Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын Австрали улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Боловсрол, хөдөө аж ахуй , шинжлэх ухааны салбар болон харилцан хамтын ажиллагааны баримт бичгүүдийг холбогдох яамдын сайд нар баталгаажууллаа. Барим бичигт гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, ялангуяа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд Австралийн Засгийн газрын дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэснийг Монголын Засгийн газар өндөр үнэлж, талархаж явдгаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс Австрали улсыг өөрийн гуравдагч хөршийн нэг гэж үздэг бөгөөд улс төрийн яриа хэлэлцээний өндөр түвшинг хадгалж, хамтын ажиллагааг” өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд хүргэх сонирхолтой байдгаа тус улсын ерөнхий сайд Жулиа Гиллардтай хийсэн уулзалт хэлэлцээний үеэр нотоллоо гэдгээ мэдэгдлээ.
Мөн хоёр улс хоёулаа том газар нутагтай, байгалийн баялаг ихтэй ижил төстэй нөхцөл байдлыг ашиглан хамтран ажиллах өргөн боломж байгааг хоёр улсын ерөнхий сайд нар тэмдэглэж байна . Ингэхдээ хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, мөн уул уурхай хөдөө аж ахуй, дэд бүтэц, соёл, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, шинжлэх ухаан,технологи зэрэг тодорхой салбаруудад харилцааг өргөжүүлэх боломж бий гэж харж байгаагаа тэд илэрхийллээ.
Нүүрс алт зэс, уран, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн олборлолт, боловсруулалт мөн уул уурхайг дагасан дэд бүтэц, тухайлбал эрчим хүч тэээвэр уурхай дагасан хот сууринг төлөвлөх чиглэлээр Монгол Улс, Австрали улстай хамтран ажиллах, туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа. Хатагтай Жулиа Гиллард ч үүнтэй санал нэг байна гэдгээ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ. Говийн гурван аймгийн дунд мэргэжил үйлдвэрлэлийн төв байгуулах Монголын талын хүсэлтийг Австралийн тал дэмжсэнээ хатагтай Жулиа Гиллард мэдэгдэв. Хөдөө аж ахуйн салбар, тухайлбал мах ноосны чиглэлийн хонины загвар ферм байгуулах, гандуу хуурай усалгаагүй нөхцөлд ургадаг улаан буудай, бэлчээрийн болон тэжээлийн ургамал тариалах, зэрэгт хамтран ажиллах боломжийн тухай мөн хэлэлцээний үеэр хоёр тал ярилцжээ.
Оюутнуудад олгодог визний ангиллын асуудлыг эргэн харж, судлахаар болсон гэдгээ Австралийн Ерөнхий сайд хэллээ. Мөн олон улсын энхийг сахиулах үйлсэд манай хоёр орны цэргийн албан хаагчид мөр зэрэгцэн оролцож байсан бөгөөд энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа шинэ хэлбэр болгон өргөжүүлэх, олон улсын тавцанд бие биенээ дэмжих Монгол улсын АПЕК болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох эрмэлзэл, санаачилгыг дэмжиж байна гэж Австралийн засгийн газрын тэргүүн хэлж байлаа.
Мөн өдөр Австралийн Ерөнхий сайд зочноо хүндэтгэн үдийн зоог барихдаа хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийж байгаа айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших анх удаа болж байгаа түүхэн бөгөөд хэзээч үл мартагдах айлчлал хэмээн тодорхойллоо. Мөн Австралийн ард түмэн монголчуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхдээ сэтгэл өндөр, баяртай байх болно гэлээ. Тус улсын сөрөг хүчний дэд тэргүүн, хатагтай Жүли Бишол ч мөн энэ зоогийн үеэр хэлсэн үгэндээ дээрх санааг давтаж, Монгол Австралийн харилцаанд түүхэн шинэ үе ирлээ хэмээн хэлж байлаа