Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ганцаарчилсан уулзалт хийв

Нийтэлсэн: - 2011/02/23 00:00 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Ганцаарчилсан уулзалт хийв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Австралийн ерөнхий сайд хатагтай Жулиа Гиллардтай  ганцаарчилсан уулзалт хийлээ.  Уулзалтын эхэнд  халуун дотноор хүлээн авч байгаад Засгийн газрын тэргүүн С.Батболд талархал илэрхийлээд,  энэ айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын Австралийн холбооны улсад хийж байгаа анхны айлчлал болж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд “ Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг “ өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байна “ хэмээн илэрхийлээд, улс төрийн сайн харилцааны хөрс суурин дээр хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, эрдэс баялаг боловсрол, хөдөө аж ахуй байгаль орчин, аялал жуулчлал зэрэг  салбарт ийм боломж их байгааг онцолсон юм.

“Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эрдсийн нөөц баялаг дээр тулгуурлан үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын далайцыг нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг  илүүтэй хөгжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд улмаар бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, харилцан хамааралд идэвхтэй, үр ашигтай оролцогч байх сонирхолтой байна” хэмээгээд, дээрх зорилтыг хэрэгжүүлэхдээ Австрали зэрэг бүс нутгийн голлох улс орнуудтай илүү ойр дотно, үр бүтээлтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ. Мөн Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ Австралийн хөгжлийн замналыг жишиг болгож хардаг болохыг онцлоод, энэ агуулгаар Австралид  монгол залуучуудыг олноор сургах, Австралийн хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлого баримталж буйгаа  тэмдэглэв.

“ Монгол Улс Зүүн хойд Ази, Зүүн азийн чиглэлд идэвхтэй гадаад бодлого явуулж  байгаа. АПЕК, Зүүн азийн дээд хэмжээний уулзалт зэрэг бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны үйл  явцад нэгдэх эрмэлзэлтэй байна. Австралийн тал бидний эрмэлзлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэж эцэст нь тэмдэглэн хэлээд, Ерөнхий сайд Жулиа Гиллардыг тааламжтай цагтаа Монгол улсад айлчлахыг урилаа. Харин хатагтай Жулиа  Гиллардын хувьд    ногоон тивийн  анхны эмэгтэй Ерөнхий сайд гэдгээрээ  түүхэнд бичигддэг аж.

  Тэрбээр  Монгол улсын ерөнхий сайдыг тус улсад анх удаа айлчлан ирж байгаад баяр хүргээд, ярилцах олон асуудал байгааг тэмдэглэн хэлэв.  Ардчилал чөлөөт зах зээл гэх нийтлэг зүйлсийг эрхэмлэдэг, эдийн засгийн хувьд хоёр орон байгалийн баялагтай. Энэ баялаг дээрээ тулгуурлаад аль аль нь эрчимтэй хөгжих хандлагтай байна, бас хоёулаа хөдөө аж ахуйн орон юм. Энэ тал дээр санамж бичиг байгуулах гэж байгаа нь чухал гээд, боловсролын салбар нь харилцааны чухал салбар болон өргөжиж байгааг тэмдэглэлээ.  

Австрали улс  өөрийн худалдааны  байнгын төлөөлөгчийн газрыг монгол улсад нээхээр болсныг энэ үеэр мэдэгдлээ. Түүнчлэн энхийг сахиулах хүчинд хоёр улс  хамтран оролцож, үйл  ажиллагаа явуулах нь чухал юм. Ер нь хоёр улсын хооронд найрамдалт харилцаа дээр үеэс  байж ирсэн, харин одоо эдийн засгийн харилцаагаа улам хөгжүүлэх нь чухал гэдгийг Австралийн ерөнхий сайд Жулиа Гиллард  онцоллоо. Мөн Монгол улсын ерөнхий сайдын хүсэлт болгон тавьсан виз олгох нөхцлийг эргэн харж судлахаа амаллаа.

 Австрали улс Монгол улсыг ардчилал зах зээлийн замаар явахад анхнаасаа дэмжиж ирсэнд , бас  энэ хугацаанд санхүүгийн болон хөгжлийн тусламж үзүүлж ирсэнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ. Ялангуяа  Монгол оронд болсон зудын хүнд үед тусламжийн гараа сунгасныг найз нөхдийн тусламж гэж үздэгээ илэрхийлж, Саяхан  Австралийн  Куинсланд, Виктори зэрэг  мужуудад байгалийн гамшиг болж олон хүний амь эрсдсэнд хохирол учирсанд эмгэнэл илэрхийллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах