Дорнодчууд хамтарсан Засгийн газрыг дэмжиж байна
Хамтарсан Засгийн газар иргэддээ сар бүр Эх орны хишиг, хувь түгээн, Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ ажилтай, орлоготой байлгахыг зорьж байгаад Дорнод аймгийн иргэд талархаж байна. Мөн иргэн бүртээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн болон давуу эрхийн нийт 536+1ширхэг хувьцаа хуваарилж, монголчууд байгалийн баялагийнхаа эзэн гэсэн түүхэн шийдвэрийг баталгаажуулсан юм. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, хувьцааг олон улсын зах зээлд энэ ондоо багтааж арилжихаар шат дараатай арга хэмжээ авч байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон нь тэдний ярианаас харагдаж байлаа.
Иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хувь буюу одоогийн энгийн 536 ширхэг хувьцааг 1072 ширхэг болгон нэмж олгох саналыг УИХ-ын нэр бүхий 4 гишүүн гаргасныг Засгийн газар судлаж, шийдвэрлэхэд болохгүй зүйл байхгүй гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Гэхдээ ингэхийн тулд эдийн засгийн тооцоо, судалгааг нарийн сайн хийх хэрэгтэй гэдгийг ч тэмдэглэлээ. Цаашид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байх, хэзээ ногдол ашиг тараах зэргийн талаархи мэдээллийг ойлгомжтой, ил тод, нээлттэй хэлбэрээр бүтэн жилийн турш хүргэх ажил хийж байгаа гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцоллоо.
Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалт ажил хэрэгч боллоо гэж Ерөнхий сайд үзэж байна.
Иргэд Засгийн газрынхаа тэргүүнд хандаж тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлээ ярих нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид өнгөрсөн 20 жилд хийж бүтээхээсээ илүү ярьж, шүүмжилж, маргалдаж, улс төржиж байсан ч улс орны хөгжилд төдийлөн тус нэмэр болоогүй. Харин одоо ярих биш хамтарч ажиллах цаг болсон. Монгол Улсын Засгийн газар ажилгүйдэл, ядуурал, авлига, хүнд суртал, архидалт гээд тодорхой сэдвүүдийг сонгон авч шийдвэрлэхээр ажиллахдаа сэтгэлийн хөөрөл, улс төрийн шинжтэй бус, харин ч мэргэжлийн хүмүүсийнхээ судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд тулгуурлаж байгаа. Хамтарсан Засгийн газар улс орны хөгжилд түлхэц өгөх томоохон шийдвэрүүдийг гарган хурдтай ажиллаж байна гэж тэрээр онцлон тэмдэглэв.
Тухайлбал 10 жил ярьсан ч нэг ч алхам урагш нь явуулаагүй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамтарсан Засгийн газар байгуулсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд орд газрыг ашиглах ажил урагштай явж байгаа бөгөөд Оюутолгойг ашиглалтад хүлээн авч эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орон хөгжиж, иргэдийн амьдрал ч энэ хэрээр дээшилнэ. Мөн ордыг дагаж хот, суурин, аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдан, дэд бүтэц бий болж, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж ч бүрдэж байгааг Засгийн газрын тэргүүн онцолж байлаа.
Орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг чанд баримталж байгаа эсэх, хууль нь нийцэж байна уу гэдэгт иргэд ч хяналт тавих ёстой. Засгийн газар ч гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж, монголчууддаа илүү ашигтай нөхцөл бий болгохыг чармайж байна.Тухайлбал зээлийн хүүг эрс бууруулж 6,6 хувь болгосон, Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хувьцаа худалдахгүй байх зэрэг зарчмын томоохон өөрчлөлт хийсэн гэж Ерөнхий сайд хэлэв.
Оюутолгойн орд газарт гадаадын ажилчид олноор ажиллаж байгаа тухай нэг бус хүн хэлж, шүүмжилж байлаа.
Бидэнд өндөр зэрэглэлийн гагнуурчнаас эхлээд инженер, техникийн мэргэжилтэй ажилчин хангалттай байхгүй учир тэднийг сургаж бэлтгэх хэрэгтэй. Хүнээ бэлтгэсний дараа болно гэвэл орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил энэ хэмжээгээр хойшлох юм. Иймээс Засгийн газар цаг хожих үүднээс гаднаас богино хугацаагаар мэргэжилтэй ажилчдыг оруулж ажиллуулан, энэ хооронд монголчуудаа сургаж бэлтгэхэд анхаарч байна. Тухайлбал Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөх, шинэчлэх зэрэгт Мянганы сорилтын сангаас 60 сая ам.доллар зарцуулж байгаа. Бэлтгэгдсэн боловсон хүчнүүд маань бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд гар бие оролцох юм. Ингэснээр жишээлбэл Оюутолгойн орд газарт нийт ажиллагсдын 95 хувь нь монгол иргэд болно гэдэгт Засгийн газар итгэлтэй байна гэж хэлснийг Дорнодчууд алга ташин хүлээж авав.
Мөн Тавантолгойн орд газрыг ард түмэндээ өмчлүүлэхтэй холбоотой асуудалд Засгийн газрын тэргүүн хариулахдаа “Нүүрсний үнэ хямд байсан үед үндэсний хэдэн компани нэгдэн орд газрыг лицензийг авсан. Эдгээр компаниуд эндээс нэг хүрз нүүрс гаргаж аваагүй ч жил бүр татвараа төлж байгаад ард түмэндээ буцааж өгсөн түүхтэй. Ийм шийдвэр гаргахад багагүй хувь нэмэр оруулсан хүний нэг нь С.Батболд. Гадаадын компанид лицензээ худалдалгүй төрдөө буцааж өгсний дүнд монголчууд маань өнөөдөр энэ орд газраас хувьцаа эзэмших боломжтой болсон юм. Аливаа юм үнэнээрээ байх ёстой. Энэ утгаараа Тавантолгойн төслийг дэлхийн жишигт хүрсэн, өрсөлдөх чадвартай, дараа дараагийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд загвар болохуйцаар хэрэгжүүлнэ болно” гэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах бус дотооддоо боловсруулж хэрэгцээгээ хангах хэрэгтэй байна гэж Дорнод аймгийн цөөнгүй иргэн хэлж байв. Засгийн газар Тамсагбулаг, Зүүнбаянд бага оврын боловсруулах үйлдвэр байгуулахаар судалж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх ёстой гэж би үздэг гэж Ерөнхий сайд хэллээ.
Иргэдээс тавьсан асуудлын дийлэнх нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжтай холбоотой байлаа.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх нь Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Ингэхдээ тооцоо, судалгаанд үндэслэж, үе шаттай нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа. Засгийн газар өмнө нь цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувь нэмж, хөдөлмөрийн доод хэмжээг 140 мянган төгрөг болгосон. Энэ шийдвэр хувийн хэвшлийн нээгж, байгууллагад хүнд тусч байгаа гэсэн яриа гардаг ч ингэж бодохгүй байна. Өнөөдөр зарим аж ахуйн нэгжид ажиллагсдын дундаж цалин 900 мянган төгрөгт хүрсэнтэй Өмнөговь аймагт ажиллах үеэрээ танилцаж байсан. Энэ нь боломж байгааг харуулж байна. Харин иргэд маань зөвхөн, төр засаг гэж дээшээ хандалгүй өөрсдөө хариуцлагатай байж, зах зээлд эрэлттэй, хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцан, улмаар ажилтай, орлоготой болоход анхаарах хэрэгтэй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн сануулав.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жилийн хүрээнд дотооддоо үйлдвэрлэх боломжтой 38 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг зөвхөн үндэсний аж ахуйн нэгжээс авч байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Одоо аж ахуйн нэгжүүд чанартай, өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Ноос ноолуурын салбараа дэмжих үүднээс 100 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Засгийн газраас дэвшүүлэн тавьсан энэ мэт олон ажлын хэрэгжилт ямар байгааг шалгаж, тухайн орон нутгийн удирдлагын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгоно гэдгийг Засгийн газрын тэргүүн анхааруулав.
Өндөрхаан-Чойбалсан хотыг хатуу хучилттай замаар холбох, Матад сумыг байнгын, найдвартай цахилгаантай болгох, Хүүхдийн парк байгуулахад хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар ажиллана. Өндөрхаанаас тавих 143 км замын ажил эхэлсэн. Мөн Матад сумыг гэрэлтэй болгоход шаардлагатай 1,5 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг төсвийн тодотголд суулгаж эрчим хүчтэй болгоно гэж Ерөнхий сайд амаллаа.
Хоёр улстай хил залгадаг, эрчим хүч, дулааны найдвартай эх үүсвэртэй гээд давуу тал Дорнодчуудад их байна. Энэ боломжоо ашиглаж хөгжихийн төлөө хаа хаанаа анхаарах ёстой. Байгаа боломжийг нь дэмжиж, нутаг орныг хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулах шаардлага, сонирхол Монгол Улсын Засгийн газар, Ерөнхйи сайдад байна гэж тэрээр уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэв. 21 дэх аймагтаа ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чойбалсан хотноо болсон “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт зүүн бүсийн улсын зөвлөгөөнд оролцож үг хэлэв.
Зөвлөгөөн нь малчид, аж ахуйн нэгж, төв, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын хамтын идэвхтэй ажиллагаанд тулгуурлан мал аж ахуйн хөгжлийг эрчимжүүлэх, малчдын хөдөөд ая тухтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэн, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжил, улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн авчрах зорилготой юм. Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн бүх сумын Засаг дарга, сумдад байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малчдын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр Дорнод аймгийн Халх гол сумыг зорив