Ази, Номхон далайн Парламентчдын 19 дүгээр чуулга уулзалт дээр хэлсэн үг
Эрхэм хүндэт парламентчид аа, Та бүхэнд энэ өдрийн амгаланг айлтгая. Юуны өмнө Ази, Номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол оронд тавтай зочлохыг урья. Ази, Номхон далайн бүс нутгийн парламентчид анх 1993 онд Токио хотноо хуран цуглаж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, хөгжил цэцэглэлийг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэхээ тунхаглаж байсан тэртээгээс эдүгээг хүртэл энэхүү чуулга уулзалт дэлхийд нэр хүндтэй, нөлөө бүхий парламентчдын форум болон төлөвшжээ. Нийгэм улс төр, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёл иргэншил, шашин шүтлэгийн хувьд өөр хоорондоо үлэмж ялгаатай олон орны парламентчдыг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн парламентчдын чуулга уулзалт нь бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. 21 дүгээр зуун Ази, Номхон далайн бүс нутгийн эрин болно гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Эдүгээ энэ бүс нутагт АНУ, Хятад, Япон гээд дэлхийн хамгийн том эдийн засагтай гурван орон багтаж байна. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал эх үүсвэр болох хөгжиж буй улс орнууд ч энэ бүс нутагт олноороо оршиж байна. Манай бүс нутгийн улс орнууд өөр хоорондын ялгаатай, онцлогтой байдлаа сорилт бус боломж болгон хувиргаж, аливаа маргаан сөргөлдөөнөөс зайлсхийж чадвал эдийн засгийн өсөлтийг бүх нийтээрээ хангаж, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны доройтол, гоц халдварт өвчний тархалт,ядуурал гээд бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, интеграцийн үр шимээс харамгүй хүртэх сайхан ирээдүй бидний өмнө нээлттэй байна. Ийм ирээдүйг ойртуулахад эрхэм хүндэт парламентчид Та бүхний дэмжлэг туслалцаа, хүчин чармайлт нэн чухал билээ. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогыг тууштай явуулж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын эрхэм зорилго, тулгуур багана юм. Энэ зорилтын хүрээндАзи, Номхон далайн бүс нутаг, Зүүн Ази, болон Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, үйл ажиллагаанд нь үр ашигтай оролцохыг зорьж байна. Бид АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ), Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл (ПЕКК), Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ (ACD), Ази-Европын чуулга уулзалт (ACEM)-д гишүүнээр элсч, Зүүн Азийн хамтын нийгэмлэг байгуулахад чиглэсэн үйл явц, тухайлбал Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, мөн АПЕК-т гишүүнээр элсэхийг эрмэлзэж байна. Манай улсын оршин байгаа Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг урт удаан хугацаанд хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Умард болон Өмнөд Солонгосын харилцааг хэвийн болгох нь Зүүн хойд Ази төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил, цэцэглэлийн угтвар нөхцөл юм. Энэ зорилгын үүднээс Зүүн хойд Азийн асуудлыг хэлэлцэж байх албан ёсны механизм бий болгох саналыг Монгол Улс анх 2000 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55 дугаар чуулганы үеэр дэвшүүлж байсан. Ийм механизм байгуулах шаардлага өнөө үед улам бүр нэмэгдсээр байгааг энд онцлон тэмдэглэж байна. Солонгосын хойгийн хурцадмал байдал сүүлийн үед харьцангуй намжиж, холбогдох талууд яриа хэлцээ эхлүүлэхийг уриалж, түүний дотор зургаан талт хэлэлцээнд оролцогч талууд уг хэлэлцээг сэргээхэд чиглэсэн хүчин чармайлтаа идэвхжүүлж байгаад баяр хүргэж байна. Эдүгээ Ази, Номхон далайн бүс нутгийн сайн сайхан ирээдүйн төлөө бүс нутагт, нэн ялангуяа Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг баттай тогтоох явдал юу юунаас ч илүү чухал байна. Бид бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд боломжтой бүхий л арга хэрэгслээ дайчлан уйгагүй ажиллах учиртай. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээ ч чухамхүү үүнд л чиглэж ирсэн. Гэвч ойрын жилүүдэд бүс нутагт өрнөсөн үйл явцаас холбогдох талуудын байр суурь хангалттай уян хатан байсан уу гэдэг асуудал гарцаагүй урган гарч ирж байна. Шинэ нөхцөл байдал талуудыг асуудалд улам илүү нухацтай хандаж, өрөөлөөс илүү өөрсдийн үйл ажиллагаанд шүүмжлэнгүй өнцгөөс хандах шинэлэг арга барилд шилжихийг шаардаж байна. Эрхэм хүндэт парламентчид аа, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалах үүрэг хүлээж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Энэхүү нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг амжилттай хэрэгжүүлэхэд дэлхийн хамтын нийгэмлэг, түүний дотор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай нягт хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа ардчиллын үнэт зүйлсийг улам бүр хэвшүүлэх, улмаар шинэ тулгар ардчиллыг тогтворжуулах, ардчиллын боловсролыг хөгжүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэхийг зорьж ажиллана. Манай энэ хүсэл сонирхлыг Парламентчид та бүхэн уулзалтынхаа төгсгөлийн баримт бичигт тусган, хамтран ажиллахаа илэрхийлнэ гэдэгт би итгэлтэй байна, ингэж уриалж байна. Монгол Улс, Индонези Улсын санаачлан зохион байгуулж ирсэн Ардчиллын төлөөх Балийн чуулга уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж байна. Монгол бол баялаг түүхтэй, өнө эртний төрт ёсны уламжлалтай орон. Харин Монголын ардчилал шинэ тулгар гэдгийг бид мэдэж байгаа билээ. Ардчилал, зах зээлийн харилцааны замыг сонгосноос хойшхи 20 жилд манай нийгэмд олон нааштай өөрчлөлтүүд гарсан ч томоохон сорилтууд тулгарч байна. Төлөвлөгөөт эдийн засгаас хувийн хэвшилд тулгуурласан эдийн засагтай болж хөгжих боломж манай улсын хувьд харьцангуй богино хугацаанд бүрдэж байгаа ч мөн бэрхшээл тохиож байна. Манай улсын эдийн засаг 2010 онд 6.1 хувь өссөн дүн гарсан. Манай эдийн засаг эмзэг, гадаад дотоод хүчин зүйлд ихээхэн өртөмтгий байна. Манай оронд сүүлийн хэдэн жил бараг жил бүр тохиох болсон ган, зуд улс орны эдийн засаг, нийгэмд багагүй хохирол учруулж байна. Байгалийн энэ гамшигт байдлаас үүссэн хохирлыг арилгахад НҮБ болон банк, санхүүгийн олон улсын байгууллага, хандивлагчдаас үзүүлсэн тусламж дэмжлэгт манай ард түмэн, малчид чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудаа 2015 он гэхэд хэрэгжүүлэхийг зорьж байна. Хөгжлийг тэтгэх, ядуурлыг бууруулах, хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх асуудлууд манай Засгийн газрын үйл ажиллагааны анхаарлын төвд байна. Манай улс Мянганы хөгжлийн зорилтууддаа “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх” зорилтыг тусган ажиллаж байна. Аливаа орны парламент бол ардчиллын гол институт бөгөөд ард түмний хүсэл сонирхол, бодол санааны илэрхийлэл билээ. Тиймээс та бүхэн дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө нийтлэг байдлаар тулгарч байгаа, мөнхүү хамтын хүч чармайлт, хүсэл зориг шаардсан эдгээр асуудалд анхаарлаа хандуулж ярилцана гэж итгэж байна. Эрхэм зочид оо, Манай улсад тавтай морилохыг дахин уръя. Манай Монголын цаг улирлыг тогтоох заншлаар бол одоо “идэр гурван ес” эхлээд дундаа орж байна. Өвлийн хүйтний оргил үе. Гэвч та бүхэн ийм хүйтнийг үл тоон Монгол оронд халуун сэтгэлээ тээж иржээ. Их баярлалаа. Монголчууд өвлийн зочноо зун ирэхийг урьдаг. Би энэ ёсыг бас дагахыг хүсч байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. /2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр, Төрийн ордон/