Дархан хот үйлдвэрлэлийн хөгжлийн загвар хот болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд зарлалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Цагаан сарын шинийн зургааны Дашнямтай өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны мягмар гаригийг Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт Дархан-Уул аймагт ажиллаж өнгөрүүллээ. Монгол орныхоо 21 аймгаар очиж иргэдтэйгээ уулзсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сүүлийн хоёр жилийн хугацаанд Дархан-Уул аймагт гуравдахиа очиж ард иргэдийн ажил амьдрал, бүтээн байгуулалт, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилттэй танилцаж буй нь энэ юм. Ийн очихдоо тус аймагт спорт цогцолбор барьж байгуулах амлалт өгсөн нь өнөөдөр ажил хэрэг болоод явж байгаа юм. Уг барилгын ажлын шавыг өнгөрсөн онд тавьсан бөгөөд энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтад хөрөнгийн эх үүсвэрийг нь бүрэн суулгаад байгаа юм.
Мөн Орхон сумын иргэдээс тавьж байсан хатуу хучилттай замын асуудлыг ч энэ онд бүрэн шийдвэрлэхээр төсөвт тусгасан. Энэчлэн Засгийн газрын тэргүүний хөдөө орон нутагт ажилласан томилолтын мөрөөр тус аймагт хийгдэж буй томоохон ажлууд байна. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн томилолтын үеэрээ Дархан хот бол үйлдвэрлэлийн хөгжлийн загвар хот болох ёстой гэдгийг зарлалаа. Дархан хот бол үйлдвэрийн хот. Бас залуусын хот. Тиймээс ч тус аймгийн түүхэн туршлага, бүтээлч үйл ажиллагаа, өнөөдөр, маргаашийн боломж зэргийг нь харгалзан үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг шуурхайлж, ажил хэрэг болгох ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Аймгийн удирдлагууд болоод холбогдох албан тушаалтнуудыг энэ асуудлыг боловсруулж ойрын үед Засгийн газрын хуралд оруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгоод ажлын хэсэн байгуулан энэ асуудлыг Засгийн газар анхаарлын төвдөө байлгах болно гэж онцоллоо.
Мөн энэ 2012 онд багтааж спорт цогцолбор болон замын асуудлыг чанартай барьж, хугацаанд нь бүрэн ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Иргэдийн уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд улс орны хөгжлийн ололт амжилтаас дурдаад эдгээрээс гадна амьдрал дээр шийдэх ёстой, шийдлээ хүлээж байгаа асуудлууд чамгүй олон байгааг тэмдэглэв. Шүүмжлэл их ярьдаг, харин яаж шийдэхээ тодорхой ярьдаггүй. Тиймээс манай Засгийн газар тооцоо судалгаан дээр шийдлийг зөв хийхийг зорьж ажиллаж байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ тэгш хүртээх, төрийн зөв зохицуулалт хийх нь бидний зорилго. Эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж, орон сууц зэрэг чиглэлээр нийгмийн баялгийг тэгш хүртээхийг зорьж байгаа гэлээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг системтэй явуулах, нийгмийн халамжийг тодорхой зорилтод хэсэг рүү хандуулахад анхаарч ажиллаж байна гэж Засгийн газрын тэргүүн онцлоод хүн өөрөө хичээж ажиллавал, хэн хичээл зүтгэл гаргаж ажиллаж байна түүнийг дэмждэг урамшуулдаг тогтолцоог хэвшүүлэх учиртай. Энэ бодлогыг Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн 2011 оныг Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлаж 72 000 ажлын байр шинээр бий болгосон. Ажилгүй гэсэн сүүдэрт байсан хүмүүс ажилд орохоор шинээр бүртгүүлж эхэлсэн нь энэ жилийн нэг том ололт. Энэ нь ажилгүйдлээс гарах шийдлээ зөв олж харж тооцсоны нэг үр дүн. Жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдаж хөл дээрээ баттай зогссон “Алтан тос” үйлдвэрийн үйл ажиллагааг харахад ийм боломж их байна. Төрийн дэмжлэг эзэндээ очиж, хариуцлагатай ажилласны үр дүн харагдаж байна гэж Ерөнхий сайд ярьж байлаа.
Засгийн газрын үйл ажиллагаанд дарханчууд ам сайтай байгаагаа илэрхийлээд цаашид илүү сайн ажиллахыг хүслээ. Зарим нь ч санал бодлоо хэлж байлаа. Дархан хотын иргэдийн нэлээд сонирхож байсан асуудал бол 100 000 айлын орон сууц хөтөлбөр байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ талаар мэдээлэл өгөхдөө:
Цагаан сарын өмнөх Засгийн газрын хуралдаанаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг 6 хүртэл хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт 3200 орчим айлын орон сууц барихаар төлөвлөөд ажиллаж байгаа. Ганц Улаанбаатар гэлтгүй Дархан хот маань ч утааны хүндрэлтэй нүүр тулаад байгаа. Утааг бууруулах зорилгоор бүрэн шаталттай 4500 зуухыг энэ жил иргэдэд олгоно. Гэхдээ энэ бол утаатай тэмцэх шийдэл биш. Харин орон сууцжуулах ажил хамгийн чухал байгааг Ерөнхий сайд хэллээ. Үр дүн нь эзнээ олсон, бодитой ажил хэрэг болгоход орон нутгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг хүслээ.
Хонгор сумын өнөр бүлийн эзэн мянгат малчин Х.Басангийнд зочиллоо
Увс аймгийн уугуул, Дархан-Уул аймгийн суугуул мянгат малчин, Дархан- Уул аймгийн аварга малчин Хиривийн Басангийнх суугуул нутагтаа ирээд 20 орчим жил болж байгаа ажээ. Тэдний гурван хүүхэд мөн аав ээжийгээ залгамжлан мал маллаж буй бөгөөд бүгд туслах малчинтай тов хийсэн айл болцгоожээ. Анх буюу 1996 онд нутгаасаа ах дүү зургуулаа гарсан бөгөөд тус аймгийн Хонгор суманд ирээд мал маллажээ. 20 орчим жилийн хугацаанд тэднийх 28 өрх айл буюу 128 ам бүлтэй нэгэн өнөр бүл болжээ. Энэхүү өнөр айлын толгойлогч Х.Басан гуайнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зочилж Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн халуун яриа өрнүүллээ.
Эх малын жилбэ сайн, энэ хавар өмнөх жилийнхээс илүү олон төл хүлээж авах боломж байгаа нь Ерөнхий сайд Басан гуай хоёрын ярианд дурьдагдаж байлаа. 2011 онд манай улс 13,1 сая мал хүлээж авсан бол энэ жил 15 саяыг хүлээж авах боломж байгаа юм байна. Үүнд хувь нэмрээ оруулах болно гэдгээ Басан гуай амлаад тэнгэр хангай сүүлийн хоёр, гурван жил ивээж цаг агаар ээлтэй сайхан байна хэмээн бэлгэшээж байлаа. Мөн гуравдугаар сарын 12-ноос шинэ төлөө хүлээж авна гэдгээ хэлж байв. Өвс тэжээлийн үйлдвэрт тракторчин байгаад мэргэжлээ сольж мал дагасан Басан гуай мал маллаад хангалуун сайхан амьдарч болох юм байна гэсэн үлгэр дууриалыг үзүүлж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэрийн эзэн болоод эзэгтэйд хэлж байлаа.
Засгийн газрын тэргүүн энэ үеэр Засгийн газраас малчдаа дэмжин хэрэгжүүлж байгаа “Монгол мал” хөтөлбөр, “Таван-Эрдэнэ” арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр эдгээр хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах, ээмэгжүүлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд байгааг онцоллоо. Мөн малчин өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч юм. Энэ ч утгаараа малчдад мэргэжлийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байгааг дуулгалаа. Ийн мянгат малчин Х.Басантай халуун яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо. Мөн тус аймаг дахь “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцсан юм.
“Алтан тос” шиг үйлдвэрүүдийг Засгийн газар дэмжинэ гэлээ
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын анхдугаар нэгдсэн зөвлөлгөөн саяхан Төрийн ордонд болсон. Энэ үеэр Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд зохион байгуулж нээлтийн арга хэмжээнд нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон билээ. Тус үзэсгэлэнгээс Гран-При шагнал хүртсэн “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай Ерөнхий сайд танилцахаа шагнал гардуулах үеэрээ амласан билээ. “Алтан тос” ургамлын үйлдвэрийн хамт олон өөрсдийгөө Монгол Улсад анхдагч хэмээн тодорхойлж байна. Үйлдвэр нь европ стандартын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өдөрт 100 тн буюу жилд 33 мянган тн тос үйлдвэрлэх хүчин чадалтай хэмээн “Монгол Алтан тос” ХХК-ийн захирал ярилаа. Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ амласан ёсоороо тус үйлдвэрт очлоо.
Засгийн газрын тэргүүн тус үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрхэн бий болж байгаатай бүрэн танилцсаны дараагаар дагалдан яваа хүмүүийнхээ хамтаар дээжээс нь амталж үзлээ. Ингээд хэлэхдээ “Бидний хэлж заншсанаар 9-ийн тос. Монголчууд бидний гол хэрэглээний нэг. Монголдоо үйлдвэрлэж байгааг харахад таатай байна. Гаднаас тээвэрлэж оруулж ирэхгүй тиймээс цаг хугацаа алдахгүй, чанар сайн, үнэ ханшийн хувьд зах зээлийн үнээс 200 орчим төгрөгөөр хямд гэж байна. Энэ нь эдийн засгийн болоод хүнсний аюулгүй байдал талаасаа ач холбогдолтой юм. Мөн 100 гаруй ажлын байр бий болгосон байна” гэж тус үйлдвэрийн хамт олныг сайшаалаа.
Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр олон түмний хэрэгцээтэй хүнс үйлдвэрлэж байгаа ийм үйлдвэрүүдийгЗасгийн газар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад цаашид ургамлын тос экспортлох том зорилт тавьж ажиллаарай гэв. Мөн түүхий эдээ Монголдоо бэлтгэх боломж эрэлхийлэх, энэ чиглэлд ахиц гаргаж ажиллахыг Ерөнхий сайд хүслээ. Мөн жижиг, дунд ийм үйлдвэрүүдийг татварын бодлогын хүрээнд хэрхэн дэмжиж болох, татвараас чөлөөлөх, хөнгөлөх зэрэг асуудалд нь анхаарч ажиллахыг тус аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа нарт зөвлөлөө. Тус үйлдвэр нь ямар ч хаягдалгүй ажилладаг, өөрөөр хэлбэл, хаягдлаар нь “Тана” үйлдвэрийнхэн барааны саван үйлдвэрлэдэг байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн 2011 онд улсын хэмжээнд 90 орчим үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд эдгээрийн нэг нь “Алтан тос” үйлдвэр юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.