Бага орлоготой өрхийн амьжиргааг дундаж хэмжээнд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана
Чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлэх, амьжиргаагаа сайжруулж, бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлж байгаа өрхүүдийг татварын бодлогоор дэмжинэ. Татварын ийм тогтолцоо нь шударга ёсыг үгээр бус үйлдлээр тогтооно гэдэгт итгэж байна. Иргэдийг, жижиг дунд үйлдвэрлэгчдийг барьцаа хөрөнгөгүйн зовлонгоос гаргах, хүүгийн татвараас нимгэлэх зээлийн шинэ бодлого гаргана. Ингэж иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитой олгох эрх зүйн орчин, хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Төрийн ордонд болсон Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг нээж хэлсэн үгэндээ тодотголоо.
Мөн тэрбээр “Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл өрх юм. Тиймээс ч бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого баримтлана. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнийг бид сонгууль хүлээлгүй хэрэгжүүлж ажил хэрэг болгох ёстой гэдгийг тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгон иргэдээ байнгын ажилтай, орлоготой байлгахад түлхүү анхаарсан. Зорилтод жилийн ажлын дүнд 72 мянган иргэн байнгын ажлын байртай болсон.
Ер нь иргэдээ ажилтай орлоготой болгох, улмаар өрхийн хөгжлийг дэмжих ажил С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хамгийн чухал зорилт билээ. Тиймээс ч 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгохоо Засгийн газрын тэргүүн шинэ оны ажлын анхны өдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ амласан. Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар энэхүү амлалт бодит ажил болж энэ оныг Өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарласан юм. Мөн Засгийн газрын шинэ оны анхны тогтоолоор “Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллаж эхлээд байгаа юм.
Энэхүү Үндэсний хороог Засгийн газрын тэргүүн С.Батболд ахалж байгаа бөгөөд өнөөдөр болсон энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон аймаг, нийслэлийн удирдлагууд оролцлоо. Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа, нийт 50 гаруй хувиар нэмнэ. Нийт иргэддээ 1.0 сая төгрөгийг хувьцаа эсвэл бэлэн мөнгө гэсэн сонголт бүхий хэлбэрээр олгохоор ажиллаж байна. “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, бага орлоготой өрхийн эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнийн хөнгөлөлт үзүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад эдийн засгийн хөшүүргийг зохистой хэрэглэх зэрэг олон асуудлыг энэ жилийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ ч Засгийн газрын тэргүүн онцолж байлаа.
Өрхийн хөгжлийг дэмжих жилийн нээлтийн ажиллагаанд оролцсон аймаг, нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн юм. Монгол Улсын Засгийн газар 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж 70 гаруй мянган байнгын ажлын байр шинээр бий болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн энэхүү бодлого, үйл ажиллагааг энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жил орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжив, хэчнээн хүн ажлын байртай болов гэдгээр хэмжигдэж байсан бол энэ жил мөн адил хэчнээн өрх, иргэдийн амьжиргааг дэмжив, үүний үр дүнгээр үнэлнэ гэдгийг анхаарууллаа. Мөн халамжийн шинэчлэлтэй уялдуулан шинээр хийх ажил олон байгааг хэлээд энэ ажилд орон нутгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах нь чухал гэдгийг Ерөнхий сайд анхаарууллаа.
Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг бодитой, үр дүнтэй ажил болгоход иргэдийн идэвх оролцоо чухал гэдгийг ч Ерөнхий сайд тэмдэглэж байлаа. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа хүн бүр ажил хийх, залхуурлаас ангижрах, орлоготой болох хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал байна. Өрх бүр өрхийн төсөв болон хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэвших нь зүйтэй байна. Энэ нь тухайн өрхийн хэрэгцээ, чадавхид тулгуурлан өрхийн хөгжлийг дэмжих бодлогын үндэс байх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн зөвлөж байлаа.
Монгол Улсын 742,3 мянган өрх, түүний дотор нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа өрхүүдийн амьдрал ахуйд бодитой өөрчлөлт, ахиц гаргахад та бидний хүчин чармайлт, хамтын үйл ажиллагаа чиглэгдэх учиртай. Ингэж чадвал зорилтод жилийн ажил үр дүнд хүрнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд, Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны дарга С.Батболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.