Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Үүнийг арилгах эрх зүйн харилцааг бий болгох шаардлагатай байна
Аливаа бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждагийг арилгах, эрх зүйн харилцааг бий болгох хэрэгтэй байна. Засгийн газрын зүгээс зах зээлийн боломж нөхцөлийг бүрдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Мэргэжлийн холбоод энэ боломжийг ашиглаж, идэвх санаачилгатай ажиллаж чадвал тулгамдсан асуудлаа шийдэх бүрэн боломж байна гэж Ерөнхий сайд С.Батболд Ойчдын нэгдсэн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэлээ.
Тус холбоод “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөр батлагдсанаар тэдний өмнө тулгамдаад байгаа мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийн техник технологийг шинэчлэх, ойн гүнд орж, ашиглалтын нас гүйцсэн ойд нэвтрэх ойн зам гаргах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой тул ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж өгөхийг хүслээ.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, сургууль, цэцэрлэгийн ширээ сандлаас эхлээд байгууллага аж ахуйн нэгжийн тавилгыг дотоодынхоо бүтээгдэхүүнээр хангах, импортын түүхий эдийг нэмүү өртгийн татвараас чөлөөлөх, Модны бирж байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Үүнээс гадна мод бэлтгэх асуудалд төрийн зохицуулалт шаардлагатай байгааг холбоодын төлөөлөл хэллээ.
Ерөнхий сайд С.Батболд Шинэ бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид эхлүүлж байна. Үүнд үндэсний үйлдвэрүүд, тэр дотроо боловсруулах, хөнгөн үйлдвэрүүдийн оролцоо ихээхэн чухал. Бид үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж импортыг багасгах, эсвэл татварын босгыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэхийн тулд өөрсдийн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж үнэ ханш дээр манай үйлдвэрлэгчид илүүтэй анхаарч өрсөлдөх чадвартай байх нь юу юунаас чухал гэдийг Засгийн газрын тэргүүн хэллээ.
Сайн юм хийж байгаа компани байгааг би үзэсгэлэнгээс харсан. Харин өөрсдийгөө нийгэмд сурталчлах тал дээр зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Мөн эдийн засгийн үр ашгаас гадна ой модны нөөцийг зохистой ашиглах тал дээр давхар анхаарах ёстой. Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Энэ тогтолцоог өөрчилж үйлдвэрлэгч хэрэглэгчдийг шууд холбох боломжийг бүрдүүлэх тал дээр хаа хаанаа идэвх санаачилгатай ажиллая. Салбарын өмнө тулгамдсан асуудлаа шийдэх тодорхой саналуудаа тусгасан бодлого хөтөлбөрөө нэгдсэн журмаар гаргаад 2 дугаар сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд нарт болон салбарын мэргэжлийн холбоодод үүрэг болголоо