Боловсруулах үйлдвэрлэлийн технологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Тарьяа Халоненд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен-ийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд манай хоёр ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Хельсинки хотноо өнгөрөгч дөрөвдүгээр сард хуралдсан Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 11 дүгээр хуралдаанаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж байгааг тэмдэглэв.
Финланд Улсын Засгийн газраас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл тусламж олгож ирсэн нь шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулахад хувь нэмэр болсныг тэмдэглээд, дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүд болон боловсруулах үйлдвэрлэлийн технологийн салбарт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. Түүнчлэн харилцаа холбоо, ойн аж ахуй, түүний дотор мод боловсруулах, цаас үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг судалж, оюутан сургах, мэргэжилтэн бэлтгэх, Монгол Улсад мэргэжилтэн томилон ирүүлэх техник туслалцааны хөтөлбөр бий болгох хүсэлт тавив.
Европын Холбооны нэгдсэн стандарт, норм, хэм хэмжээг Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад нэвтрүүлэх бодлого барьж ажиллаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэлээд Европын Холбооны дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд өсч, хөгжиж байгааг харж байна. Танай Засгийн газар эдийн засгаа хөгжүүлэх, сайн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр зөв бодлого явуулж сайн үр дүн гаргаж байгаад талархаж байна. Эдийн засгийн өсөлт иргэдийн ахуй амьдралд үр өгөөжөө өгч байх нь чухал” гэв.
Түүнчлэн эрхэмсэг Ерөнхийлөгч Финланд улсын хувьд ус цэвэршүүлэх салбар брэнд болтлоо хөгжсөн учир энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Мөн тэрээр иргэний нийгэм, төрийн бус байгууллагыг төгөлдөршүүлэх, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарт ч хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэлээ.