Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд гадаадын сэтгүүлчидтэй уулзав

Нийтэлсэн: - 2010/02/09 21:31 - Мэдээ, мэдээлэл , Ярилцлага

Ерөнхий сайд С.Батболд гадаадын сэтгүүлчидтэй уулзавЕрөнхий сайд С.Батболд “Доу Жоунс” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хөрөнгийн биржээ менежментийн хувьд сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх бэлтгэл ажил хийх болно. Үүний тулд тендер зарлаж, бидний шаардлагад нийцэх гадаадын мэргэжилтнүүд, банкируудаас бүрдсэн өндөр чадвар бүхий багыг бүрдүүлэх юм. Цаашдаа олон улсын хөрөнгийн биржид ашигт малтмалын, дэд бүтцийн болон энергийн нөөцөөрөө гарах болно. Ашигт малтмал, стратегийн ордуудаас олсон ашгийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэдэд түгээж эхэллээ.

Одоогоор бэлэн мөнгөөр түгээж байна. Цаашдаа эмнэлэг, боловсролын салбар болон орон сууц,даатгал, хадгаламжийн хэлбэрээр түгээх зорилт тавин ажиллаж байна.  Энэ нь иргэдэд хувь хишгээ өөрийн хүссэн хэлбэрээр авах сонголтыг бий болгож өгөх юм” гэж хариуллаа. Түүнчлэн “Манай орон голцуу түүхий эд нийлүүлдэг орон. Байгалийн нөөцөөс олж байгаа ашгийн нэгээхэн хэсгийг боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулах төлөвлөгөөтэй байна. Түүхий эдийг боловсруулах шатанд хүрч чадсанаар иргэд ажлын байрны болон хөрөнгө мөнгөний дутагдалгүй болох зэрэг олон ашигтай талууд бий болох юм” хэмээв.

  --Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодорхойлох нь чухал--

Ерөнхий сайд С.Батболд “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв. Монголд анх удаа болж байгаа эдийн засгийн чуулган болон уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар сурвалжлагч асууж хариулт авлаа. Эдийн засгийн чуулганы үеэр үндэсний хөгжлийн асуудлаар төр, засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн гээд бүх талын төлөөлөл хамтарч илэн далангүй ярилцаж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. 

1997 онд “Ашигт малтмалын тухай хууль” батлагдсан. Гэвч энэ хуулиар гадаадынханд давуу эрх олгож  монголчуудын эрх ашиг хохирсон гэсэн шүүмжлэл гарснаас тал талын эрх ашгийг тэнцвэржүүлэх, ил тод, ойлгомжтой байх, тогтвортой, шударга орчинг бий болгохыг зорьж байна. Гадаадынхан Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан олон улсын хөрөнгийн зах зээл дээр 20 тэрбум ам.долларыг босгосон. Харин одоо монголчууд өөрсдөө дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарч мөнгө босгох хэрэгтэй. Бид гадны улс орнуудаас техникийн туслалцаа, зөвлөгөө авч богино хугацаанд амжилтад хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байна. Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодруулж бодит хөрөнгө хуримтлуулах нь чухал юм гэв.

-- Ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина--

Ерөнхий сайд С.Батболд Блүмберг агентлагийн сурвалжлагчид ярилцлага өглөө. Сурвалжлагч байгалийн нөөц баялгаа дэмий сүйтгэж ирсэн олон улс орон түүхэнд байдгийг дурьдаад, Монгол Улс чухам ямар замаар амжилтад хүрэх гэж байгааг Ерөнхий сайдаас сонирхов. Ерөнхий сайд “Бусдын алдаа болон туршлагаас суралцах хэрэгтэй. Ашигт малтмалтай холбоотой асуудлуудын хүрээнд аль ч оронд Засгийн газрын байр суурь баримталж буй бодлого, чиглэл нэн чухал байдаг.

Уг чиглэлийг тодорхойлох үүднээс гадны хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдтэй төдийгүй дотоодын мэргэжилтнүүдтэйгээ санал солилцож байна. Энэхүү асуултын хариуг олж, саад бэрхшээлийг даван туулах арга замыг олох зорилгоор эдийн засгийн чуулганыг зохион байгуулсан. Манай оронд иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, улс орны хөгжлийг сайжруулах гол хөшүүрэг болох олон стратегийн ордууд бий. Таван Толгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхдээ ард түмний ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж, түүний дараагаар бусад бусад орнуудтай гэрээ хэлэлцээр хийх нь зүйтэй юм” гэлээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах