АНУ-ын сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай оронд айлчилж байгаа АНУ-ын сенатын гишүүн Рой Блант тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс ардчилал зах зээлийн замыг сонгож, энэ хугацаанд АНУ бүх талаар дэмжин тусалж ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд, ялангуяа Мянганы сорилтын сангийн гүйцэтгэсэн үүргийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн түүнчлэн ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол улс даргалах болсондоо баяртай байна гэлээ. АНУ-ын сенатын гишүүн Рой Блант энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, АНУ нь эдийн засгийн өндөр хурдацтай хөгжиж байгаа Монгол улсын худалдаа эдийн засгийн түнш үргэлж хэвээр байх болно хэмээн тэмдэглэлээ