БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗОХИСТОЙ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
“Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурал Гадаад харилцааны яаманд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохион байгуулж байгаа энэ хурлаар байгалийн баялгаа зохистой ашиглахад чиглэсэн макро-эдийн засаг, хүний хөгжлийн бодлогын уялдааг хангах, менежментийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өөр хоорондоо туршлага солилцох, энэ чиглэлд хандивлагч орнуудын дэмжлэг, туслалцаа авах талаар хэлэлцэж байна.
Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр олноор бий болгон ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, мэдлэгт суурилсан, иргэдэд ээлтэй эдийн засагтай, хүнээ хөгжүүлэн өрсөлдөх чадвартай, боловсролтой болгохыг зорьж байгааг тэрээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Ашигт малтмалын нөөц ихтэй улс орнуудын зарим нь хөгжиж, зарим нь улам уруудаж байгаа нь засаглалтай холбоотой. Иймээс баялгийн хараал тусахгүйн тулд засаглалаа сайжруулж, ил тод, тунгалаг, хариуцлагатайбайх, хуулиа мөрдөж, бүх салбарт шинэ стандарт, хэм хэмжээг нэвтрүүлэн, төрийн албанд байгаа хүнд суртал, авлига зэргийг устгах ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.
Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогыг иргэдийнхээ сайн сайхан амьдрах, улс орноо хөгжүүлэхэд зарцуулах таатай боломжийг дээд зэргээр ашиглахыг хичээж байгааг тэрээр гадаадын зочид төлөөлөгчдөд хэллээ. “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь”сэдэвт олон улсын бага хуралд байгалийн баялаг ихтэй 17 орны төлөөлөл оролцож, хуримтлуулсан туршлага, авсан сургамж зэргээ хуваалцаж байна. Хуралд Тимор Лесте, Афганистан, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней зэрэг хэд хэдэн улсын сайд хүрэлцэн иржээ.
Оролцогчдын ярьснаас үзвэл Норвеги, Канад, Австрали, Ботсвана, Чили зэрэг улс байгалийн баялгаа оновчтой ашиглаж хүний хөгжлийнхөө түвшинг дээшлүүлж чаджээ. Манайхтай адил далайд гарцгүй Ботсвана Улс эрдэнийн чулуу олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд баялгаа хөгжил дэвшил болгосон байна. Мөн уул уурхайн орлогын ахиухан хэсгийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулж, орлогынхоо тодорхой хэсгийг тусгай санд, мөн ирээдүй хойч үедээ зориулж хуримтлуулдаг болжээ.
20-р зууны эхэнд Европын хамгийн ядуу орны нэг байсан Норвеги одоо НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Дэлхийн хүний хөгжлийн индексийг тэргүүлж байна. өөрөөр хэлбэл Норвеги, Ботсвана улс байгалийн баялгийн сайн, оновчтой удирдлага, менежмент хэрэгжүүлж чадсан гэсэн үг юм. Гэхдээ зөв бодлого барихгүй бол байгалийн хараалд өртдөг, байгалийн баялгаас орох орлого нь тасардаг тухай ч яригдлаа. Тухайлбал Өмнөд Номхон далайн Науру Улс фосфатаа экспортолж, 1960-1970-аад оны үед нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд хоёрдугаар байрт орж байжээ. Харин өнөөдөр ордоо ашиглаж дууссанаар орлого нь тасарч, иргэд нь фосфатын уурхай байсан хаягдмал газрыг тойрч амьдардаг, байгаль, экологи нь ч сүйдсэн байна.
Ази, Номхон далайн бүсийн олон улс баялгийн хараалаас зайлж чадсан хэдий ч энэ бүс дэх дорой хөгжилтэй, байгалийн баялаг ихтэй орнууд засаглал сул, өргөн хүрээний эдийн засгийн стратегигүй, сөрөг үзэгдлийг сааруулах төлөвлөгөө боловсруулаагүй тохиолдолд баялгийн хараалд өртөх эрсдэл өндөр хэвээр байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд эрдэс, түүхий эдийн үнэ 2004-2008онд өндөр байснаас орлого их хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ бэлэн мөнгө тарааж, цалин нэмсэн нь инфляц өсөх сөрөг үр дагаварт хүргэж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа энэ нөхцөлд зөв бодлого барихгүй бол дунд ба хэтийн хугацаанд “Голланд өвчинд” өртөх эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй” гэж санууллаа.
“Гэхдээ Монгол Улс энэ аюулыг мэдэрч, макро-эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Тогтвортой байдлын тухай хууль” баталж, “Тогтворжуулалтын сан”, “Хүний хөгжлийн сан” байгуулсан нь цаашдаа хүн амын илүү эмзэг хэсэгт чиглэх боломжтой. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн эхэн шатанд байгаа Монгол Улсад баялгийн шударга хуваарилалтыг хангах бодлого, механизм бүрдүүлэх, баялгийн хараалаас урьдчилан сэргийлэх цаг хугацаа, таатай боломж байна” гэж тэрээр хэлэв.
Индонез, Малайз зэрэг газрын тос экспортлогч орон хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, улс орноо аж үйлдвэржүүлсэн нь баялгийн хараалаас зайлсхийх үр дүнтэй аргад тооцогдож байна. Эдгээр салбар өрсөлдөх чадвартай болсноор хямрал, үнийн огцом хэлбэлзэлд тэсвэртэй эдийн засаг бий болох нөхцөл бүрдсэн тухай хурлын үеэр яригдаж байлаа. “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурал маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.