Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

Нийтэлсэн: - 2011/03/02 18:28 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ДЭМЖИВ

2011 оны төсвийн жилд улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах тухай хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2011 онд 127 тэрбум 443 сая 400 мянган төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахаар төлөвлөөд байна.

Төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэн, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа идэвхжиж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө. Мөн төсвийн зардал, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, санхүүгийн зах зээл дэх орон сууцны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, барилгын салбарт дэмжлэг үзүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

НЭГДСЭН ТӨСВИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 113.9 хувь, нийт зарлага 96.6 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 3.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 481.7 тэрбум төгрөгөөр бага байна.

Эдийн засгийн гол үзүүлэлт болох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар оны үнээр 8255.1 тэрбум төгрөгт хүрчээ. Нэгдсэн төсвийн нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 3.069.9 тэрбум төгрөгт хүрч орлогын төлөвлөгөө 374 тэрбумаар буюу 13.9 хувиар давсан байна. Энэ нь 2009 оны мөн үеийнхээс 54 хувиар буюу 1.076.9 тэрбум төгрөгөөр өссөн тухай Сангийн сайд С.Баярцогт танилцууллаа. Нэгдсэн төсвийн орлого татварын орлогоор 87.1, татварын бус орлогоор 11.5, тусламжийн орлогоор 1.1, хөрөнгийн орлогоор 0.3 хувь бүрджээ.

Дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ төлөвлөснөөс харьцангуй өндөр байсан, татвар болон гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн татварын өр барагдуулах, орлого төвлөрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан, нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 онд өмнөх оноос 53.5 хувиар өссөн, санхүү, эдийн засгийн хямралтай байгаа орнуудад үзүүлж байгаа тусламжийн хүрээнд АНУ манай улсад 14.5 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг нийгмийн халамжийн санхүүжилтэд олгосон зэрэг нь нэгдсэн төсвийн орлого төлөвлөгөөнөөс давж биелэхэд нөлөөлсөн байна.

ЭНЭ ОНД ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 50 УГАЛЗ АГНУУЛНА

Гадаадын анчид мөн 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, тус бүр 40 саарал чоно, бор гөрөөс, 20 зэрлэг гахай, ой, хээрийн агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнаж болно. Судалгаа, шинжилгээний зориулатаар 2 хүрэн баавгай, 4 хүртэл цоохор ирвэс агнах, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор 2 толгой хулан адуу барихыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.

Гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулсан ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд улс, орон нутгийн  төсөвт 7,2 тэрбум төрөг төвлөрсөн байна. 2009, 2010 онд хийсэн судалгаагаар манай улсад 17,9 мянган аргаль, 24,4 мянган янгир, 10 мянга гаруй халиун буга, 12 мянга гаруй хар сүүлт, 5,6 сая цагаан зээр, 1200 орчим ирвэс, 6 мянга орчим идлэг шонхор шувуу байгаа нь тогтоогджээ. Цаашид гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлж, элбэг амьтны тоог нэмэх, төлбөр, хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого барьж байна. 

ТОВЧХОН

·  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 1 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад ажлын айлчлал хийсэн, мөн сарын 26-30-ны өдрүүдэд Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. 

·  “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүн Д.Арвин, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа, Ц.Батбаяр нар санаачлан боловсруулсан байна. Төсөл нь агуулга, зорилгын хувьд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, УИХ-ын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын  тогтоолтой давхардаж байгаа учир дэмжих боломжгүй гэж үзлээ. Гишүүд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шинэ технологи нэвтрүүлэх замаар гэр, амины орон сууц, нам даралтат уурын зуух ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуд цахилгаан эх үүсвэр, бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалтын систем нэвтрүүлэх, гэр хорооллын түүхий нүүрс, модны хэрэглээг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай авч хэрэгжүүлэхээр төсөлдөө тусгасан байжээ.

·   “Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·   Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг баяр наадмаа 2011 оны 7 дугаар сарын 22-23-нд, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймаг 2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Аймаг байгуулагдсаны тэгш ой тохиож байгаа болон бүсийн хурдан морины уралдаан болох учир аймгууд баяр наадмаа дээрх өдрүүдэд зохион байгуулах хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байна.

·   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга М.Ганхүү, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Г.Алтансүх нарт Бригадын генерал, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэнд хошууч генерал цол хүртээлгэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·   Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой энэ оны 10 дугаар сарын 27-нд тохиож байгаатай холбогдуулан ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр 1961 элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж, дэмжлэг авах өргөн боломжтой болсон юм.

·   Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тоооллогыг 2011 оны 4 дүгээр сард багтаан явуулахаар болж тооллогыг зохион байгуулах комиссыг Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулан байгуулав. Нутаг дэвсгэртээ орших аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, байршлын жагсаалт гаргах, тооллогод бүрэн хамруулах, тооллогын Ажлын хэсэг байгуулах зэрэг арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт даалгалаа. Тооллогын дүнг 2011 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулах юм байна.

·   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшилд байгаа БЗД-ийн 16 дугаар хорооны нутагт орших 190 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороонд зөвшөөрлөө.

·   “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоол гаргахаар боллоо. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт даалгав. 2009 онд ХЗДХЯ, АНУ-ын Азийн сан хамтран Улаанбаатар хотын эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд, алслагдсан, хүн ам ихтэй СХД, БЗД-ийн 4 хороонд “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” туршилтын төсөл хэрэгжүүлсэн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтмол үйл ажиллагаатай “Иргэний зөвлөл” бий болсон бөгөөд тухайн орон нутагт гэмт хэргийн гаралт 6-28 хувиар буурчээ. Иймээс энэ амжилтыг улсын хэмжээнд баталгаажуулах, хэрэгжүүлэх зорилгоор “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

Шинэ он гарснаас хойш Засгийн газрын хуралдаанаар 95 асуудлыг хэлэлцэн 42 асуудалтай танилцсан байна. Үүнээс 10 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 5 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 1 асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 5 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэжээ. 2011 оны 1,2 дугаар сард Засгийн газрын хуралдаанаас 56 тогтоол, Ерөнхий сайдын 13 захирамж гаргахаар шийдвэрлэснийг зохих журмын дагуу албажуулсан байна.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах