, 20.5 мянган тонн тосны ургамал, 19.6 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогоод байгаа юм байна.

Энэ нь нэг га-гаас дунджаар 13.5 цн үр тариа, 113.3 цн төмс, 130.3 цн хүнсний ногоо, 8.5 цн тосны ургамал, 14.0 цн малын тэжээлийн ургамал авах боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Хавар тавдугаар сард хөрсний угтвар чийг хангалттай, уриншийн чанар сайн байсан хэдий ч зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 6-ныг хүртэл хур бороо багатай, агаарын температур 28-36 хэм , хөрсөн дээр 52-60 хэмээс давж 14-26 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт болсон нь ургацын байдалд сөргөөр нөлөөлснийг Т.Бадамжунай сайд мэдээллээ.

Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 329.8 мянган тонн буудай хураан авахаас 2011 оны тариалалтад 44.9 мянган тонн, Улсын үрийн нөөцөд 16.0 мянган тонн, тариалан эрхлэлтийг дэмжих санд 168.9 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 23.1 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 76.6 мянган тонн буудай тус тус нийлүүлэх тооцоо гарчээ.

Үүн дээр Монгол улсыг хөгжүүлэх сангийн 80.8 мянган тонн, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үлдэгдэл 13.0 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 339.4 мянган тонн буудайн нөөц бүрдэх бөгөөд түүгээр 247.7 мянган тонн гурил үйлдвэрлэж 2010-2011 оны хэрэгцээт гурилаа дотооодоос бүрэн хангах боломж бүрдэж байгаа ажээ.

Бүтээн байгуулалтын шинжтэй томоохон зорилтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын үйл  ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2010 оны эхний хагас жилийн явцын тухай Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ ажлын явцыг газар дээр нь ямар байгааг Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн долоо хоногт явж танилцсан юм.

Засгийн газар энэ оны эхнээс үйл ажиллагааныхаа хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хэрэгжилтийн явц 2010 оны эхний хагас жилийн байдлаар 53.0 хувьтай байгаа нь 2009 оны жилийн эцсээс 10.3 хувиар өссөн байна. Бүтээн байгуулалтын шинжтэй, цаг хугацаа шаардсан зарим томоохон зорилт, арга хэмжээ судалгааны түвшинд, төсөл, ТЭЗҮ боловсруулах зэрэг эхлэлтийн шатанд байгааг анхаарч, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхгүй бол Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд багтаж хэрэгжихээргүй болж байгааг тэмдэглэж байв. 

Гашуун сухайт боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Хилийн “ Гашуунсухайт” боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг  Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн “Гашуун сухайт” боомтоор тээвэрлэж байгаа нүүрсний экспортын хэмжээ энэ оны долдугаар сарын 1-ний байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгдэж, “Оюутолгой” ХХК-ний барилга байгууламжийн зориулалтын импортын бараа, тоног төхөөрөмж ачсан 50 гаруй машин өдөр бүр улсын хилээр орж, тус боомтын ачаалал эрс нэмэгджээ.

“Гашуун сухайт” боомтын эрчим хүч, халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээг өргөтгөх, ундны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, 180 орчим ажиллагсад байрлах орон сууц шинээр барих зэрэг ажлыг энэ онд багтааж барих төлөвлөгөөг Оюутолгой ХХК-аас гаргаж танилцуулаад байгаа юм байна. Тус компаний тавьж буй энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хилийн “Гашуунсухайт” боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэн, улмаар 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгон хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан хилийн “Гашуун сухайт” боомтыг өргөжүүлэх чиглэлээр зраим ажлыг эхлүүлэхийг судалж, шийдвэрлэхийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа. 

Тамирчдад мөнгөн шагнал олгоно

Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадам, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын спортын тэмцээнд оролцож, медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагчдад  мөнгөн шагнал олгох тухай тогтоолыг гаргалаа. 

Шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөг, буудлагын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая төгрөг, өсвөр үеийнхний зуны олимпоос алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарыг тус бүр 36 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөгийн шагнал олгохоор болов. Дасгалжуулагчид буюу  шатрын дасгалжуулагч П.Жигжидсүрэнг 250 мянган төгрөг,  буудлагын дасгалжуулагч Л.Ундралбатыг зургаан сая төгрөг,  чөлөөт бөх болон гимнастикийн дасгалжуулагч Д. Мөнхбаяр, Ц. Алтантөгс нарыг тус бүр 18 сая төгрөгөөр урамшуулжээ. Харин жудогийн дасгалжуулагч Д.Энхбаатарыг 2 сая 700 мянган төгрөгөөр шагнаж байгаа юм байна. Мөнгөн шагналд зарцуулах 134.850.000 төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Сангийн сайдад даалгалаа. 

Товчхон

- Хөгжлийн банкны удирдлагын сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танхимын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкны удирдлагыг сонгон шалгаруулах ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тус тус даалгалаа.

- Худалдаа, эдийн засаг, шинжлэх, ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол,Оросын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны дүнг  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцууллаа. Засгийн газрын гишүүд дүнг сайшаав. Монгол,Оросын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд , тус Комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягт даалгав.

-  Улаанбаатар хотноо 2010 оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын V хуралдааны дүнг сайшааж, уг худалдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд, тус Комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаад даалгав

-Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай  мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай танхимын гишүүдэд хийлээ. Энэ  асуудлыг хэлэлцээд  Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 

- Засгийн газрын 2010 оны долдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар засгийн газрын гишүүдэд танилцуулав.

- “Бурхан Халдуны тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын төслийг  хэлэлцээд,  танхимын гишүүд асуудлыг зарчмын хувьд дэмжин тодорхой  саналуудыг  Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. 

- Сумдад мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулах тухай тогтоолын заалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолыг гаргав

- “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг батлах тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган төсөл, зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн биелэлт, үр дүнг нэгтгэн гаргаж жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд үүрэг болголоо

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах