Аргачлалаа зөв гаргаж байж гэмээнэ улс орон хөгждөг учраас бид энэ чиглэлийг зорилгоо болгоно
~ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын эдийн засгийн 2012 оны чуулганы хаалтын ёслолд хэлсэн үг ~
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Жилээс жилд эдийн засгийн чуулганы өнгө аяс өөрчлөгдөж, нэлээн ажил хэрэгч болж байгаа нь сайшаалтай. Монгол улсын Ерөнхийлөгч маань хүртэл хүрэлцэн ирж, иргэн хүнийхээ хувьд томоохон саналуудыг хэлж байна. Эдийн засгийн чуулга уулзалтын энэ диалогийн хэлбэрийг нэлээн хөгжүүлж, нийгмийн санаа зовж байгаа асуудлыг ярилцдаг индэр болгох энэ санаачилга маань амжилттай болж чадлаа. Одоо харин хоёр хоног ярьдаг биш, салбар бүрээр сэдэвчилсэн уулзалтуудыг тогтмол хийдэг болж эндээс гарсан шийдвэрийн тайланг Засгийн газар анхны сайн хэрэглэгч байж үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх болно гэдгээ дуулгаж байна.
Аливаа юм зөв аргачлалаар явж байж хөгждөгийн олон жишээг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд харуулж байгаа. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ийм аргачлалгүй явж иржээ.Тухайлбал, ядуурлын тухай авлигын тухай нэгдсэн тоо гардаггүй нь үүнтэй л холбоотой. Тиймээс энэ удаагийн уулзалтаар нийгмийн олон салбарынтөлөөлөгчдийн санал сэтгэгдэл, зөвлөмжүүдийг тусган бид хөгжлийн бодлогоо тодорхойлохыг зорьж байна. Ингэж байж бид хамтдаа хөгжинө. Үүнд энэ чуулганы ач холбогдол оршиж байгааг тэмдэглэхийг хүсч байна. Хамтдаа ажил болгохын төлөө ажиллацгаая.
2010 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг болоод байгаа Монголын эдийн засгийн чуулганыг бид ийнхүү гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн чуулганаар Хөгжилд хамтдаа уриан дор Хөгжлийн цогц ухагдахуунууд болох эдийн засгийн хөгжлийг хүртээмжтэй, оролцоотой байх талаас нь, нийгмийн бодлогын тэнцвэртэй байх талаас нь, байгаль орчны бодлогыг тогтвортой байх талаас нь тус тус хөндөж, урт хугацааны бодлого тодорхойлоход чухал санал санаачилга олныг гаргалаа. Ингээд чуулганаар хэлэлэцсэн сэдвүүдийг товч дүгнэвэл юуны өмнө эдийн засаг өсч байгаа ч хүртээмжтэй байх тулд яах ёстой вэ гэдэг дээр нэлээн төвлөрч, эхний хуралдааныг энэ чиглэл рүү хандууллаа.
Эдийн засгийн хөгжил хүртээмжтэй байх тухай ярилцах үеэр:
- Баялгийн орлогын зохистой удирдлагыг оновчтой удирдан залах. Эрдэс баялгийн орлогыг удирдахад баримталж буй бодлогыг олон улсын хэмжээнд тавигддаг шаардлагын дагуу дүгнэж, цаашид улс орны хөгжлийн эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгох,
- Эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх. Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай хүний нөөцийн чадавхийг бүрэлдүүлэх,
- Эдийн засаг, нийгэм, байгаль орчны өмнө тулгараад байгаа эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, удирдах арга замуудыг эрэлхийлэх,
- Хүлээгдэж буй эдийн засгийн хурдацтай өсөлтийн орчинд санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг хангах үндсэн суурь нөхцлийг бүрдүүлэх,
- Төсвийн ил тод байдлыг сайжруулах, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх үе шатуудад татвар төлөгчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг онцолсон байна.
Нийгмийн бодлого тэнцвэртэй байх тухай ярилцах үеэр:
- Эдийн засгийн хүлээгдэж буй өндөр өсөлтийг ядуурлыг бууруулахад хэрхэн ашиглах, ядуурлыг тооцох нэгдсэн аргачлалтай болох,
- Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байгаа тухай,
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн санд төвлөрүүлэх, сайжруулах болон чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг онцолсон байна.
Өрсөлдөх чадварыг сайжруулах, инновацийн орчин бүрдүүлэх, ногоон өсөлтийг дэмжих тухай ярилцах үеэр:
- Инновацийг бид шинжлэх ухаан талаас нь харахаасаа илүүтэй бизнесийн боломж, технологийн гарц талаас харах,
- Инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэх,
- Усны зохистой үнийг бий тогтоох, усан цахилгаан станц барьж байгуулах, өмнийн бүсийн усны асуудлыг шийдвэрлэх,
- Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж, нүүрсний дэвшилт технологийг нэвтрүүлэхэд учирч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх,
- Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боломжуудыг тодорхойлох, хэмнэлтийн нөөц боломжуудыг эрэлхийлэх зэрэг асуудлуудыг онцолсон байна.
Мөн энэ жилийн эдийн засгийн чуулганаар “Хамтын үнэт зүйл” –ийн талаар хэлэлцсэн нь сайшаалтай. Одоо нийтийн төлөөх ажил хувийн ашиг орлогыг бууруулна гэсэн ойлголт үгүй болж байна. Бизнест үр ашигтай, нийгмийн дэвшилд хэрэгтэй ажлуудыг нэгтгэснээр хамтын үнэт зүйл бий болно. Хамтын үнэт зүйлийг хэн нэгэн дангаараа бүтээж чадахгүй. Төр, засгаас инноваци, бизнесийн тогтвортой орчин, шударга өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэй. Харин бизнесийн байгууллагууд ойрын ашиг хөөхөөс илүүтэйгээр урт хугацааны тодорхой зорилготой байх, нийгмийн хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Үүнд нийгэм, иргэний төлөөллийн байгууллагууд нь зуучлалын үүрэгтэй оролцоно. Ингэж байж бид бүгд хамтын үнэт зүйлийн үр шимийг хүртэх нөхцөл бүрдэнэ.
Монгол улсын эдийн засгийн хөгжил, өсөлтөд сөргөөр нөлөөлж буй нэг гол хүчин зүйл нь авлига болж байгааг гадаад, дотоодын байгууллагуудаас гаргасан судалгаа тодорхой харуулж байна. Тийм ч учраас эдийн засгийн чуулганаар Авлигын асуудлыг хөндөж байна. Хувийн хэвшлийн зүгээс авлигаас ангид байх талаар санал санаачлагууд гарч байна. Авлигыг бууруулах, багасгах чиглэлд төр ба хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй байгааг оролцогчид онцолж байна. Чуулганаас гарсан эдгээр санал санаачилга зөвлөмжүүдийг Монгол улсын Засгийн газраас үйл ажиллагаандаа байнга авч хэрэгжүүлдэг. Цааашид ч энэ хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Нийт оролцогчиддоо талархал дэвшүүлье. Нийгмийн түүчээ болж явдаг сэтгүүлчид маань энэ удаа мөн хөтөлж, эцэст нь дүгнэн ярилцаж байгаа нь бас том дэвшил юм.