Гурванбулагийнхан Ерөнхий сайд С.Батболдод талархлын бичиг явуулжээ
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар болон “Уул” хөдөлгөөний гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархаж байгаагаа илэрхийлэн захидал явуулжээ. Захидалд “Манай Гурванбулаг сум нь цэвэр усны нөөц бүхий газар билээ. Гэтэл 1999 оноос алтны аюул нүүрлэж, гүний усыг хайр гамгүй хэрэглэж, голын эргээс 200 метр зайд хөрс хуулснаас Шар усны гол ширгэсэн. Сумын төвийнхөн ундаалдаг цорын ганц худгийн дэргэд “Жэ энд Ю гоулд” компани алт ухахаар сумын иргэдийг айлгаж байсан яг тэр үед буюу өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар ашиглалтын лицензүүдийг цуцалж өгсөн төрийн мэргэн бодлогод Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ард иррэд ихэд талархаж байна” гэжээ.