Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ

Нийтэлсэн: - 2010/09/03 21:24 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээМонгол улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 3-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа. Хур бороотой угтсан боржигон нутгийнхан Засгийн газрын тэргүүнийг тун бэлэгшээж байв. Дэд бүтэц, зах зээлийн давуу тал ихтэй Говьсүмбэрчүүдийн өмнө олон олон боломжууд нээлттэй байгааг Ерөнхий сайд С.Батболд очсон газар бүртээ онцолж байлаа.

Зам дагаж хөгжил

Чойр- Сайншандын чиглэлийн 176.4 км хатуу хучилттай замын барилгын ажлын нээлтэд оролцохдоо Ерөнхий сайд ийн онцлон тэмдэглэлээ. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр босч байгаа энэ замын анхны гэрээ хэлэлцээрийг ерөнхий сайд С.Батболд гадаад хэргийн сайд байхдаа эхлүүлж байсан түүхтэй.  Босоо тэнхлэгийн хувьд ОХУ, БНХАУ-тай шууд холбогдох, эдийн засгийн хувьд ач холбогдол нь өндрөөр үнэлэгдэх  энэ зам 43  сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босч байгаа юм байна.

Гүйцэтгэгчээр гадаад дотоодын 20 гаруй  компани өрсөлдсөнөөс БНСУ-ын “LG” группын салбар  “LIG Engineering” компани шалгарчээ. Солонгосын лабораторид туршилт хийсэн, ямартаа ч 10-20 жилийн турш монголын цаг агаарын нэмэх, хасах 40 хэмд ямар ч гэмтэлгүй, өндөр стандартын зам барих болно гэдгийг тус компанийхан амалж байна. Энэ замыг 2013 оны есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөх ажээ. Цементэн давхар хучилттай, өмнөх замаасаа нэг метрээр өргөн болох юм байна.

Монгол ажилчдыг ажиллуулж байгаагаараа онцлог ажээ. Монгол улсын Засгийн газраас хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэгд Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах том ажлын хүрээнд энэ зам ашиглалтад орж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа. Түүнчлэн Европ Азийг холбосон энэ зам орон нутгийн хөгжилд ч  ач тустайг  мөн тэмдэглэж байв. Монгол улсын эдийн засгийн бодлогын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах энэ замын ажилд хөрөнгө оруулалт хийж байгаа Америкийн ард түмэнд гүн талархал илэрхийлж байгаагаа бас дурдсан юм.

Энэ замаар транзит тээврээс  эхлээд урсгал  нэлээн ихтэй зам байх тооцоо гараад байгааг ЗТБХБ-ын яамны  төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ ярилаа.Чойрын богд хэмээх их хайрханы хажууд замын барилгын ажил  эхэлж  байгаад нутгийн зон олон ам сайтай байсан төдийгүй,   энэ хайрхан ээлээ өгнө гэдэгт итгэж байгаагаа ч тэд нуусангүй.

Шивээ овоогийн нүүрсний уурхайтай  танилцлаа

Ерөнхий сайд С.Батболд Говьсүмбэр аймагт ажиллах томилолтынхоо хүрээнд Шивээ- Овоогийн уурхайд очиж, тус уурхайн ажил байдалтай танилцлаа. Тус уурхай нь байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд нийтдээ 44.5 сая шоо метр нүүрс хуулж, 11.7 сая тонн нүүрс олборложээ. Эдүгээ тус компани 29тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэх урам муутайхан үгээр тус компанийхан Ерөнхий сайдыг угтлаа. 1998 онд Японы Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тус уурхай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн хэдий ч эдүгээ тоног төхөөрөмжийн үнэ болоод элэгдлийн зардал өндөр, мөн нүүрс бодит өртгөөс бага үнэлэгдэж байгаа нь алдагдалд орох үндсэн шалтгаан болсныг Шивээ- Овоо нүүрсний уурхайн захирал Х.Балсандорж тайлбарлаж байсан.

Мөн жил ирэх тусам уурхай гүнзгийрч тухайн жил бүртээ хөрсөө хуулж чадахгүй байгаагаас одоогийн байдлаар 8.6 сая шоо метр хөрсний хоцрогдолд ороод байгаа аж. Түүнчлэн тус компанид  лиценцийн асуудал буйг ч хэлж байсан. Гэвч тус компанийхан алдагдалтай ажиллаж байна гээд гар хумхиад суусангүй. Уурхайгаас олборлож байгаа 47 хувийн дундаж чийглэгтэй нүүрсийг хатаах замаар чийглэгийг бууруулах, илчлэгийг нэмэгдүүлэх ийм үйлдвэрийг байгуулсан бөгөөд эндээс зургаан тэрбум төгрөгийн орлогын тооцоог харж байгаа юм байна.

Уурхайн тээвэртэй хөрс хуулалтын зай нэмэгдэж, зардал өсч байгаатай холбогдуулан хөрсний тээврийн өөрийн өртгийг бууруулах, бүтээлийг нэмэгдүүлэх зорилгоор хөрс тээврийн 2.5км конвейерийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ирэх жил үүнийг ашиглалтад оруулснаар хөрсний тээврийн өөрийн өртөг 1.5 дахин буурч жилдээ гурван тэрбум төгрөгийн зардал хэмнэх тооцоог гаргасан байна. Мөн дотоодын  нүүрсний тээврийн зайг хоёр км-ээр богиносгох замаар конвейерийн  системийг нэвтрүүлснээр нүүрс гаргалтын өөрийн өртөг 2.7 дахин буурч, 700-гаад сая төгрөгийн хэмнэлт гарч байгааг танилцуулж байсан.

Энэ ажлыг Ерөнхий сайд тун сайшаасан бөгөөд өртгөө багасгаад, тээвэрлэх технологио өөрчилнө гэдэг маш чухал гэдгийг онцоллоо.  Үр ашигтай төслүүдийг авч үзээд, зөв арга технологийг Засгийн газар дэмжин ажиллах болно гэдгийг энэ үеэр тэмдэглэн хэлэв. Мөн ирэх оны төсөвт  Шивээ-овоо уурхайд төсөвлөсөн мөнгө хасагдсан шалтгааныг судалж үзэхийг Эрдэс баялаг эрчим хүчний  дэд сайд Т.Энхтайванд үүрэг болголоо. Харин эрчим хүчний үнийг тодорхой хэмжээнд барих үүднээс нүүрсний үнэ баригдаад байгаа шалтгааныг сонссон Ерөнхий сайд эрчим хүчний үнийг ялгавартай гаргаад, тарифыг тогтоох бодлогыг Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэж байсан.

Уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх жишиг сургууль болно

Уул уурхайн чиглэлийн ажил олгогч томоохон компани, холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудын явуулсан шалгаруулалтаар Говьсүмбэр аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь жишиг сургууль болох үзүүлэлтийг хангажээ. Тус төвийн үйл ажиллагаатай Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд танилцлаа. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв нь   уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх жишиг сургууль болох бөгөөд Монголын мянганы сорилтын сангаас 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

Энэ ажлын хүрээнд сургалтын дадлагын барилгыг 2011 онд шинээр барьж байгуулах бөгөөд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдох ажээ. Уул уурхайн хүнд машин механизмын оператор, гидравлик хий шингэн, механик, цахилгаан электроник, мехатроник, токарь, гагнуур, дотоод шаталтын хөдөлгүүр  зэрэг мэргэжлээр эдүгээ тус сургуульд бүх аймаг орон нутгаас 600 орчим оюутан ирж суралцаж байна. Уул уурхайн томоохон компаниудаас ажлын байрны захиалга ихээр ирдэг бөгөөд төгсөгчдийн 90-ээс дээш хувь нь ажлын байраар бүрэн хангагддаг ажээ.

Уурхайд ажиллагсдыг 24-өөс дээш хэмээн  насны хязгаарлалт хийж байгаа нь одоогийн байдлаар бага зэрэг хүндрэл учирч байгаа гэнэ. Учир нь 18-19 насандаа тус төвд орсон тэд сургуулиа төгсчихөөд хоёроос гурван жил ажилгүй  байж болохгүй юм. Энэ асуудалд зохицуулалт хийж өгөх хэрэгтэйг Ерөнхий сайд холбогдох яам, газрын ажилтнуудад үүрэг өглөө. Дараа нь Ерөнхий сайд оюутнуудтай уулзсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “ Оюутнууд та бүхэн их боломжит нөхцлийн өмнө ажил мэргэжлийн гараагаа эхэлж байна.

Монгол улсын хөгжлийн зангилаа болсон энэ нутагт  МСҮТ өргөжих нөхцөл бүрдэж байгаа нь сайшаалтай. МСҮТ-ийг аймаг орон нутгаар нь, бүс нутгаар нь дэмжих бодлогыг Засгийн газар барьж байна. Уул уурхайн томоохон компани, хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран монголдоо өндөр мэргэжил, мэдлэгтэй боловсон хүчин бэлдэх нь хамгийн том зорилт болж байна” хэмээн тэмдэглээд оюутнуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм.

Говьсүмбэрчүүдийн өмнө өргөн их боломж байна

Тус аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Ерөнхий сайд С.Батболд  бас дахин ийн онцлон тэмдэглэсэн.  Говьсүмбэр  аймгийн  хувьд зам, тээвэр, харилцаа, холбоо, эрчим хүч зэрэг давуу талууд нь бусад аймгаа бодоход хөгжлийн томоохон өргөн их боломж гэдгийг ерөнхий сайд дурдаад, цаашид орон нутгийн төдийгүй улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахуйц бүтээн байгуулалтын ажил өрнөх болно гэдгийг онцоллоо. Засгийн газрын тэргүүнийг ирсэн дээр нь гэсэн шиг   Говьсүмбэрчүүдийн хувьд асуулт асууж, хариулт авах гэсэн иргэд бишгүй их байлаа.

Тэд хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс эхлээд Шивээ овоогоос нутгийн иргэддээ хувь хүртээх боломж бий эсэх, аймгийн Хөгжимт драмын театрыг шинэ байртай болгож өгөх , аймгийн нэгдсэн эмнэлгийн байрыг томсгож өгөх,  хүүхдийн байгууллага одоо болтол байргүй байна, их дээд сургуулиудын багш нар оюутнууддаа номоо шахаж байна гэх мэтээр ерөнхий сайдын тодотгосноор асуудал бага, жижиг  гэж байдаггүй  энэ мэт олон  асуудлыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс  асууж хариултыг авч байв.

Томоохон аймагт орох Говьсүмбэрийн нэгдсэн эмнэлэг хүн эргэх зайгүй шахам талбайд толгой хоргодож байгаад Ерөнхий сайдын санаа   их зовсон.  Тиймдээ ч ирэх оны төсөвт энэ асуудлыг тусгаж өгөхөө амалж байв. Бодлого зорилтоо “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн тодорхойлж байгаа Засгийн газрын хувьд эмэгтэйчүүд нь төрөх эмнэлэггүй, өвдсөн иргэд нь хэвтэх эмнэлэггүй байж болохгүй гэдгийг тэрбээр онцлон дурдаж байлаа.

Ерөнхий сайд С.Батболд тэдэнтэй уулзаж хэлсэн  үгэндээ” Сая би ирэх замдаа Чойр-Сайншандын чиглэлийн 176.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтэд оролцож, Шивээ –Овоогийн уурхай, Уул уурхай барилгын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 500 гаруй залуучуудыг уул уурхайн нарийн мэргэжил эзэмшүүлэн төгсгөж, 700 гаруй оюутанг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхээр сургаж байна.

Тэд зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжил эзэмшин Оюутолгой, Тавантолгой, Бор-өндөр, Цагаан суварга, Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолбор болон бусад уул уурхай , авто замын барилгын компанид ажиллах боломж танай аймгийн залуучуудын өмнө нээлттэй байна. Уул уурхайд түшиглэсэн үндэсний аж үйлдвэржүүлэлт, төмөр зам, шинэ бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлж эхэлснээрээ манай улс хөгжлийн шинэ шатанд шилжиж байгаа юм. Энэ бол улс төр, нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг залгаж байгаа эдийн засгийн өсөлтийн, бодит  бүтээн байгуулалтын 20 жилийн эхлэл гэдэгт эргэлзэхгүй байна.

Ирээдүйдээ итгэлтэй байж, аймаг сум орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж ажиллахыг та бүхэндээ уриалъя “ хэмээн тэмдэглэсэн юм. Мөн цаг үеийн асуудлыг хөндөж “ Зудын хор уршгийг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засийн газар тогтол гарган  “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд багтаан малжуулах юм.

Зудын хохирлыг давахад Засгийн газрын хүчин чармайлтаас гадна аймаг  орон нутаг, иргэдийн санал санаачилга, малчдын бэлтгэл нэн чухал. Бид “ниргэсэн хойно нь хашигарах”-ын үлгэрээр ажиллаж болохгүй. Энэ нь эдийн засгийн их хохиролтой, зах зээлийн зарчимд харш гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон. Иймээс бид угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллах ёстой” гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ анхаарууллаа. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан 9 бүлэг, 65 үзүүлэлтээр тооцож гаргасан судалгаагаар Говьсүмбэр аймаг хөгжлийн индексээрээ улсын дунджаас үлэмж дээгүүр байранд орсон юм байна

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах