Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх Зөвлөлийн 33-р хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын хэлсэн үг
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, зочид оо, Хатагтай, ноёд оо, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралд хүрэлцэн ирж, энэ танхимд хуран цугларсан тус байгууллагын эрхэм хүндэт удирдлага, ЮНЕСКО-гийн элч төлөөлөгчид, гишүүн агентлагуудын удирдагчид, төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлье. Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх Зөвлөлийн хуралдааныг өөрийн эх орондоо нээж буйдаа сэтгэл хангалуун байна. Энэ нэр хүндтэй байгууллагын удахгүй болох 50 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе. Танай энэ удаагийн чуулга уулзалт эртний түүхт Монгол Улсын онцгой тэмдэглэлт их ойн жилд болж байгаагаараа онцлогтойг тэмдэглэн хэлье. Энэ онд Монголчууд бид манай хамгийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Дэлхийн мянганы суут хүн, их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 805, тусгаар тогтнолоо дахин сэргээн тогтоох эх үндэс болсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Манай ард түмэн эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, амгалан тайван амьдралын зарчмыг баримталж ирсэн хандлага нь 20-иод жилийн өмнө хийгдсэн нийгмийн шилжилтийн үед ч алдагдаагүй билээ. Сүүлийн жилүүдэд манай оронд уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, дэлхийд дээгүүрт орох “Оюутолгой”-н зэсийн, “Тавантолгой”-н нүүрсний зэрэг томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж, дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байгааг та бүхэн мэднэ. Бид уул уурхай байгалийн баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилт тавьж хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Үүнийгээ дагаад манай улс харьцангуй өндөр өсөлт бүхий эдийн засагтай орны тоонд орлоо. 2010 онд эдийн засгийн өсөлт 6 хувь байсан бол 2011 оны нэгдүгээр улирлын байдлаар 9,7 хувьд хүрлээ. Энэ өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлж байна. Манай улсын боловсруулах үйлдвэр зөвхөн 2010 онд 10 хувиар өссөн. Худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтийн хурдац ч эрчимтэй нэмэгдэж эхэллээ. Энэ бүхэн манай улсын эдийн засгийн хурдтай өсөлтийн нэгэн илэрхийлэл юм. Бид эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын зэрэгцээ мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Тиймээс мэдээллийн технологи улс орны амьдралд маш эрчимтэй нэвтэрсэн нь өнөөгийн хөгжил, дэвшлийг илтгэн харуулах нэгэн үзүүлэлт юм. Тэртээх 13-14 дүгээр зуунд манай өвөг дээдсийн байгуулсан, БНХАУ, ОХУ, Европ хүртэлх 15 мянга гаруй км үргэлжилсэн өртөө, улаа нь нүүдэлчдийн дэлхийн соёл иргэншилд оруулсан түүхэн хувь нэмэр байв. Энэ өртөөг “Мэдээллийн технологийн хүн төрөлхтөний түүхэнд гарсан 3 том хувьсгалын нэг” гэж нэрт судлаач Ким Жон Ре дүгнэсэн байдаг билээ. Мөн тэрээр “Чингисийн их гүрэнд өргөн уудам Евроазийг нэгэн нетворкийн сүлжээнд холбож байсан харилцаа холбооны арга зарчим нь энэ өртөө юм” хэмээн онцлохын зэрэгцээ Монголчуудын байгуулсан өртөө, улаа нь “орчин үеийн интэрнэтийн үндсэн загвар байсан”-ыг нотолсон юм. Өнөөгийн дэлхий ертөнцийг нийтэд нь хамарсан мэдээллийн технологийн ийм ирмүүн хөгжил дэвшлийг дагалдан, мэдээллийн хүчирхэг давалгаа түрэн орж ирж, хүн төрөлхтөн чухамхүү мэдээллээр амьсгалж, бас мэдээллээр өрсөлдөж буй эрин үед энэ чуулга уулзалтын ач холбогдол их юм. Мэдээллийн агентлагууд улс орнуудын түүхэнд ямагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр ч тийм хэвээрээ байна. Цаашид ч энэхүү хүндэт байр сууриа хэвээр хадгалах нь ойлгомжтой юм. Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын эгнээнд бүс нутгийн 33 орны 42 мэдээллийн агентлаг багтаж байгаа гэсэн мэдээллийг надад өгсөн. Энэ Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нийт бүтээгдэхүүний 56 хувь, худалдааны эргэлтийн 50 орчим, далайн тээврийн 60, агаарын тээврийн 25 орчим хувь нь ногдож байна. Энэ нь дэлхийн санхүүгийн болон шинжлэх ухаан, технологийн хамгийн том нөөц хүч энд оршдог гэсэн үг юм. Тиймээс энэ бүс нутгийн мэдээллийн агентлагуудыг нэгтгэсэн байгууллагын үүрэг, ач холбогдол, нэр хүнд, нөлөө дэлхий дахинд их юм. Хамгийн гол нь асар их хариуцлагыг үүрч байгааг онцлон дурдах ёстой. Өнөөдөр дэлхий дахиныг холбосон интернет нь асар их багтаамжтай мэдээллийн аварга том сан төдийгүй мэдээллийг хамгийн шуурхай дамжуулагч хүчтэй хэрэгсэл, технологийн том ололт амжилт гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ аливаа улс орны талаархи хамгийн үнэн бодитой мэдээ, мэдээллийг тухайн орны мэдээллийн агентлаг л олж цуглуулж, олон нийтэд, дэлхий дахинд түгээж чадна гэж би боддог. Харин мэдээллээ гадаадад шуурхай дамжуулан хүргэх, өөр хоорондоо солилцох орчин үеийн техник, технологийн хүчин чадал улс орон бүхэнд харилцан адилгүй байдаг нь ойлгомжтой. Иймд улс орнууд хоёр талын болон олон талын, бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагааны хүрээнд хүндрэлтэй асуудлаа хамтран шийдвэрлэхийг зорьж байгаа нь зүй ёсны хэрэг. Уг уулзалтаар хэлэлцэж буй асуудлын агуулга, сэдвээс ч энэхүү хамтарсан хандлага тод харагдаж байна. Хүн ам, газар нутаг, хөгжил дэвшлийнхээ хурдацаар дэлхийд тэргүүлж буй бүс нутгийнхаа амжилт бүтээл, сайн сайхан бүхний талаарх үнэн бодитой, шуурхай мэдээллийг дэлхий ертөнцийн хүн ардын сонорт хүргэх, хол ойрын сонин сайхныг ард түмэндээ дуулгаж, соён гэгээрүүлэх нь сэтгүүлчид, инженер, техникийн ажилтнууд та бүгдийн эрхэм хүндтэй, бахархалтай үүрэг юм. Энэ үүрэг, зорилгоо биелүүлэхэд, харилцаа хамтын ажиллагаагаа өрөгжүүлэхэд Улаанбаатарын уулзалтаар хэлэлцэж ярилцсан зүйл, шинэ санал санаачилга, гаргасан шийдвэр тус дөхөм болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Монголчуудын хэлдэгээр нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд манай оронд зочилж, монгол түмний минь элэгсэг зочломтгой зан, ажил амьдрал, ололт амжилтыг ойлгон мэдэрч, эх орны маань байгалийн гоо сайхны нэгээхэн хэсгийг ч болов үзэж танилцах сайхан боломжийг уулзалт зохион байгуулагчид бүрдүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна. Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын хүндэт төлөөлөгчид та бүхнийг Нарлаг Монгол эх оронд минь тавтай морилон саатаж, зорьж ирсэнээ бүтээж, зорилгоо хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, хурлаа амжилттай өндөрлөнө гэдэгт итгэж сайны ерөөл дэвшүүлье. Анхааран сонссонд баярлалаа. 2011 оны 6 дугаар сарын 27 Улаанбаатар хот