Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа
Монголын Эдийн засгийн форум гурав дахь өдрөө Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар Төрийн ордонд үргэлжилж байна. Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж буй Монгол Улсыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхох болсон энэ үед болж байгаа Монголын хөрөнгө оруулалтын чуулганд ялангуяа, гаднын бизнесмэн, хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол өгч байна.
Монголын эдийн засгийн форумыг санаачлагч бөгөөд форумын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөрөнгө оруулалтын чуулганыг нээж үг хэлэхдээ Монгол Улс хөгжлийн чухал, хариуцлагатай үед ирээд байгааг онцлоод гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож, хөрөнгө оруулалт ч нэмэгдэж, энэ хэрээр ач холбогдолтой олон чуулга уулзалт энэ өдрүүдэд давхцаж байгааг хэллээ.
Сүүлийн үед бид уул уурхайн талаар их ярих болсон. Монгол Улсын Засгийн газрын гол бодлого бол уур уурхай биш хүнээ хөгжүүлэх юм. Уул уурхайгаас олсон орлогыг хүнээ хөгжүүлэхэд зарцуулахын тулд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого барьж байна гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын үгийг Дэлхийн банкны Монгол Хятад болон Хойд Солонгос хариуцсан захирал Клаус Роландихэд дэмжиж байгаагаа хэлээд хүнээ хөгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын бодлого гэж Ерөнхий сайд их зөв томъёоллоо. Дэлхийн банк ч хүн, иргэдээ хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажилахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы индрээс төлөөлөгчдөд хандаж, та бүхэн тухайн салбарын мэргэжлийн холбоодоор дамжуулан хамтарч ажиллах оновчтой, үндэслэлтэй, чанартай шийдвэр, бодлогоо тодорхой болгоод өгвөл та бүхний хамтарч ажиллах, нөгөө талаар Засгийн газрыг шахаж ажиллах чиглэл болно. Энэ нь мэргэжлийн холбоодоо дэмжих, хамтарч ажиллах санал санаачилгын эхлэл болно гэж үзэж байна гэлээ. Мөн тэрбээр төрийн эрх мэдлийн зарим төвлөрлийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон орон нутагт шилжүүлэх бодлого барьж буйгаа чуулганы төлөөлөгчдөд тэмдэглэн хэллээ.
Өнгөрсөн сард гурил, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос ноолуур, арьс шир боловсруулах зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын удирдлагуудтай уулзаж төрийн байгууллагын хийж гүйцэтгэж байсан 10 гаруй ажлыг тус холбоодод шилжүүлж өгсөн. Тиймээс та бүхэн тухайн салбарын мэргэжлийн холбоодоор дамжуулан Монголын бизнесийн орчныг илүү ойлгомжтой, таатай болгох санал санаачилгаа өгөөрэй гэдгийг тодотгож байлаа.
Монголд бизнес эрхлэх таатай боломж бий болгохын төлөө Засгийн газар анхааран ажиллаж өнгөрсөн 2010 оныг Бизнесийн орчныг дэмжих жилээр зарлаж олон ажил зохион байгуулж чамлахааргүй үр дүнд хүрсэн. Гэсэн ч төр засгаас авч хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ажлууд эхлэлийн түвшинд байна.Тиймээс бизнесийн орчныг таатай болгох ажлыг энэ жил ч үргэлжлүүлэн хийж байна. Цаашид нэмж ямар ажил хийвэл зохилтой талаар та бүхний саналыг сонсоход таатай байх болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Монгол Улс далайд гарцгүй цөөхөн орны нэг учраас транзит тээврийн өртөг өндөр. Тиймээс нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэлийг дэмжих, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх бодлого барьж байгаа. Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах дараагийн шатандаа орох цаг нь ирсэн гэдгийг дурдаад Монголын хөрөнгө оруулалтын энэхүү чуулганаас гарах үр дүн, дүгнэлтийг хүлээж байна. Хамтран ажиллах бодитой гэрээ хэлэлцээ энэ чуулганы үеэр байгуулагдаж, үр өгөөжтэй арга хэмжээ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Монголын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хөрөнгө оруулалт хайж байгаа төслүүдийн танилцуулга Төрийн ордны А танхимд болж байна