Дизелийн түлшнээс импортын татвар авахгүй
Импортоор оруулж ирж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “0” хувиар тогтоон 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ нь Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх, Ульхан майхан боомтоор автобензин, дизелийн түлш оруулж ирэхэд хамаатай юм. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх 90 хүртэл октантай автобензинээс 170 мянга, 90 ба түүнээс дээш бол 230 мянган төгрөгийн татвар авах бол дизелийн түлшинд татвар ногдуулахгүй юм байна.
Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварын хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дагуу АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг 170 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгон бууруулсан юм. 2011 оны 5 дугаар сарын байдлаар дизелийн түлш улсын хэмжээнд 5200 тонн байгаа нь 4 хоногийн нөөц гэсэн үг юм. Иймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнуудаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэхийг 10 хоног түр зогсоох талаар газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. Энэ нь шатахууны хомсдолын улмаас ноцтой хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм. Мөн улсын нөөцөөс 2050 тн дизелийн түлш гаргахыг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрч, түлшийг одоогийн мөрдөж байгаа жижиглэнгийн үнээр газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжид олгох, борлуулалтын орлогоор нөөцийг нөхөн бүрдүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа.
Нийтийн тээвэрт дизелийн түлшний хэрэглээг багасгах зохицуулалтын арга хэмжээ авч хатуу хяналт тавих үүргийг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар хүлээж байна. Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт нийт 60 мянган тонны автобензин, дизелийн түлшний багтаамжтай улсын нөөцийн агуулах барихад шаардагдах хөрөнгийг “2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “2012 оны төсвийн тухай хууль”-д тусгаж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 32 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар тогтов.
Гадаадаас газрын тосны бүтээгдэхүүн татаж авах асуудлаа яаралтай зохицуулж, шуурхай ажиллах, ажлын явцын талаар тогтмол мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд С.Батболд холбогдох сайд, агентлагийн дарга нарт санууллаа. Мөн салбарын сайд болон агентлагийн удирдлагууд хоёр хөршид ажиллаж энэ талаархи яриа, хэлцээг эрчимжүүлэх үүрэг авсан байна. Гал унтраах байдлаар олон жил явж ирснийг өөрчилж нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг ойрын үед эрчимтэй эхлүүлэх, энэ ажлын явцын талаар ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Дэлхийн улс орнуудад нефть бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна. Хойд хөршид ч байдал хүнд байгаа бөгөөд тус улсын Засгийн газар өнгөрсөн сард экспортын татвараа нэмж, гадаадад гаргах бүтээгдэхүүнийхээ хэмжээг хязгаарласан юм. “Роснефть” компани энэ сард 17 мянга орчим тонн дизелийн түлш л нийлүүлээд байгаа нь сард дунджаар 34 мянган тонн түлш хэрэглэдэг манай улсад хүндрэл учруулж байна.
Нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх талаар салбарын яамнаас ОХУ-ын талд албан бичиг хүргүүлснээс гадна Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хойд хөршид ажилласан юм. Энэ дагуу “Роснефть” компани энэ сард нэмж 8 мянган тонн түлш олгохоо албан ёсоор мэдэгдсэн ч өнөөг хүртэл ачуулаагүй байна. Манай улс ганцхан “Роснефть” гэлгүй ОХУ-ын “ТИК-БП” компаниас тонн тутмыг нь 1250 ам.доллараар тооцон нийт 16 мянган тонн түлш авахаар тохиролцсон. Энэ түлш ирэх сарын 10-ны үед ирэх төлөвтэй байна Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ГОВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭГДСЭН БОДЛОГООР ЗАНГИДНА
Өмнөговь аймагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажил улс орны хөгжилтэй салшгүй холбоотой учир нэгдсэн бодлогоор ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Ялангуяа ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тус тусдаа хатуу хучилттай зам тавих бус, хөрөнгө, хүчээ нэгтгэн нэг зам барих нь зүйтэй. Үүнийг Засгийн газар нэгдсэн бодлогоор зангидах ёстой гэж тэрээр онцлон анхаарууллаа. Эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт зэрэг салбарт эхний ээлжинд хийх шаардлагатай ажлын болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн ахалсан Ажлын хэсэгт даалгасан байна.
Энэ дагуу Ажлын хэсэг “Өмнийн говийн хөгжлийн стратеги төлөвлөгөө” болон Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг түргэтгэж, дэд бүтэц, хот байгуулалтыг цогц байдлаар шийдвэрлэх, Мандалговь-Даланзадгадын 163 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгойн 251 км хатуу хучилттай замын ажлыг түргэтгэх, “Гурвансайхан” онгоцны буудлыг өргөтгөхийг судалж шийдвэрлэх, Тавантолгой-Даланзадгадын 110 квт-ын цахилгааны шугамын угсралтын ажлыг түргэтгэхэд анхаарах юм.
Хэдийгээр албан ёсоор Ханбогд, Цогтцэций сум 3 мянга гаруй хүнтэй ч одоо 10 мянгад хүрч байгаа учир 10 ортой эмнэлгээс эхлээд сургууль, цэцэрлэгийг нь өргөтгөх, шинээр барих шаардлагатай болоод байна. Энэ асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд нарт хуралдаанаас даалгалаа. Түүнчлэн орон нутагт хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс ажилд ханддаг, мэдээлэл буруу, хуулийг өөрөөр ойлгодог зэргээс шалтгаалан зөрчил гарч байгаа бол ойрын үед арилгах, орон нутгийн Тавантолгой компаний үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, шаардлагатай бол бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь өөрчлөх, их бүтээн байгуулалтын ажилд энэ компанийг оролцуулахыг Ерөнхий сайд С.Батболд аймгийн удирдлагад үүрэг, чиглэл болгов.
Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын орон нутагт үзүүлж байгаа нөлөөлөл, цаашид анхаарах асуудлын тухай Засаг дарга Б.Бадраагийн мэдээллийг сонссоны дараа ийм шийдвэр гаргасан байна. Говийн бүсэд өрнөж байгаа их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд усны шугам татах гэхэд лиценз эзэмшигч нь зөвшөөрөхгүй байна хэмээн Ханбогд, Цогтцэций сумын удирдлага газар чөлөөлөхгүй хэдэн сар болж байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахад болохгүй гэх газаргүй тухай ч хуралдааны үеэр хөндөгдөв. Газрын асуудлыг энэ сарын 28-ны дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ гэдгээ аймгийн Засаг дарга Б.Бадраа сайд нарт амалсан байна.
Мөн Тавантолгойгоос өдөр бүр хүнд даацын 500 машин нүүрс тээвэрлэж байгаль орчин, хөрс сүйтгэж, хүний амь эрсдэж байгаад Засгийн газрын гишүүд анхаарал хандуулж энэ талаар тодруулга авлаа. Говьд их хэмжээний тоосжилт үүсэн, зарим ургамал ургахаа больж, ан амьтан дайжин, малчид ч амьдрах аргагүй болоод байна. Иймээс төмөр зам тавих нь хамгийн зөв шийдэл гэж Засаг дарга хэллээ. Нэгэнт хүн амьдрах аргагүй болсон бол малчдын өвөлжөө, хаваржааг нүүлгэх, худаг гаргах зэрэг зардлыг хатуу хучилттай зам тавихгүй хэрнээ нүүрс олборлож, тээвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд гаргах ёстой гэж сайд нар үзэж байна.
Хэдийгээр сонгуулийн дүн өөр гарсан ч улс орны хөгжил, нийтийн эрх ашгийн үүднээс хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа. Засгийн газрын бодлого, гаргасан шийдвэр дунд, доод шатандаа хувийн эрх ашиг, сонирхол, улстөржих байдлаас болж хэрхэвч саатах ёсгүй. Тиймээс зарчмаа барьж ажилла гэж Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эцэст хатуу анхааруулав хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ОЮУТОЛГОЙ КОМПАНИАС УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР АВНА
“Оюутолгой” компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээ байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад даалгалаа. Урьдчилгаа төлбөрийг 2012 оноос эхлэн “Оюутолгой” компанийн төлбөл зохих холбогдох татварын ногдуулалтаас суутган тооцож, урьдчилгаа төлбөрөөс тухай бүр нь хасалт хийх юм байна. Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн хооронд байгуулсан “Засгийн газрын бонд худалдан авах тухай гэрээ”-нд заасан хүүг 3 хувиас 1.59 хувь хүртэл бууруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хөрөнгө оруулагчийн төлсөн хоёрдахь урьдчилгаа төлбөр болох 50 сая ам.долларыг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай учир ийм арга хэмжээ авах болжээ.
Хөрөнгө оруулагчтай гуравдахь урьдчилгаа төлбөр болох 100 сая ам.долларыг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө авахаар тохиролцсон бөгөөд гэрээний дагуу нийт 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлнө. Төлбөрийг хүүгийн хамт хөрөнгө оруулагчийн татварын өрөөс суутгаж тооцож барагдуулахаар төлөвлөсөн байна. Урьдчилгаа төлбөрийг үе шаттай авахаар заасны дагуу Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор буюу 2009 оны 10 дугаар сард эхний 100 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж хөрөнгө оруулагчаас хүлээн авсан юм.
ТӨСВӨӨС ГАДУУР ЗАРДАЛ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ДААЛГАВ
Орон нутгийн 2011 оны төсвийн нэгтгэл, төсвийн хууль зөрчсөн шийдвэрүүдийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв.
Үүнтэй холбогдуулан :
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдаагүй төсвөөс гадуур зардал гаргахгүй байх
- Төсвийн жилийн сүүлийн сард төсөвтөө тодотгол хийхгүй байх
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд урсгал зарлага тусгахгүй байх
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөнд батлагдсан урсгал зарлагыг зориулалтын ангилалд шилжүүлэн батлуулах
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөнд хувийн хэвшилд олгохоор батлагдсан хөрөнгө оруулалтыг залруулах
- Төсвийн орлого, зарлагаа нэмэгдүүлснээр төлөвлөгдсөн орлого тасарсан нь улсын төсөвт хуульчлагдсан орлогын төлөвлөгөөг таслах үндэслэл болохгүй тул орлогыг бүрэн төвлөрүүлэх
- Улсын төсөвт хуульчлагдсан орлогын төлөвлөгөөг бууруулж батлахгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Зөрчил гаргасан Засаг даргын жилийн үйл ажиллагааны үнэлгээнд төсвийн хууль зөрчсөн дээрх үйлдлийг судлан үзэж, холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хуралдаанаас мөн даалгасан байна. Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр УИХ-аас баталсан дүнгээс Өмнөговь аймаг 16.4 тэрбум төгрөг, Өвөрхангай 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй гэж үзсэн нь төсвийн орлогыг 18 тэрбумаар бууруулан, төсвийн алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.8 хувь болгон нэмэгдүүлэх төлөвтэй байна. .
Зарим аймаг хөрөнгө оруулалтад тооцогдсон хөрөнгөөс урсгал зарлага санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал Төв аймагт 705.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцогдсон байсан ч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа 80.8 сая төгрөгийг урсгал арга хэмжээнд шилжүүлэн баталсан байна. Сүхбаатар аймаг 83.2, Ховд аймаг 75, Улаанбаатар хот 200 сая төгрөгийн урсгал зарлагыг хөрөнгө оруулалтын зарлагадаа оруулан санхүүжүүлэхээр зарлагын зүйл ангиа буруу батлуулсан. Баян-Өлгий аймаг 47 сая төгрөгийг хувийн хэвшлийн байгууллагад шууд хөрөнгө оруулалтад олгохоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баталж хууль зөрчжээ.
Бүх аймгийн орлого давж биелсэн боловч орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэхээр батлагдсан 11.2 тэрбум төгрөгийг Булган, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг төвлөрүүлээгүй байна. Аймгуудад хийсэн аудитын шалгалтаар хууль биелүүлэхгүй байх зөрчил удаа дараа гарсаар байгаа нь илэрлээ. Баянхонгор аймаг 2010 оны төсвийн тодотголыг 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлэн 120 сая төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мөн 2010 оны давсан орлого 109 сая төгрөгийг хуваарилах шийдвэр гаргасан байна. Энэ нь санхүүгийн жил дуусгавар болсон байхад төсөв хуваарилуулсан нь батлагдсан төсвийн төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргаж хууль зөрчсөн хэрэг болжээ.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЖЭЭ
“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр” амжилттай хэрэгжсэн гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Уул уурхай, барилга, зам, тээвэр зэрэг дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд төрөөс зайлшгүй анхаарах бодит шаардлага байгаа тул үндэсний 4 дэх хөтөлбөрийг батлан ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгав. 2005-2010 онд хэрэгжүүлсэн Үндэсний 3 дахь хөтөлбөрийн биелэлт 81,2 хувьтай байна. Тайлант хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүтэц, тогтолцоог боловсронгуй болгоход чухал алхам хийжээ.
Хөтөлбөрийн хүрээнд бүтэц, зохион байгуулалт, хяналтын зохистой тогтолцоо бүрдэж, сургалт, сурталчилгаа, мэдээлэлд өөрчлөлт гарсан, нийгмийн түншлэлийн талуудын ажлын хүрээ өргөжиж, нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэмэгдэн, хөдөлмөр, нийгмийн харилцааны асуудлыг шийдвэрлэх нэг арга механизм болсон, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлж эхэлсэн гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үзэж байна.
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Р.Буд нарын санаачилсан “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гарсан саналыг тусган хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.
- Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2010 оны үйл ажиллагаанд гарсан ажлын онцлог, шинлэг арга барил, цаашид анхаарах асуудлыг ажилдаа хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт Засгийн газрын хуралдаанаас зөвлөлөө.
- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын анхдугаар илтгэлийг хэлэлцэн дэмжиж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхээр тогтов.