Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов

Нийтэлсэн: - 2010/11/11 02:39 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов Монгол улсын Засгийн газар   Европын холбоотой  ойрын жилүүдэд хамтран ажиллах тухай  санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл  Европын холбооны 2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийг баталгаажууллаа.  Уг арга хэмжээ нь Европын холбооны элчин сайдууд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах уулзалтын хүрээнд болсон бөгөөд  Европын холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш, Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурлаа. Европын холбоо Монгол улсыг хамтын ажиллагааны чухал түншээ гэж үзэх болсны нотолгоо гэж албаны хүмүүс дүгнэж байв.

2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийн хүрээнд  хоёр талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт зориулж жилд таван сая евро зарцуулахаар төлөвлөсөн ба ингэснээр Монгол улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтын хэмжээ 2007-2011 оны үеийнхээс 40 хувиар нэмэгдэж байгаа юм байна. Арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд хэлсэн үгэндээ “ Монгол улс гуравдагч хөршийн үзэл баримтлалын хүрээнд Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн  төлөө эрмэлзэн ажилладаг.

Монгол улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлтийг  Европын холбоо болон гишүүн улсууд эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Монгол улсын  Засгийн газар болон монголын ард түмэн гүн талархаж байдаг.  Европын холбоотой  түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг энэ оны эцсээр байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.  Монгол улс Европын холбоотой бүх талаар хамтран  ажиллах нэг хэсэг ажил нь өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичиг байлаа. Ингэснээр Европын норм стандартыг Монголд нутагшуулах ажил бодитоор хийгдэж эхэллээ.   

Европын холбооноос үзүүлэх техникийн тусламж, мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр биднийг дэмжиж  хамтран ажиллах чиглэл тусгагдаж байгаа нь Монгол улсын Засгийн газрын дэвшүүлж байгаа хүсэл эрмэлзлэлийг дэмжиж байгаагийн нэг том илэрхийлэл юм” хэмээн тэмдэглэн хэллээ.

Уг хөтөлбөр нь хүний нөөцийн хөгжилд чиглэсэн үндсэн хоёр хөтөлбөрт зарцуулагдах юм.  Засаглал, ардчилал хүний эрх, институцын шинэчлэлд стандарт, хэм хэмжээг сайжруулах чиглэлээр төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр 8 сая еврогийн хөтөлбөр хэрэгжих бол, тогтвортой амьжиргааны хөгжил орон нутагт байгаль хамгаалах чиглэлээр мөн техник мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжихэд 7 саяыг зарцуулах ажээ.

Европын холбооны монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш уулзалтын төгсгөлд тэмдэглэн хэлэхдээ Монгол улс бий болж  буй  эдийн засгийн шинэ боломжуудаа  ашиглахад нь  дэмжлэг үзүүлэхийг Европын холбоо чухалчилж байгаа.  Энэ хүрээнд өнөөдөр нэн эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр   боловсон хүчин  бэлтгэхэд зориулж  хөтөлбөрийг  зориулах гэж байгаадаа баяртай байна гэлээ 

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах