Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

“Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт төвийн бүсийн улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

Нийтэлсэн: - 2011/03/29 03:44 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Зөвлөгөөнд оролцож байгаа нийт зочид төлөөлөгчид, малчид аа,

Хахир өвлийн хатуу сорилтыг хичээнгүй хөдөлмөр, зүтгэлээрээ даван туулж, урин хавартай сэтгэл тэнүүн золгосон Та бүгдийнхээ амар мэндийг айлтгаж, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Эх оронд минь уул уурхайн стратегийн орд газрыг дагасан их бүтээн байгуулалт өрнөж, үсрэнгүй хөгжил дэвшлийн тухай ярьж буй үед Та бид уулзаж байна. Тиймээс Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, уул уурхайн салбараас олох орлогыг ард иргэддээ тэгш шударга хүртээх, зөв зарцуулах талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар улс орны хөгжлийг түргэтгэх томоохон боломжийг бидэнд олголоо. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар түүний дотор уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлж шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй урт хугацааны ач холбогдолтой гэж үзэж байна. Ийм учраас “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт улсын зөвлөгөөнд ач холбогдол өгч Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа билээ. Энэ зөвлөгөөнийг баруун, зүүн, хангайн бүсэд үргэлжлүүлэн зохион байгуулна.  

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд төв, орон нутгийн төр, захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, иргэд, малчдын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэж, бүтээлч хөдөлмөр, санаачилга, оновчтой шийдлийг хэлэлцэж, гарах үр дүнг сайжруулах талаар бүсийн зөвлөгөөнүүдээр өргөн хүрээнд санал солилцоно.

Монгол улсынхаа үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалын үнэт баялгийг эрхэмлэн шүтэж, их ачааг нуруундаа үүрч яваа малчин түмнээ дээдэлж, ахуй амьдрал, ашиг орлогыг нь тогтвортой нэмэгдүүлэх, мал сүргээ хамгаалах, чанарыг нь сайжруулах үндсэн зорилт бүхий бодлогыг хэрэгжүүлэх нь манай Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирлээ. Тиймээс миний бие өнгөрсөн жил Монгол Улсынхаа зүүн бүсийн 3 аймгаас бусад аймагт ажиллаж орон нутгийн иргэд, малчдын санал санаачилгыг биелүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг саяхан Засгийн газрын хуралдаанаараа авч хэлэлцлээ. Орон нутагт хийхээр заасан 99 заалт бүхий ажлын 70 нь хэрэгжиж байгаа бөгөөд тэдгээрийн санхүүжилт нь 2011 оны төсөвт тусгагдан ямар нэгэн байдлаар шийдлээ олсон. 23 заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол 6 заалт нь хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарлаа. Эдгээр заалтыг хэрэгжүүлэх талаар цаашид анхаарч ажиллах, ажил хэрэг болгох нь Засгийн газрын үүрэг гэж бодож байна.  

Малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах чиглэл баримтлаж байна. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд, 50-иас доошгүй хувийг нийгмийн даатгалд хамруулахаар заасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, малчдыг нийгмийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хувиараа хөдөлмөр эрхлэлтийн тэтгэврийн даатгал, төлбөрийн тухай тусгайлсан хуулийн төслийг Засгийн газар боловсруулсан. Үүний зэрэгцээ УИХ малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлсөн зэрэг нь дээрх зорилтыг хэрэгжүүлэх нөхцлийг хангах үндэс боллоо.

Мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлт бий болгож орон нутагт малчдын хамтын зохион байгуулалтын хэлбэрүүдийг дэмжих замаар тэдгээрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, сум бүрт амжилттай ажиллаж байгаа загвар хоршоодыг төрөөс дэмжиж урамшуулал олгох, техник, тоног төхөөрөмжөөр хангах цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Тариаланчдын ургуулсан улаан буудайд нь урамшуулал  өгч байгаатай адил үйлдвэрт нийлүүлэх, эрүүл чанартай түүхий эд, бүтээгдэхүүнд тодорхой урамшуулал олгодог тогтолцоонд ойрын үед шилжих болно гэдгээ би мэдэгдсэн. Энэ талаар та бүхнийг ч гэсэн байр сууриа илэрхийлээсэй гэж хүсч байна.

Дэлхийн болон ихэнх бүс нутагт хүнсний хомсдол нүүрлэх болсон энэ цаг үед монголчууд бид мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, будаа, төмс, хүнсний ногоо зэрэг эх орныхоо хөрсөнд бий болсон экологийн цэвэр, эрүүл хүнсээр гачигдах учиргүйг хаа хаанаа анхаарч ажиллах ёстой. Өвөг дээдсээс үлдээсэн өргөн уудам, үржил шимт газар, арвин баялаг мал сүргээсээ иргэн бүрийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангах нөхцөл бололцоо бий. Түүгээр ч барахгүй дэлхийн зарим улс орны хүнсний бүтээгдэхүүний хомсдлыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулж экологийн цэвэр, чанартай тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг экспортлох боломж ч бий.

Иймээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг улам боловсронгуй болгон, нийгмийн болон олон улсын эрэлт хэрэгцээ, чиг хандлагатай уялдуулан мал аж ахуйн салбарынүйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх шаардлага тулгамдаад байна. Энэ зорилгоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн эцсийн зорилго нь малчин хүнийг хөгжүүлэх, чадавхижуулах, амьдралын түвшинг нь дээшлүүлэхэд л чиглэгдэх учиртай.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх суманд байгуулан ажиллуулж эхэлсэн. Хэдийгээр Засгийн газрын түвшинд төр, захиргааны шат дамжлагыг багасгах, төсөв хэмнэх, орон тоог цөөлөх бодлого баримталж байгаа ч мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх, малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх бодлогын ач холбогдлыг онцгойлон анхаарч бүх сумын Засаг даргын Тамгын газарт гурван хүний орон тоотой  “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулсан юм. Улсын хэмжээнд 329 суманд шинээр658 мэргэжилтний ажлын байр бий боллоо. Түүнчлэн мал аж ахуйн салбараа сэргээх, бэхжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас урьд өмнө  байгаагүй ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.

Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа дэмжих зорилгоор энэ оны төсөвт шинэчлэлийн олон асуудлыг тусгалаа. Тухайлбал анх удаа аймаг бүрт орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон дунджаар 800.0 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт шинээр суулган өгч байна. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс 2010 онд 5.3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан. 

Үүний зэрэгцээ сум орон нутгийн хөгжлийг дэмжих талаар ч Засгийн газар тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, улсын тэргүүний загвар сумыг бүс бүрээс шалгаруулж 100.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Энэ жил төвийн бүсийн сумдаас Сэлэнгэ аймгийн Мандал сум загвар сумаар шалгарсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс Мандал сумынхаа төлөөлөгчдөд баяр хүргэе. Мөн Та бүхнийг төвийн бүсийнхээ загвар сумын үйл ажиллагаа, бүтээлч ажлуудтай танилцаж, туршлага судлахыг хүсч байна. Төрийн зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтын арга хэмжээг энэ мэтчилэн цаашид үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Гагцхүү түүний үр өгөөжийг сайжруулах явдал нь дунд болон доод шатанд ажиллаж байгаа Та бүгдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээс шууд хамаарах болно гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Эрхэм төлөөлөгчид өө,

“Монгол мал” хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг амьдралд хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, улс орны болон аймаг, сумын хөгжилд хувь нэмрээ оруулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг Та бүхэнд оногдож байна. Энэ үүргийг биелүүлэхэд Та бүгдийн ажил, амьдралын арга, туршлага, эрдэм мэдлэг, тэвчээр хатуужил, сэтгэл зүтгэл, идэвх санаачилга, уян хатан бодлогоос олон зүйл хамаарна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого эхний жилүүдэд ямар үр дүнд хүрч, малчид, хөдөөгийн ард иргэдийн амьдралд яаж ахиц дэвшил гарч чадсан бэ гэдгээс дараа дараагийн жилүүдэд хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ улам тодорхой болно.  Харин хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил эхний жилүүдэд удаашралтай, ажлын явц, үр дүн хангалтгүй байх аваас дараа дараагийн үе шатны бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд улам их хүндрэл бэрхшээл бий болно. “Зөв эхлэл сайн үр дүнг авчирдаг” гэж манай ард түмэн ярьдаг нь ажлыг эхнээс нь алдаа, мадаггүй хий гэсэн гүн агуулгатай нэг ёсны анхааруулга, сануулга гэдгийг та бүхэн анхаарч ажиллах хэрэгтэй.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд яам агентлаг, аймаг, орон нутгийн удирдлага ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхлүүллээ. Малчид, малчдын бүлэг, хоршоод руу хандсан олон ажлыг  энэ жилийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэг, даалгаврыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасан. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ч энэ чиглэлд зарцуулах тал дээр сонголтоо оновчтой хийж баг, хороо, сум, дүүргийн түвшинд мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнд суурилсан жижиг, дунд болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршоо, хамтын хөдөлмөрийг түлхүү тавихад анхаарлаа хандуулж ажиллахыг бас анхааруулж хэлье.

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийг зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хийх ажил мэтээр явцуурч болохгүй. Тиймээс төрийн бүх яам, агентлаг, байгууллага эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлого үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажиллахыг үүрэг болгож байна. Яамдын ажлын уялдаа холбоо хангалтгүй байгаагаас эдгээр бодлого, хөтөлбөрийн үр дүн төдийлөн сайн гарахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.   

Өнөөдөр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрөөс хариуцлагатай байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл төр, засгийн төлөөлөл болсон Та бүгдийг хариуцлагатай байхыг ард түмэн маань хүсч байна. Иймээс ажлын хариуцлагыг нэмэгдүүлж үйл ажиллагааны гүйцэтгэлийн явцад тавих хяналтыг сайжруулан ам ажил, үг үйлдлийн нийлбэрийг хангаж ажиллах учиртай. Мөн малчдын эрх ашгаа хамгаалах иргэний нийгмийн бүтцийг бий болгох, бэхжүүлэх талаар санаачилгатай ажиллах ёстой. Засгийн газрын зүгээс эрх ашгаараа нэгдсэн хоршоод, малчдын бүлгүүдтэй ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Энэ бодлогын хүрээнд Ноос ноолуурын холбоо, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Махны холбооны төлөөллийг хүлээн авч уулзан тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ мэт үр дүнтэй бүтэц бий болгохын зэрэгцээ өөрсдийн салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахыг хүсч байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдож манай оронд тохиолдох байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж ойртож, учрах хор хохирол нь нэмэгдэх хандлагатай болсныг хэн хэнгүй сайн мэдэж байгаа. Тодруулбал 2009-2010 онд ихэнх нутгийг хамарсан байгалийн гамшиг, зудад бид нийт малыхаа 23,4 хувь буюу 10,3 сая малаа зүй бусаар хорогдуулж томоохон гарз хохирол амссан.Үүнд  дүгнэлт хийж өнгөрсөн жил Засгийн газраас тодорхой төлөвлөгөө, зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд малчид, баг, сум, аймгийн түвшинд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан. Ингэснээр өмнөх оны зуднаас дутахааргүй цастай байсан энэ онд аймаг, орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоор өвлийг давж чадлаа. Та бид хаана хаанаа нөөц бололцоондоо тулгуурлан хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж чадвал үр дүнд хүрдгийн бодит жишээг энэ жил харууллаа.

Бэлчээрийн доройтол, байгалийн нөөцийн хомсдлын асуудал сүүлийн үед бидний анхаарлын төвд байх боллоо. Хариуцлагагүй уул уурхай, байгальтай зүй бусаар харьцах, малын хэт бөөгнөрөл, төвлөрлөөс улбаалан байгалийн унаган төрх ихээр алдагдаж байна. Эрдэмтдийн судлан тогтоосноор манай улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжиж, олон арван гол горхи, нуур цөөрөм ширгэжээ. Энэ бол байгаль орчныг хамгаалах бодлого, чиглэл алдагдсаны баримт, та бидэнд өгч байгаа томоохон дохио мөн.

Ийм учраас “Монгол мал” үндэсний хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйг зонхилон, эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт хязгаарлагдмал хүрээнд эрхлэн, бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээхтэй холбогдсон тодорхой зорилт, үйл ажиллагаа тусгагдсан. Энэ үйл ажиллагааг анхан шатанд хэрэгжүүлэгч гол хүмүүс нь та бүхэн билээ.

Тиймээс сум, орон нутгийнхаа хэмжээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутаг, хадлан, тариалан, отрын бүс нутгийг тогтоохоос гадна, байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалын газрын байршил, хил, хязгаарыг тодорхой болгож, нэрсийн жагсаалтыг нэгтгэн цэгцэлж, багийн Нийтийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж шат шатандаа сурталчилж ойлгуулах, хамгаалах, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулан сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна.

Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд илүү анхаарч, хүн, хүч, хөрөнгө, санхүүгийнхээ нөөцийг чиглүүлж, малчдаа дэмжиж, тэднийг ашиг сонирхол, үйл ажиллагааны чиглэлээрээ нэгдэж, хамтын аж ахуйн хэлбэрийг бий болгоход нь бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай. Эцэст нь хэлэхэд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг малчид, ард иргэдэд ойлгуулан сурталчлах ажил онцгой чухал шаардлагатай байна. Эдгээр бодлогын баримт бичгийн агуулга, ач холбогдлын талаар иргэд, малчид дутуу ойлголттой байгааг би орон нутагт ажиллах үеэрээ анзаарсан.

Түүгээр ч барахгүй бодлого, хөтөлбөрийн талаар буруу, зөрүү мэдээлэлтэй байсныг хэлэхэд илүүдэхгүй байхаа. Иймээс энэ зөвлөгөөнд оролцож буй төр, захиргааны удирдах ажилтан, мэргэжилтэн ажилтан та бүхэн төрөөс малчдын талаар явуулж буй бодлогуудыг нарийвчлан судлаж, алхам тутамдаа сурталчилан ойлгуулж, 160 гаруй мянган малчин өрхөд хүргэх чиглэлээр өнөөдрөөс эхлэн 3 сарын бүтээлч аян зохион байгуулахыг үүрэг болгож байна. Эрдэнэт мал сүргээ эрүүлжүүлэн, үүлдэр, угсааг нь сайжруулж, түүхий эд, ашиг шимийг боловсруулан эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилго нь бидний хамтын ажиллагааны үр шим байх болно. 

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2011.03.28.       Төрийн ордон

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах