Ажлын хэсгүүдийн дүгнэлттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бензин шатахууны үнийн өсөлт, махны бодит үнэ, нөөцийн бүрдүүлэлт зэргийн талаар холбогдох салбарын сайд, газрын дарга нараас өнгөрөгч даваа гаригт тодруулга авсан билээ. Мөн үнэ өссөн бодит шалтаг, шалтгааныг тогтоож, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохоо мэдэгдэж бензин шатахууны үнийн өсөлт, махны нөөцийн бүрдүүлэлтийн бодит байдлыг шалгах хоёр ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуунаар ахлуулсан Ажлын хэсэг махны үйлдвэрүүдээр, мөн хэлтсийн ахлах референт З.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд ажилласан бөгөөд тэдний дүгнэлтийг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танилцуулж, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцжээ. Эдгээр хэрэглээний барааны үнэ өсөхөд валютын ханшын өсөлт, улирлын байдал болоод зохицуулалт нөлөөлсөн, мөн улстөржилт орсон гэдгийг тус бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэллээ.
Шатахуун импортлох гэрээг аж ахуйн нэгжүүд бус Засгийн газар гартаа авч хийдэг байя гэсэн санал ч бүлгийн гишүүдээс гарчээ. Мөн Газрын тосны үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоол гарсан гэдгийг тэрбээр мэдэгдлээ. Засгийн газар Монгол банкны хоорондын ажлын уялдааг улам сайжруулах шаардлагатай талаар ч гишүүд хэлжээ. Учир нь тэд Монгол банк валютын ханшны өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч мэдрэмж муутай байснаас авсан арга хэмжээнийх нь үр дүн тааруухан гарсан гэж үзжээ.
Валютын ханшны өсөлт шатахууны үнийг 200-240 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл болоогүй. Эдийн засгийн бус хийвсэр агуулгаар үнэ нэмэгдсэн. Үүнд улстөрийн өнгө аяс нөлөөлснийг үгүйсгэхгүй байгаагаа Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дарга Ч.Улаан мэдэгдлээ.
Шатахууны үнийн энэхүү хөөрөгдөл нь өргөн хэрэглээний барааны үнэд огцом нөлөөлөх ёсгүй гэдгийг ч эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, өнөөдөр нэг кг гурилын үнэ 100 орчим төгрөгөөр өсөөд байгаа бөгөөд энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд нэг литр шатахууны үнэ 200-260 төгрөгөөр өсөхөд нэг кг гурилын үнэд 2-5 төгрөгөөр, микроавтобус буюу таксины хөлс 30-40 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байгаа юм байна. Тиймээс ийм хөөсөнцөр үүсгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хянах шаардлагатай.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсаны ахалсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр тохиролцсоны дагуу үнэ нэмсэн байна. Ийм шийдвэрээ дээд газартаа мэдэгдээгүй, сөрөг үр дагаврын урьдчилсан тооцоо хийгээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мах бэлтгэн хадгалах аж ахуйн нэгжид олгох урамшуулалд зориулан 2012 онд нийслэлийн төсөвт 7,8 тэрбум төгрөгийн баталсан нь өнгөрсөн оныхоос 1,8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 2011 онд нөөцөлж, худалдаалсан нэг кг маханд 500 төгрөгийн урамжуулал олгож байсан бол 2012 онд худалдаалах нэг кг мах тутамд 650 төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөсөн байна.
Мах нөөцлөх гэрээ бүхий 22 компани энэ сарын 9-ний байдлаар нийслэлийн иргэдийн 2012 оны хэрэгцээнд нийлүүлэх 12,000 тн махны 92,5 буюу 11,100 тн махыг бэлтгэн Улаанбаатар хотноо авчран нөөцөлжээ. Бензин шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө махаа нөөцөлсөн тул эдгээр нь үнэ нэмэгдэх эрсдэлээс хамгаалагдсан гэж ажлын хэсгээс дүгнэсэн байна. Эдийн засаг нь эдийн засгаараа, улстөр нь улс төрөөрөө явах ёстой. Манайд эдийн засаг улстөр хоёр дэндүү хамааралтай болсныг энэ үйл явдал бүр ч тод харуулж байна. Энэ байдлыг зогсоохгүй бол ард түмний амьдрал цаашлаад улс орны аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй гэж Ерөнхий сайд С.Батболд хатуу хэллээ.