Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайдын ивээл дор Монголын эмэгтэйчүүд чуулж байна

Нийтэлсэн: - 2010/06/05 20:38 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Ерөнхий сайдын ивээл дор Монголын эмэгтэйчүүд чуулж байна Монгол орныхоо өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй эмэгтэйчүүд Төрийн ордонд хоёр дахь өдрөө чуулж байна. Тэд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Эмэгтэйчүүд-хүний хөгжил” сэдэвт Монголын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны дарга С.Батболд чуулганыг нээж хэлэхдээ “Монгол хүн бүр ажилтай, тогтмол орлоготой байх нь төр засгийн хамгийн чухал стратегийн зорилтын нэг.

Засгийн газар энэ  зорилгоор эдийн засгийн өсөлтийг хангах,  жижиг дунд үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Манай улс уул уурхайн баялагтаа түшиглэн Оюутолгой, Тавантолгойн зэрэг ордуудыг ашиглаж эхлэх, алт, зэс, төмөр, барилгын материалын томоохон үйлдвэрүүд, авто зам, төмөр замын, эрчим хүчний том сүлжээнүүдийг байгуулах зааг дээр ирээд байна. Эдгээр уул уурхайн баялгаас олсон хөрөнгийг эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийнхээ хөгжилд зарцуулах ёстой” гэлээ.

Мөн тэрбээр “Эхчүүд та бид үр хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшил, гэр бүлийн хөгжил, үнэт зүйлсийн талаар зөвхөн ярих төдий биш төрийн бодлогод онцгойлон тусгаж шат дараатай арга хэмжээ авах  шаардлагатай болсон. Тиймээс гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудлаар Төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах агентлаг бий болгож ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа энд онцлон дурдъя” гэсэн юм. Үүний дараагаар үндэсний чуулганд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын даргын илгээлтийг төлөөлөгчдөд уншиж сонсголоо.

Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү чуулганы төлөөлөгчид Монголын эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдал, хүний хөгжил, эдийн засаг, хөгжих эрхийн хэрэгжилт, нийгэм, соёлын хөгжил, нийгмийн төлөвшил, ардчилсан засаглал, улс төрийн оролцоо зэрэг олон талт асуудлаар үндсэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Тэд чуулганаас гарах баримт бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Улс төрийн намын удирдлагуудад хүргэх юм байна.

“Эмэгтэйчүүд- хүний хөгжил” Монголын эмэгтэйчүүдийн үндэсний чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний зориг эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний сүлжээ зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах