Должинсүрэн: Би С.Батболдын төлөө саналаа өгнө. Энэ бол миний эх орныхоо төлөө хийж чадах зөв сонголт
Сонгуульд ялах намын нэр дэвшигч С.Батболдыг дэмжиж, итгэл хүүлгэж байна гэдгийг өдгөө 90 насыг зооглож буй Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн Должинсүрэн гуай өнөөдөр нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр аминчлан хэллээ. Мөн тэрээр “хөгшин би өнөөдөр хоосон хонож байж болно, үүнд би санаа зовохгүй байна. Харин эх орон минь тайван байгаасай гэж хүсч байна. Би С.Батболдын төлөө саналаа өгнө. Энэ бол миний эх орныхоо төлөө хийж чадах зөв сонголт” гэлээ.
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байгаа хэдий ч УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд сонгогч бүртээ хүрч ажиллахаар тойргийнхоо иргэдтэй биечлэн уулзаж, аж амьдралтай нь танилцсаар байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн 11, 12-р хорооны сонгогчдын аж амьдралтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал бүрийг өөрийн биеэр очиж сонссон билээ. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13, 14-р хороонд ажиллаж, тус хорооны хамгийн өндөр настай азай буурлуудын амар мэндийг асууж, санал бодлыг сонслоо. Тус хороонд Сүхбаатар дүүргийн хамгийн өндөр настай буюу 80-аас дээш настай иргэд олноор амьдардаг байна.
Сүхбаатар дүүргийнхэн нэр дэвшигч С.Батболд итгэл хүлээлгэж байна
Нэр дэвшигч С.Батболд эхлээд Сүхбаатар дүүргийн 13-р хорооны өндөр настан С.Шүрэндаа гуайнд зочиллоо. Увс аймгийн угуул С.Шүрэндаа гуай өдгөө 75 насыг зооглож байгаа бөгөөд есөн хүүхэдтэйгээ ач, зээ 30-уулаа болж өнөр өтгөн сайхан амьдарч байна. С.Шүрэндаа гуай өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэтгэврийн мөнгө төдийлөн сайн нэмэгдсэнгүй гэдгийг нэр дэвшигчид онцолж хэлж байв. Мөн ач, зээ нарынх нь ихэнхи их, дээд сургууль төгсч өндөр боловсрол эзэмшсэн ч ажилгүй, орлогогүй амьдарч байгааг хэлсэн. Тиймээс ирэх дөрвөн жил ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч, тойрогтоо олон ажил хийхийг нэр дэвшигч С.Батболдод захиж, түүнд амжилт хүслээ.
Нэр дэвшигчийг Сүхбаатар дүүргийн 13, 12-р хорооны ахмад настан, иргэдтэй биечлэн уулзах үеэр хамгийн их яригдсан асуудал бол цэцэрлэг сургуулийн хүрэлцээ, дахин төлөвлөлтийн асуудал байлаа. Тус хороонд сургууль, цэцэрлэг бараг байдаггүйгээс болж хүүхдүүд нь Чингэлтэй, “100-айл”-ын Ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж байгааг хэлж байв. Тиймээс ирэх дөрвөн жил сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, шинээр барих шаардлагатай байгааг сонгогчид нэр дэвшигчид онцлон захилаа.
Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд тус хороодын ихэнхи өрхийн хашааны газар нийслэлээс тогтоосон газар чөлөөлөлтийн бүст багтжээ. Гэхдээ нэг өрөө байр худалдан авахад ч хүрэлцэхгүй мөнгөөр хашааны газрыг нь үнэлж байгааг иргэд учирлаж байсан юм. Мөн зарим айлуудын хувьд хашааны газрын тал хэсэг нь дахин төлөвлөлтөд хамрагдаж, тал хамрагдаагүй зэрэг олон зөрчилтэй асуудал байгааг хэлсэн.
Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн асуудалд анхаарал хандуулж, иргэнийг хохироохгүй байх ёстой. Өнөөдөр иргэдийн хувьд хашааны газар том өмч гэдгийг сануулж, 20, 30 сая төгрөгөөр үнэлж болохгүй. Миний бие УИХ-д дахин сонгогдвол уг асуудлыг анхаарлын төвд авч, иргэнийхээ эрх ашгийн төлөө ажиллана” гэдгийг хэлсэн. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт хашаандаа амины орон сууц барих нөхцөлийг дэмжиж ипотекийн зээлд хамруулахаар тусгасан байгааг хэлсэн.
Мөн нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн 83 настай Ц.Хумбаан, У.Намсрай Мөнхтогоо, Түмэнжаргал, 13-р хорооны иргэн М.Чимэд, мөн тус хорооны иргэн Енгэрэн зэрэг ахмадуудынхаа амар мэндийг асууж, санал бодлыг сонссон. Уулзсан өрх айл, хүн бүр нэр дэвшигч С.Батболд итгэл хүлээлгэж байгаагаа хэлэхийн хамт айл өрх, иргэн бүртээ хүрсэн зөв бодлого хэрэгжүүлж ажиллахыг түүнээс хүсч байлаа.
Ингээд нэр дэвшигч С.Батболд айл өрхийн аж амьдралтай танилцсаны дараа орой 19 цагаас 23.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.