Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов
Гонконгийн амбан захирагч Доналд Цан Ерөнхий сайд С.Батболдын тавьсан хүсэлтийг дагуу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтран ажиллаж Монголын залуусыг олноор сургах боломжтой гэлээ. Гонконгийн биржүүдээр дамжуулж монголын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж буй бизнесменүүдийг ирж туршлага судлахыг урилаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн явц, ажлын айлчлалын үр дүн, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуудлаар Dowjones болон Thomson Reuters агентлаг, The Wall Street Journal сонинд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Уулзалтын үеэр талууд худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнтэй санал нэгдэв. Энэхүү ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголд татан оруулах, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үүднээс Улаанбаатар Гонконгийн хооронд шууд нислэг хийх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо. Мөн Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулахыг талууд дэмжив.