Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Австри, Унгар улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх мэдээлэл

Нийтэлсэн: - 2010/03/20 04:03 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Австри, Унгар улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх мэдээлэл1.    Австрид хийсэн ажлын айлчлал
 
•    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны Гүйцэтгэх захирал Антонио Мариа Костатай уулзаж хоёр тал Авлигалтай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуурамч эм бэлдмэлийг гадаадаас оруулахгүй байх, мансууруулах бодисын ургацын тархалтыг тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

•    Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Воллертой уулзаж ОУАЭА-аас Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг ноён Д.Воллер албан ёсоор мэдэгдсэн онцгой үйл явдал болсон. Монгол Улс хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болсноор ОУАЭА холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх бөгөөд ингэснээр Монгол Улсад Азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох юм.

•    НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын /ЮНИДО/ Ерөнхий захирлын орлогч Ёшитору Урамототой уулзаж Монгол Улсад Европын стандартыг бүхий салбарт цогцоор нь нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцсон бөгөөд ЮНИДО Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарт Европын холбооны стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

•    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Перрин де Бришамбаотой уулзаж ЕAБХАБ эдийн засгийн салбарт Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудалд анхаарч, Монгол Улсыг Европд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

•    Австрийн Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэргэжүүлэхээр хоёр талаасаа шаргуу ажиллахаар тохиролцов.

-    Европын Холбооны стандартыг Монголд нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд австрийн тал энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.

-    Боловсролын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон. /Австри Улсын Боловсрол, судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хэрэгжүүлдэг тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд Монголын оюутнуудыг албан ёсоор хамруулах хүсэлт тавьсан. Боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор канцлер В.Файманн манай улсын Боловрол, соёл, шинжлэх ухааны сайдыг Австрид айлчлахыг албан ёсоор урьсан/.

-    Ерөнхий сайд С.Батболд Холбооны канцлер В.Файманныг Монгол Улсад айлчлахыг урьсан. 

2.    Унгарт хийсэн албан ёсны айлчлал

•    Айлчлалын үеэр БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын Хурлын дарга Катона Бела нарт бараалхаж, Будапешт хотын засаг дарга Демски Габортай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэл, зорилгын талаар санал солилцов.

•     Энэхүү айлчлал Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаарай онцлогтой. Айлчлалын үеэр өнгөрсөн 60 жилийн хугацаанд хийсэн ажлаа эргэн дүгнэж, цаашид хамтран ажиллах ямар боломж байгааг өргөн хүрээтэй хэлэлцлээ. Хоёр тал цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ дахин нотолж, чиглэлээ тодорхойлон тогтоолоо. Хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон батлан хамгаалах салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тодотголоо. Тухайлбал, хоёр орны худалдааны хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх үүднээс бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулж, харилцан мэдээлэл солилцож, шууд хамтран ажиллах, унгарын зүүн хилийн төмөр замын “Захонь” боомтоор Монголоос ачигдсан Европ рүү нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал хариуцсан монгол, унгарын хамтарсан компани байгуулах, Геофизикийн хүрээлэн байгуулах, газрын гүний усны эрэл хайгуул хийх,  Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Биокомбинатыг шинэчлэх зориулалтын 25 сая ам. долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх, цөлжилттэй тэмцэх, далайд гарцгүй  орны хувьд олон улсын форум, чуулга уулзалт дээр хамтран ажиллахаар тогтов.

•    Айлчлалын нэг гол зорилго нь Европын стандартуудыг Монголд нутагшуулах, энэ чиглэлээр бодит ойлголцол, тохиролцоонд хүрэх явдал байв. Энэ зорилго биелэгдлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны Ерөнхий сайд нар Европын Холбоотой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн явцын талаар санал солилцов. Мөн 2011 оноос БНУУ Европын Холбоог тэргүүлэх болж байгаа нь энэхүү тохиролцоог урагшлуулахад тус дэмтэй болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ. 

•    Унгар Улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн даатгалын асуудлаарх зохих хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр тохиролцов.

•    БНУУ Улаанбаатар хотод байнгын төлөөлөгчөө ажиллуулах, мөн Улаанбаатар дахь Европын Холбооны аль нэг гишүүн улсын ЭСЯ-аар дамжуулан виз олгож байх зэрэг томоохон асуудлуудаар айлчлалын хүрээнд ойлголцолд хүрэв.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах