Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл

Нийтэлсэн: - 2011/04/08 01:23 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ , Хэлсэн үг

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл Улсын Их Хурлын дарга,

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний жилийн тайлан, мэдээллийн танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлсэн тул товч мэдээлэл хийе. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг 40 мянга орчим хувийн хэвшлийн аж ахуйн нэгж үйлдвэрлэж, тэдгээрт 800 мянга гаруй хүн ажиллаж байна. Тиймээс улс орны эдийн засгийн ачааг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, өрсөлдөх чадвартай болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг багасгах, хууль эрх зүйн орчноо сайжруулах зэргээр бизнесийн орчноо шинэтгэхийг зорьж ирлээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхий дахины өрсөлдөх чадварын индекс”, Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайланд манай орон дэд бүтэц, макро эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээл, бизнесийн боловсронгуй байдал, бизнес эрхлүүлэх, тусгай зөвшөөрөл, лиценз, зээл авах, гэрээний хэрэгжилт, компанийг татан буулгах зэрэг үзүүлэлтээр доогуурт бичигдэж байна. Засгийн газар дээрх үзүүлэлтийг сайжруулах зорилгоор 2011 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, жилийн ажлын төлөвлөгөөнд яам, агентлаг, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагын саналуудыг өргөн хүрээнд тусган хэрэгжүүлсэн. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөнд нийт 131 зорилт, арга хэмжээг оруулсаны 105 арга хэмжээ нь бизнес эрхлэх орчинг сайжруулахад чиглэгдсэн.

Уг жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий хувийн хэвшлийн болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй Зөвлөл байгуулан Монгол Улсын Ерөнхий сайд ахлан, улирал тутам хуралдаж, шинэтгэлийн жилийн үйл ажиллагааны биелэлтийн явц, үр дүнд хяналт тавьж ажиллалаа. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж үзвэл 100 хувиар биелсэн арга хэмжээ43, 90хувийн биелэлттэй арга хэмжээ 30, 70 хувийн биелэлттэй арга хэмжээ 19,50 хувийн биелэлттэй арга хэмжээ 14, 30 хувийн биелэлттэй арга хэмжээ 11, 10 хувийн биелэлттэй арга хэмжээ 14 байна. Үүний дотор бизнесийн орчны шинэтгэлийн төлөвлөгөөний дагуу боловсруулж Улсын Их Хурлаар батлуулсан багц хууль, төрийн бодлого, хөтөлбөр 10, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөл 13 орж байна.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хууль эрх зүйн асуудлыг шинэчлэх, өөрчлөхөд ихээхэн анхаарч ажиллалаа. Тухайлбал, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах, эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, зарим нь батлагдсан. Нилээд нь одоо хэлэлцэгдэхээр хүлээгдэж буйг та бүхэн мэдэж байгаа. 

Мөн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төсөл, Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бизнесийн орчныг шинэчлэхтэй холбогдуулан боловсруулж байна. Бизнес эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, бодлогын орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яам, агентлагтай хамтран 81 хуулийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна.

Бизнест үзүүлэх төрийн үйлчилгээний тогтолцоо, оролцоог оновчтой болгох зорилгоор Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх санал боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлээд байна. Хүчингүй болгох зөвшөөрлүүдийн 65-ыг нь Засгийн газрын тогтоолоор, 36-г нь холбогдох 21 хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэсэн.

Хүчингүй болгох, төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх  тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газар, яам, агентлагаас олгож байгаа нийт 337 зөвшөөрлийн 33.0 хувь буюу гуравны нэг нь болж байгаа юм. Ингэснээр Засгийн газар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдэд хүндрэл учруулж байсан, шаардлагагүй зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актуудыг хүчингүй болгох арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж чадлаа.

Барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтыг гүйцэтгэх албан тушаалтан болон хугацааг тодорхой тогтоох зорилгоор “Барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны жагсаалт”-ыг Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүний үр дүнд барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад нийт 118 албан тушаалтан гарын үсэг зурдаг байсныг 58 болгосноор гарын үсэг зурах албан тушаалтны тоо 60 хүнээр цөөрч, энэ ажилд дунджаар 480 хоног зарцуулдаг байсныг 168 хоног болгон 3 дахин бууруулав. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдон аймаг, нийслэлээс гаргасан шийдвэрүүдэд ч өөрчлөлт оруулах чиглэл өгсөн.

“Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг бизнесийн байгууллагын хөгжил, засаглалыг сайжруулах чиглэлээр явуулах бодлого, зорилтыг багтаасан баримт бичгийг боловсруулан 2011 оны эхний улиралд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн баталлаа. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, татвар, хураамжийг багасгах талаар ч тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүллээ. Өнгөрсөн жил иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, бүртгэлийн баримт бичгүүдийг онлайн хэлбэрт шилжүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүллээ.

Бүртгэлтэй холбоотой 128 нэр төрлийн үйлчилгээнд хураамж авч байсныг 57 болгон багасгасан. Мөн үйлчилгээний хөлс, хураамжийн тоог 2 дахин багасгаж, барьцааны, түрээсийн гэрээ цуцлах, бүртгэл хаах, гэрчилгээ хүчингүй болгох зэрэг үйлчилгээг хураамжгүй болголоо. Гааль, мэргэжлийн хяналт, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээнд “Нэг цэг”, “Нэг цонх”, “Бизнес ширээ”-ний үйлчилгээ, 21 аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтэст татварын цахим тайлангийн үйлчилгээг тус тус нэвтрүүллээ.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг тэргүүлэх салбаруудад ажиллуулах, хөгжилтэй орнуудад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувь нэмрийг улс орны хөгжилд татан оруулах зорилго бүхий “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлүүллээ. Мөн гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор хилийн “Боомтуудын ерөнхий төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, концессын хуулийн дагуу хөгжүүлэхээр ажиллаж байна.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын чухал хэсэг нь бизнесийн орчны макро эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх явдал байлаа. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий зарим ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал багтсан. Эдгээр асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн асуулгад хариулах, Ерөнхий сайд болон холбогдох сайдын Улсын Их Хуралд хийсэн мэдээлэлд тодорхой тусгагдсан болно.

Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл нь үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, ажил олгогч эздийн төлөөлөл болох Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, ажилчны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл болох Монголын үйлдвэрчний байгууллага, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, зөвшилцсөн нь ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлж байна. Шийдвэр боловсруулах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлсэн нь нэг талаас амьдралд нийцсэн бодлого болж, нөгөө талаас энэ хамтын ажиллагаа нь хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах зорилгоор нэгдсэн ойлголтод хүрэхэд ихээхэн хугацаа шаардсан.

 “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийнхүрээнд авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн 2010 оны байдлаар манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 10 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.4 хувиар өслөө. Боловсруулах аж үйлдвэрийн салбар дотор хүнсний аж үйлдвэрлэл 24 хувиар, хувцас үйлдвэрлэл 17 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 35.6 хувиар, төмрийн үйлдвэрлэл 29.6 хувиар, эрдэс бодисоор хийсэн эдлэлийн үйлдвэрлэл 54.0 хувиар нэмэгдлээ. Аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсадын тоо өмнөх оныхоос 1.7 мянган хүнээр өссөн нь чанарын чухал үзүүлэлт юм.

Бизнесийн орчин сайжирч, улсын бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж байгаагийн үр дүнд шинээр бүртгэгдэж буй аж ахуйн нэгжийн тоо өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2009 онд шинээр бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн тоо 379-өөр нэмэгдсэн бол 2010 онд 4044 аж ахуйн нэгж шинээр бүртгэгддлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн тоо 40.9 мянгад хүрээд байна. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 581 жижиг үйлдвэр шинээр бий болж, 1041 үйлдвэр техник, технологио шинэчилж үйл ажиллагаагаа өргөжүүллээ.  

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн бодлогын үр дүнд Монгол Улсын өрсөлдөх чадвар ч зохих хэмжээгээр дээшиллээ. Тухайлбал, 2010-2011 оны Өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Монгол Улс 3.7 оноогоор 139 орноос 99 дүгээр байрт орсон нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 0.3 пунктээр дээшилж даруй 18 байраар урагшилсан. 2011 оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ нь бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олсон амжилтаа бататган, улмаар монгол хүнийг хөгжүүлэх, ажилтай болгох, тогтвортой амьжиргаа, орлоготой байлгах цогц бодлогын нэг хэсэг, үргэлжлэл юм.

Засгийн газар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд төлөвлөсөн зорилт, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог зохистой түвшинд хүртэл бууруулах, эрх зүйн болон зохицуулалтын таатай орчин, нөхцөл бүрдүүлэх асуудал нь зөвхөн нэг жилийн ажлын хүрээнд бүрэн хэрэгжүүлчихдэг зүйл хараахан биш юм. Энэ бол тогтмол хийгдэх үйл явц юм. Тиймээс манай хамтарсан Засгийн газар цаашид бизнесийн орчны шинэтгэлийн ажлын үр дүнг илүү бодитой, үр өгөөжтэй болгох, боловсруулсан бодлого, шийдвэр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд хүрдэг байх, олон нийтэд таниулах талаар анхаарч ажиллана.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газар энэ оны эхний улиралд ажлын төлөвлөгөөний хэрэгжилт нь хангалтгүй, дуусаагүй байгаа зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тогтсон. Одоо яам, агентлагаас энэ оны 1 дүгээр улиралд багтаан авч хэрэгжүүлсэн ажлын тайланг авч байна. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг 2011 оны хагас жилээр нэгтгэн дүгнэж хэлэлцэх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2011 оны 4 дүгээр сар 08.                                   УИХ-ын чуулганы танхим

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах