Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Австрали Монгол Улсыг итгэлт түншээ гэж үзлээ

Нийтэлсэн: - 2011/02/21 21:17 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Австрали Монгол Улсыг итгэлт түншээ гэж үзлээ Монголын Засгийн газар хариуцлагатай уул уурхай, түүний дотор ногоон уурхайг хөгжүүлэх зорилт тавьж байна. Эдийн засгийн үр ашгийг монгол хүндээ хүртээх, түүнчлэн улсынхаа эрх ашгийг хамгаалах нь тэргүүн зэргийн зорилт болж байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр болсон Монгол-Австралийн бизнес форумын нээлтэд оролцохдоо тэмдэглэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монгол, Австрали хоёр улс нь эдийн засгийн бүтцийн хувьд төстэй зүйл ихтэй. Австрали Улс уул уурхайг хөгжүүлэхдээ байгаль орчны нөхөн сэргээлтэд хэрхэн анхаардгийг өчигдөр “Mount owen” нүүрсний уурхайтай танилцахдаа газар дээр нь очиж үзлээ. Бидний хувьд зөвхөн уул уурхай төдийгүй бүх салбарт, тухайлбал, боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж их байна. Энэ дундаа  боловсон хүчин бэлтгэх Монгол Улсын зорилтод хоёр улс харилцан хамтран ажиллах шаардлагатай байна“ хэмээсэн юм.

Австралийн тал энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь уулзалтаас харагдаж байлаа. Бизнес форумд Австралийн талаас 110 орчим компанийн төлөөлөл ирсний 80 гаруй нь төсөл болон уул уурхайн салбарынхан байв. Тэдгээрийн 30 орчим нь манай улсын компаниудтай идэвхтэй хамтран ажилладаг юм байна. Австралийн компаниуд үйл ажиллагааны танилцуулга хийх үеэр Монголд үйл ажиллагаа эрхэлдэг “Лейтон Холдингс” компани орон нутгийн хөгжилд ихээхэн анхаарч, туслалцаа үзүүлж байгаа талаараа танилцуулж байлаа.

Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарын хөрөнгө оруулагчид оролцож олон асуудал хөндөгдсөн бизнес форум боллоо. Форумын явцад Австралийн тал манай улсыг итгэлт түншээ гэж үзлээ. Ардчилал тууштай хөгжсөн, хямралыг амжилттай давж, хөрөнгө оруулалтын хувьд таатай эрх зүйн орчин бүрдсэн учир хамтын ажиллагаагаа өрнүүлэхэд татгалзах зүйлгүй гэдэг нь мэдэгдэж байна.

Түүнчлэн Австралийн тал уул уурхайн салбарт хамгийн дэвшилтэт технологийг Монголд оруулахад бэлэн гэдгээ  илэрхийлсэн юм. Тэд нэг талаас манай улсыг бизнесийн түншээ гэж үзэж байгаа ч нөгөө талаас өрсөлдөгчөө хэмээн харж байгаа нь уулзалтын явцад харагдаж байлаа.

Форумын үеэр дэлхийд нэр хүнд бүхий санхүүгийн мэдээллийн агентлаг болох “Блүүмберг”-ийн сэтгүүлч “Том төслүүдийнхээ IPO-г хэзээ яаж хийх вэ, хэдийд зарлах вэ “гэсэн асуулт тавьсан юм. Энэ асуултад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Энэ онд багтаах бодолтой байна. Одоо дэлхийн тэргүүний 55 байгууллагын саналыг судалж байна. Шалгаруулсны дараа ажил эхлэнэ. Тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллагууд тухайлбал, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компани бэлтгэл ажлаа амжилттай явуулж байна” хэмээн хариуллаа

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах