Ерөнхий сайдад Дэлхийн банкны төлөөлөгчид бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дэлхийн Банкны Санхүү, хувийн хэвшлийн салбарын хөгжлийн газрын дэд ерөнхийлөгч Жанамитра Диван болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав. Ж.Диван Монгол Улс Дэлхийн банкны харилцаа, хамтын ажиллагаа хувийн хэвшлийн салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ерөнхий сайд Монгол Улс эдийн засгийн хямралыг хэрхэн давж байгаа үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулаад, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, цас зудын гамшиг, хот тэлэлт, орон сууц, дэд бүтэц, боловсролын асуудлуудыг цогцоор нь шийдэх зорилттой байгаа бөгөөд амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна гэв. Эдгээр асуудлыг шийдэхэд Монгол Улсын Дэлхийн Банк, ОУВС-тай нягт хамтын ажиллагаа чухал байгааг дурдав.
Мөн Монгол Улс хувийн хэвшлийг хөгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсны үр дүнд багагүй амжилтад хүрч, хувийн сектор эдийн засгийн хөдөлгөгч хүч болтлоо хөгжлөө, банкны салбарын хөгжил хувийн хэвшлийн хөгжилд чухал түлхэц үзүүлж байна, энэ салбар дахь Монгол Улс Дэлхийн банкны харилцаа, хамтын ажиллагаа сайн байгаа хэмээн дүгнэв. Ж.Диван Монголд хөрөнгийн зах зээлийг цаг алдалгүй хөгжүүлэхийн чухлыг онцлоод банк санхүүгийн салбарт Дэлхийн банк дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.