Гуравдугаар амаржих газрын шинэ барилгын ажил эхэллээ
Монгол Улсын Засгийн газар хүнийхээ хөгжилд, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч, хамгийн их хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийж буй. Өнгөрсөн жилийн мөн өдийд Нэгдүгээр амаржих газрын их засварын ажилд шаардлагатай байсан 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгийг яаралтай шийдвэрлэхээ мэдэгдэж байсан. Үүний үр дүнд иж бүрэн засвар хийсэн. Одоо тус эмнэлгийн хашаанд 150 ортой өргөтгөлийн ажил ид өрнөж байна. Түүнчлэн 10 аймагт тус бүр 50 ор бүхий төрөх эмнэлэг байгуулахаар төлөвлөснөөс Завхан, Баянхонгор, Ховд, Говь-Алтай зэрэг аймгийнх ашиглалтад ороод байна.
Мөн өнгөрсөн сарын 27-нд нийслэлийн Хан-Уул дүүрэгт Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн шав тавьсан. 300 ортой энэ эмнэлэг ирэх жилийн дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Энэ үйл явдлаас яг нэг сарын дараа буюу тавдугаар сарын 27-ны энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Гуравдугаар амаржих газрын барилгыг шинээр барих ажлыг эхлүүлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү арга хэмжээнд оролцохдоо “Өнөөдөр онцгой сайхан арга хэмжээ болж байна” хэмээн тодотгоод Засгийн газар хүнийхээ хөгжилд анхаарч олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл бол энэ үйл явдал юм гэдгийг хэлсэн.
Тэрбээр мөн өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах явцдаа 16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг эх орондоо барихаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж нааштай шийдвэрлүүлэхээр болсон.Мөн БНСУ-д улсад айлчлах үеэрээ тус улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны ололтыг манай улсад нэвтрүүлэхээр ярилцсан. Энэ хүрээнд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Үндэсний оношлогооны төв барих болсон. Энэ талаар холбогдох хүмүүс анхаарч ажиллаж байгаа гээд монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай, орон сууцтай байх учиртай. Энэ зорилтын төлөө анхаарч ажиллаж байна. Монгол хүн эрүүл байх нь хамгийн чухал. Иймд манай Засгийн газар эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.
Барилгын ажлыг гүйцэтгэх “Их өргөө” ХХК-ийн удирдлага, тэдний ажилчдад ийм хариуцлагатай, буянтай ажлыг чанарын өндөр түвшинд хийж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг Засгийн газрын тэргүүн чиглэл болгоод Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын удирдлагуудыг ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллахыг даалгалаа. Нийслэлийн Гуравдугаар амаржих газар нь 1966 онд 150ортойгоор Найрамдалын раионы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан. 1990-ээд онд төрөлт эрс буурсан тул 1998 онд татан буулгасан.
Хоёр жилийн дараа 45 ортойгоор дахин ашиглалтад оруулсан байна. 300 мянга орчим хүн амтай нийслэлийн нэгэн том дүүргийн хувьд Гуравдугаар төрөхийн энэ хүчин чадал гологдож байгаа нь нууц биш. Тус төрөх эмнэлгийн захирал, 45 ортой ч өдөртөө 95-100 эх хүлээж авдаг тухайгаа яриад шинэ эмнэлгээ ашиглалтад орсны дараагаар жирэмсэн эхчүүдийг хүлээж авахаас гадна төрөхийн өмнөх болон дараах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, охид эмэгтэйчүүдийн тасаг, физик, уламжлалт эмчилгээний тасаг нээж ажиллуулах хүчин чадалтай болно. Иймд эмч ажилчдынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургахад анхаарч ажиллаж байгаа талаараа ярьсан юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Энэрэл” эмнэлгийн суурин дээр барьж эхэлсэн Гуравдугаар амаржих газрын шинэ барилгыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Очирбат болон хотын удирдлагууд оролцлоо