Дэлхийн топ 50 их сургуульд суралцах оюутнуудын төлбөрийг Засгийн газар даахаа амлалаа
Өөрийн авьяас чадвараар дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах эрх авсан оюутан залуучуудын сургалтын төлбөрийг Засгийн газар бүрэн даахаар боллоо. Энэхүү боломжийг баталгаажуулсан нэгэн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болсон юм. 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн технологийн улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан болон олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах юм байна. Эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзлаа.
Өөрсдийн эзэмшиж буй мэргэжилдээ амжилт гарган, үеийнхнээ манлайлж байгаа эдгээр оюутнуудад хандаж Ерөнхий сайд С.Батболд үг хэлэхдээ өндөр боловсрол, өрсөлдөх чадвартай иргэдтэй улс орон хөгждөг. Тийм ч учраас манай Засгийн газар боловсролын салбартаа онцгой анхаарал тавьж байгаа гээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавиад байгаа гэдгийг тэмдэглэлээ. Мөн оюутан залуучуудын сурах орчныг сайжруулах, хичээл сургуульдаа амжилт гаргах, сурах бололцоог нэмэгдүүлэхийн тулд Налайхын Шивээтийн хөндийд Оюутны хотхон байгуулна, тус хотхоны барилгын ажил эхэлж байгааг ч мөн хэлсэн үгэндээ онцолсон.
Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад шилдэг залуучуудаа суралцуулахад дэмжлэг үзүүлэх нь Засгийн газрын үүрэг. Харин оюутан, залуучууд та бүхэн дэлхийн эхний 50 их сургуульд тавигдаж буй шаардлагыг ханган инженер, техник, технологи, байгалийн ухааны мэргэжлээр элссэн тохиолдолд сургалтын төлбөр, амжиргааны зардлыг Сургалтын төрийн сангаас олгох болно гэдгийг Засгийн газрын тэргүүн энэ уулзалтын үеэр дуулгалаа. Оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах, тэдний тоог нэмэгдүүлэх, шалгаруулалтыг нээлттэй, шударга явуулдаг байхад Засгийн газраас анхаарч байгаагийн нэг илрэл нь улсын чанартай олимпиадуудад амжилт гаргасан оюутан залуучуудад ийм баталгаа олгож байгаа явдал юм. Та бүхэн энэ эрхийг өөрийн авьяас чадлаараа олж авлаа.
Одоо үр дүнг нь үзэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд дэлхийд нэр хүндтэй сургуульд мэргэжил эзэмшээд эх орндоо эргэн ирж ихийг бүтээхийг хүслээ. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдад Сургалтын төрийн сангаас 16 мянган ам.долларын тэтгэлэг үзүүлдэг. Харин дэлхийн топ 50 сургуульд суралцах эрх авсан оюутнуудын төлбөрийг энэ тоонд хязгаарлахгүй, тэтгэлгийг нь бүрэн олгоно. Энэ талаар асуудал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад үүрэг болголоо.
Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Корнеллийн их сургуульд элссэн МУИС-ийн математик, компьютерийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Э.Энхзаяад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сурах батламжийг нь гардуулсан юм. Мөн Засгийн газрын тэтгэлгээр өндөр хөгжилтэй орны 50 их сургуульд суралцах боломж олгосон захидлыг манлайлагч оюутнууд Ерөнхий сайдаас хүлээн авлаа.
Энэ жил ямар нэгэн шалтгаанаар сургуульд элсэж чадахгүй хоцорсон ч энэхүү батламж ирэх жил ч мөн хадгалагдана, тиймээс ийм сайхан боломжийг алдах эрх та бүхэнд байхгүй, хичээн суралцаарай гэж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэллээ. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх авсан, улсын олимпиадуудад эхний гурван байр эзэлсэн эдгээр 44 оюутан дэлхийн топ 50 их сургуульд хандан суралцах хүсэлтээ тавихад Засгийн газар ийн санхүүжилтийн баталгаа гаргаж өгч байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах авьяаслаг залуучуудад олгож буй том боломж гэдгийг уулзалтад оролцсон эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байсан юм.
Тухайлбал, АНУ-ын Корнеллийн их сургуульд элссэн Э.Энхзаяагийн ээж Ч.Баярмаа “Аав бид хоёр нь хүүгийнхээ ихийг сурах хүсэл эрмэлзэлд нь яаж дэмжлэг үзүүлэх вэ гэж их боддог байсан. Бид яаж хичээгээд ч дэлхийн том сургуулийн сургалтын төлбөрийг дийлэхгүй. Оюуны өндөр чадавхитай хүүхдүүдээ төр засгаас ийн дэмжиж, сургалтын төлбөрийг нь дааж байгаад маш их баяртай байна” гэж телевиз, сонины сэтгүүлч, сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө хэлж байлаа