Европын стандартыг Монголд нэвтрүүлэхтэй холбогдуулан БНУУ-аас хууль эрх зүйн дэмжлэг авахаар болов
БНУУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд тус улсын Улсын Хурлын дарга Катона Белатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг дурдав. Энэ бодлогын хүрээнд УИХ-ын байнгын хороодын шугамаар хамтын ажиллагааг эн тэргүүнд идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Тус улсын Ерөнхий сайд Байнаи Гордон Европын стандартуудыг Монголд нутагшуулах асуудлаар боломжтой дэмжлэг үзүүлэхээр болсон. Тиймээс үүнтэй холбогдуулан хууль эрх зүйн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын асуудлаар хийх хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад анхаарлаа хандуулахыг хүсэлт болголоо. Тухайн үед Европын стандартыг монголд нэвтрүүлэх зэрэг Европын холбоогоор дэмжүүлэх асуудлуудад анхаарч бэлдэхийг чухалчиллаа. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНУУ-ын Хурлын дарга Катона Бела хоёрын албан ёсны уулзалт амжилттай болж, худалдааны эргэлтийг бодитойгоор нэмэгдүүлэх, Европын стандартыг нэвтрүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн дэмжлэг авах, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн даатгалыг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
БНУУ-ын Хурлын дарга Катона Бела Ерөнхий сайд С.Батболдын тавьсан асуудлуудад дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийлэв. Цаашид хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Парламентын үүрэг оролцоо чухал болохыг өгүүлж байнгын хороодыг чиглэлээр нь идэвхтэй ажиллуулахад анхаарахаа илэрхийлэв. Мөн БНУУ 2011 онд Европын холбоог тэргүүлнэ.