Айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов. Айлчлалын мөрөөр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний 32 заалт бүхий төлөвлөгөөг Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан байна.
ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус олон асуудлыг амжилттай шийдсэн. Иймээс айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон Гадаад харилцааны яаманд Ерөнхий сайд үүрэг болголоо. ОХУ гэлтгүй БНХАУ-тай тогтоосон харилцааны өнөөгийн түвшинг мөн бататгах, ахиулах, харилцан тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгоход анхаарахыг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболдод даалгав.
Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгүүд хийж байгаа ажлаа улирал бүр хэлэлцэн, ажлын явцыг Засгийн газарт танилцуулж байхыг мөн хуралдаанаас үүрэг болгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Засгийн газрын дарга В.В.Путинтэй ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов болон ОХУ-ын зарим яам, байгууллагын удирдлагатай уулзсан юм.
Айлчлалын дүнд Их өрийн асуудал бүрэн шийдэгдсэнээс гадна экспортын бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутгаар дамжуулан гаргахад төмөр замын хөнгөлөлттэй тариф хэрэглэх тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцжээ. Мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн зэргийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр талууд Ажлын хэсэг гаргахаар болсон. ОХУ манай малыг эрүүлжүүлэхэд зориулж 375 сая рублийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
“Эрдэнэт”, “Монголросцветмет”, “УБТЗ” хамтарсан үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тохиролцон “Дорнод Уран” хамтарсан компани байгуулах Хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Талууд соёлын өдрүүдээ 3 жилд нэгээс доошгүй удаа харилцан зохион байгуулах, Оросын их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг инженер техникийн болон шаардлагатай байгаа бусад мэргэжлээр сургах, Монгол Улсын армийн зэвсэг, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчнийг бэлтгэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон юм.
Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа үеэр ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд зочилсноос гадна тус улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаж, Монгол, Оросын ажил хэрэгч хүмүүсийн бизнес уулзалтад оролцсон. Албан ёсны айлчлал нь хоёр улсын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу урагшлуулан хөгжүүлэх, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцох, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудын хэрэгжилтийг түргэтгэх, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх үндсэн зорилгоо амжилттай биелүүлсэн гэж Засгийн газар үзэж байна.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВ БАЙГУУЛНА
Орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харъяанд “Хүүхэд хамгааллын төв” төрийн үйлчилгээний төсвийн байгууллага байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төвийг Улаанбаатар хотоос гадна хараа хяналтгүй хүүхэд ихтэй аймгуудад байгуулахаар болсон байна. Энэ төв нь хүүхдүүдэд мэргэжлийн нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, төлөвшүүлэхээрээ хүүхдийн бусад асрамж, халамжийн төвөөс ялгаатай. Олон жил тэнүүчлэн амьдарч, нийгэмд өширхсөн хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээг уйгагүй, тасралтгүй үзүүлж ажиллах нь илүү үр дүнтэй гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үзэж байна.
Тус яам хөгжмийн урлагаар нийгэмшүүлэх төсөл хэрэгжүүлснээр хараа хяналтгүй, орон гэргүй хүүхдийн тоо 30 хувиар буурснаас гадна ийм хүүхдүүдийг нийгэмшүүлэх загвараа бий болгож чаджээ. Цаашид төслийг өргөжүүлж, хараа хяналтгүй бусад хүүхдийг хамруулан тэдний зан үйлийг өөрчлөхийн тулд “Хүүхэд хамгааллын төв” байгуулах шаардлага гарсан байна. Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулж, хамгаалдаг Хүүхдийн халамж, хаяг тогтоох төвд 1996 оноос хойш давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд ирсний зарим нь 90 удаа хүргэгдэн ирж байжээ. Энэ төв гэр орноосоо дайжсан хүүхдэд нийгэмшүүлэх болон сэтгэл заслын ямар нэг үйлчилгээ үзүүлж чаддаггүй юм байна.
Улаанбаатар хотод 120 гаруй хүүхэд байнга тэнүүчлэн амьдарч гудамж, орц, хонгил, траншейгаар хоноглодог гэсэн судалгаа бий. 130 хүүхэд хогийн цэгт хог түүж, асрамж, халамжийн 36 байгууллагад 1000 гаруй хүүхэд амьдардаг юм байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас Хүүхдийн халамж, хаяг тогтоох төвд ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал 2007 онд 15 хүүхэд хүргэгдэн ирж байсан бол 2008-2010 онд огцом нэмэгдэж жилдээ 80 гаруй хүүхэд ирсэн байна. Ялангуяа дэд бүтэц сайн хөгжсөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгаас хүүхдүүд олноороо ирдэг болжээ