Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Газрын тосны салбарт анхаарах зүйл багагүй байна

Нийтэлсэн: - 2011/05/09 02:27 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Газрын тосны салбарт анхаарах зүйл багагүй байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зүүн аймгуудад албан томилолтоор ажиллах үеэрээ Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтай танилцав. Ерөнхий сайд Дорнод аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзах үед энэ компанийн ажилтай холбоотой багагүй зүйл хөндөгдөж, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч цөөнгүй удаа шүүмжлэлтэй хандаж байлаа. Ялангуяа газрын тосны нөөц ашигласны төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлт, газрын тос тээвэрлэдэг зам, эрчим хүчний талаар онцгойлон яригдаж байсан юм.

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани 2005 оноос өнөөг хүртэл 1,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хайгуулын ажлаа эрчимжүүлж, газрын тосны нөөцийг тогтоон манай улсад хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн хугацаанд 4,6 сая баррель түүхий тос олборлохоор төлөвлөсөн тухай компанийн ерөнхийлөгч Гао Вэнбо танилцуулгадаа дурдлаа. Танилцуулганы дараа Ерөнхий сайдыг дагалдан явсан УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд гэрээнд заасан хатуу хучилттай зам тавих, эрчим хүчээр холбох, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилт хангалтгүй байгаад хариулт хүсч байлаа.   

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл зарим хэсгийн нөөцийг батлаж өгөөгүйгээс бүтээн байгуулалтын ажлууд удааширч байгаа. Нөөц батлагдсаны дараа хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж, ажил үргэлжлэх боломжтой гэсэн тайлбарыг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд хэлж байлаа. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ эрэл, хайгуулын ажлын хэмжээг нэмэгдүүлж, олборлолтыг өсгөх, газрын тосоо эх орондоо боловсруулж, шатахууны хэрэгцээгээ найдвартай хангахад төр, засаг онцгой ач холбогдол өгч байна. Энэ дагуу хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлагатай, нээлттэй, өрсөлдөх чадвартай орчин бий болгох шаардлага бий болж байгаа гэлээ.

Хайгуулын ажил эрчимжиж, олборлолт эхэлсэнтэй холбогдуулан энэ салбарт  төрөөс баримтлах бодлого, чиглэл, “Газрын тосны тухай хууль”-ийг шинэчлэх найруулах зайлшгүй шаардлагатай учир Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газар, Улсын Их Хуралд баримт бичгүүдийг өргөн барихад бэлэн болгоод байгаа юм байна. Цаашид үйл ажиллагаандаа зайлшгүй анхаарах хэдэн зүйлийн талаар “Петро Чайна Дачин Тамсаг” компаний удирдлага болон манай улсын холбогдох байгууллагуудад Ерөнхий сайд С.Батболд онцлон хэллээ.

Тухайлбал газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгахыг хамгийн түрүүнд тэмдэглэв. 

Компанийхан тостой холилдсон усаа ухсан нүхэнд хийдэг ч сайн саармагжуулдаггүй тухай зүүн гурван аймагт ажиллах үеэр нутгийн иргэд хэлж байсныг дуулгаад, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийх, газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалттай Олборлолтын ил байгууламжийг 2011 онд багтаан барих нь чухал. Шингэн хог хаягдлыг стандартын дагуу саармагжуулж, нөхөн сэргээлтээ чанартай хийхэд компаниас гадна холбогдох байгууллагууд, орон нутаг онцгой анхаарахыг хатуу сануулав. Энэ ажлын хэрэгжилтийг Засгийн газар эргэж хянах болно гэдгээ дуулгалаа.

Нөөцийн саваа хилийн боомтод барих, хатуу хучилттай зам тавих тухай ярьсаар цөөнгүй жил болсон ч байдал өнөөг хүртэл хэвээр байгаад Ерөнхий  сайд шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс Баянхошууны боомтын чиглэлд хатуу хучилттай замыг богино хугацаанд, үе шаттайгаар барих, мөн эрчим хүчний 188 км шугамыг амласныхаа дагуу ашиглалтад оруулахыг чиглэл болгов.

Ийм шаардлагыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгжид ч тавьж байгаа гэлээ. Тухайлбал хүнд даацын машинаар өдөр бүр Тавантолгойгоос хил рүү нүүрс тээвэрлэн байгаль орчныг бохирдуулж, хөрс эвдэж байна гэсэн үндэслэлээр дотоодын компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хатуу хучилттай зам тавиулж байгаа. Үүнтэй адил арга хэмжээ авахад ч болохгүй гэх газаргүйг Ерөнхий  сайд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагад анхааруулаад авлаа.   

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын өмнөө тавьсан том зорилтын нэг гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ. Хэдийгээр Тамсагийн сав газарт нөөц эцэслэн батлагдаагүй ч зүүн болон төвийн бүсэд бага, дунд оврын үйлдвэр байгуулах, үүнд гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, үйлдвэрт түүхий эдээ тэргүүн ээлжинд өгөх учиртай гэж“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагад санууллаа.

Ерөнхий сайдын бас нэг хөндсөн сэдэв бол гадны хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжид ажиллаж байгаа гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүүний тухай байлаа. Ижил төрлийн ажил хийж байгаа бол цалингийн хэмжээ гадаад, дотоод гэж ялгалгүй ойр байх ёстой. Цаашид монгол иргэдийг газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр бэлтгэж, мэргэшүүлэх, улмаар ажлын байраар хангах нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд сануулав.  “Петро Чайна Дачин Тамсаг” компани төрийн болон төрийн бус байгууллага, эмнэлэг, сургууль, аймаг, сум, дүүрэг, баг, хороо, малчдад болон уламжлалт баяр ёслолын үеэр 2 сая орчим ам.долларын хандив, тусламж үзүүлсэн тухай өмнө нь танилцуулсан юм. 

Хандив, тусламжийг шаардлага, боломж гарсан үедээ л өгч авалцаад байх бус, харин урт хугацаанд хамтран ажиллах нээлттэй, ил тод гэрээ байгуулж ажиллавал орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд илүү өгөөжтэй гэж  Ерөнхий сайд үзэж байна. Тулгамдсан асуудал байгаа бол холбогдох байгууллагын хүмүүстэй нухацтай ярилцаж, саналаа нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг зөвлөөд ярьж байгаа зүйл байрандаа байгаад байх бус, урагшаа явсан, бодитой ажил байх ёстой. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох учиртай энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хаа хаанаа анхаарах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгийнхээ төгсгөлд тэмдэглэв. 

Газрын тосны гэрээт талбай нь тусгай зөвшөөрөлтэй байх ёстой учир газар ашиглалтын төлбөр, нөхөн сэргээлтийн асуудлыг тусгасан журам өнөө хүртэл байхгүй байгаад салбарын яам анхаарахыг Ерөнхий сайд сануулж төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлал, Эрдэс балаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь хуралдан асуудлаа хэлэлцсэн юм.

Манай холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо тааруу байдаг учир цаашид шаардлагаа нэгтгэн тавьж байвал гадны хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, манайхны ажилд  тус нэмэртэй тухай ч уулзалтын үеэр яригдлаа.  Ажлын хэсэг саналаа нэгтгэн төсөлд тусгана. Энэ дагуу газрын тосны салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцэгдэх болж байна

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах